Зургаан настай Үүрийнцолмон охин Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг. Түүний эцэг эх нь малчид бөгөөд тэднийх амьжиргааны гол эх үүсвэр болсон малдаа бэлчээрийн сайныг хайн жилдээ 3-4 удаа нүүдэллэдэг.
Ингэж нүүдэллэж амьдардаг учраас эцэг эх нь Үүрийнцолмонг цэцэрлэгт явуулах боломжгүй байсан юм. Энэхүү төслийн тусламж ирэхийг хүртэл тэд охиноо сургуульд ороод бусад хүүхдүүдээс хоцрох вий гэж их санаа зовнидог байсан юм.
Хүүхдийнхээ анхны багш
2013 оны 11 сард Үүрийнцолмон охин гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан юм. Энэ хөтөлбөр нь хүүхдүүдэд “зөөврийн” ном болон тоглоомын багцыг өгдөг. Хүүхдүүд сумын сургуулийн номын сангаас олгодог ном тоглоомын багцыг гэрлүүгээ авч явж хэрэглэдэг. Мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдэд ном тоглоомын багцыг ашиглан, хүүхдийнхээ сурахад нь хэрхэн туслах талаар сургалт явуулдаг. Тухайн гэр бүл авсан багцаа ашиглаж дууссаны дараа түүнийгээ номын санд буцааж өгөөд, дараагийн шинэ багцыг авч ашигласаар нийт 10 багцыг ашиглаж сурдаг байна.
Үүрийнцолмон багцын савнаас нэгэн номыг гаргаж аваад баяртайгаар “Энэ том ном нь минийх” гэж хэлж байна. “Манай аав ээжид “Та өөрөө багш” гэдэг жижиг номыг өгсөн. Би энэ номноос их олон юм сурсан!”
Үүрийнцолмонгийн эцэг эх нь гэртээ түүний багш нь гэсэн үг юм.
“Зөвхөн миний охин сурах биш би ч бас их зүйл сурсан,” гэж Үүрийнцолмонгийн ээж ярьж байна. “Охин дүү нь 4 жилийн дараа сургуулийн насанд хүрнэ. Энэ удаад хуримтлуулсан туршлагаараа би бага охиноо сургаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.”
Үүрийнцолмонгийн аав П.Анхболд ч мөн адил энэ хөтөлбөрийн ач тусыг мэдэрчээ. “Энэ хэлбэрээр хүүхэдтэйгээ ажиллаж чадвал та хүүхэдтэйгээ харилцаж сурдаг юм байна. Гэр бүлийн маань харилцаа гүнзгийрч байна” гэж тэрээр хэлэв.
Үүрийнцолмонгийн хамрагдсан гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх энэ хөтөлбөр бол Монгол улсын алслагдсан хөдөө орон нутгийн малчдын 6-10 насны хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилготой том төслийн нэгээхэн хэсэг юм. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны “Японы нийгмийн хөгжлийн сан”-гийн дэмжлэгтэй 4 аймгийн 30 суманд хэрэгжиж байна.
Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь алслагдсан орон нутагт боловсролын үйлчилгээг сайжруулж, эцэг эх болон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд суурилсан, нутгийн соёл заншилд нийцтэй шинэ санал санаачлагуудыг туршин хэрэгжүүлж байна.