Сорилт
Гурав орчим сая хүн амтай Монгол Улс нь 2010 оны байдлаар 43 сая гаруй толгой малтай байв. Мал аж ахуйн салбар нь Монголын нийгэм, эдийн засгийн тулгуур нь байж ирсэн бөгөөд тус улсын нийт хүн амын 35 хувийн амьжиргааны гол эх үүсвэр нь болж байна. 2010 оны нийт экспортын 10 хувь нь мал аж ахуйн салбартай холбогдох бараа бүтээгдэхүүн эзэлж байсан бөгөөд энэ нь зөвхөн уул уурхайн салбарын экспортын дараа орж буй үзүүлэлт юм.
Хэдий ийм боловч хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх гарцаагүй шаардлага тулгарч байна. 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоо руу шилжихэд хөдөө аж ахуйн анхдагч үйлдвэрлэл, хүнс үйлдвэрлэл, хөдөөгийн аж байдалд урт хугацаанд үргэлжилсэн сөрөг нөлөөллүүд нэгэнт буй болохын зэрэгцээ институцын болон мал аж ахуйн үйлчилгээний тогтолцоо ноцтойгоор суларчээ. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн сул хөгжил, зах зээлийн хүртээмжтэй бус байдлын улмаас малчдын орлого бага төдийгүй баталгаагүй байж ирсэн. 2011 оны статистикаар хөдөөгийн хүн амын даруй 33 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай байв. Иймээс ХАА-н түүхий эдийн нийлүүлэлтийн тогтолцооны салангид байдлыг шийдэх зорилгоор зах зээлийн баримжаатай, стратегийн шинжтэй шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлага тулгарсан.
Арга зам
Даян дэлхийн хөдөө аж ахуй хүнсний аюлгүй байдлын хөтөлбөрийн санхүүжилтээр Дэлхийн Банк, Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамны хамтран хэрэгжүүлсэн Хөдөө аж ахуйн маркетинг төсөл (LAMP) нь мал аж ахуйн салбарын ашиг шим, бүтээмжийг дээшлүүлэх, малчдад зах зээлийг ойртуулж зах зээлд оролцох байдлыг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн баазыг төрөлжүүлэх замаар хөдөөд амьжиргааг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бататгах зэрэг зорилготой байв.
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн нийт 15 сумд 2013-2017 онд хэрэгжсэн тус төсөл нь малын үүлдэр угсааг сайжруулах замаар ашиг шим, зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлж хамтын ажиллагааны түншлэл бий болох үндэс суурийг тавьсан .
Малаа зах зээлд борлуулахдаа багагүй бэрхшээлтэй тулгардаг малчдыг мах боловсруулах болон экспортлогч үйлдвэр, компаниудтай шууд холбож хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, малчдыг хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжтэй хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх , малын үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх, малаа тэжээх, өвс тэжээл бэлтгэх зэргээр мал аж ахуйг зохистой эрхлэх арга дадал олгох чиглэлээр малчдыг сургаж чадавхижуулах зэргээр дэмжлэг үзүүлсэн нь дээрх үр дүнд хүрэхэд нөлөөлсөн байна.
(Төслийн хүрээнд мал эмнэлгийн вакцины хүйтэн хэлхээ, түүний стандарт ажиллагааны заавар, мах, сүүний шинжилгээ хийх чиглэлээр 110 мэргэжилтэнд зохион байгуулсан сургалт Зургийг: ХААМТ хэрэгжүүлэх нэгж)
Төслийн санхүүжилтээр хэрэгжсэн дэд төслүүдийн үр дүнд хоршоод болон хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт хийх сэдэл санаачилга нэмэгдсэн байна.
Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарихад нь зориулан 10,000 хүртэлх ам.долларын бичил санхүүжилтийг эмзэг бүлгийн өрхүүдэд буцалтгүйгээр олгосон нь орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг нь сайжруулахад чухал дэмжлэг болж байв. .Үүний зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнийг зах зээлтэй холбоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 150,000 хүртэлх ам долларын Оролцоот санхүүжилттэй дэд төслүүдийг санхүүжүүлж, мах сүү, ноос ноолуурын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түншлэлийг дэмжсэн.
Үр дүн
Малчин өрхүүдийн орлого тодорхой хэмжээнд өсөж, амьжиргаа дээшилсэн нь төслийн гол амжилтуудын нэг байв. 2014-с 2017 онд гарсан, доорх үндсэн үр дүн нь дотоод болон хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажсан байна:
- Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд төсөлд хамрагдсан малчин өрхүүдийн мал аж ахуйгаас олох орлого дунджаар 3 сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн бол газар тариалангаас 150 мянган төгрөгийн нэмэлт орлого олж байсан нь эдгээр өрхүүдийн орлого 80 болон 90 орчим хувиар тус бүр нэмэгдсэн; .
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн албан ёсны компаниудаар дамжин гэрээний дагуу борлуулах сүлжээ нэмэгдэж, нийт борлуулалтад эзлэх хувь хэмжээ нь мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан 30-50 хувь болж өссөн байна.
- Малчид мал сүргийнхээ тоо толгой, чанарыг дээшлүүлж чадсан байна. Жишээ нь, Цөм сүргийн үржлийн төв (ЦСҮТ)-өөс хийсэн судалгаагаар төсөлд хамрагдсан өрхүүдийн нэг ямаанаас авах ноолуурын хэмжээ 260 г-аас 400 г болж өссөн байна. Үүгээр зогсохгүй, малын үүлдэр угсааг сайжруулсны үр дүнд ноолууран ширхэгтийн микрон нарийсч, 16.5 микроноос 14.8 микрон болж чанаржсан байна. Сүүний үйлдвэрлэл 33.1 хувиар, ноос бэлтгэл 21.6 хувиар тус тус өссөн байна.
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох мах, сүүний өрхийн хэрэглээ өсөхийн зэрэгцээ өрхүүдийн хүнсний хэрэглээ илүү төрөлжиж, хүнсний ногоог тогтмол хэрэглэх, жимс, тахианы мах хэрэглээнд нэвтрэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Төслөөс хийсэн өрхийн судалгааг харвал адууны мах, сүүний хэрэглээ 14 болон 11 хувиар тус тус өссөн бол лууван болон чацарганы хэрэглээ дундаж өрхийн хувьд 25 хувиар өссөн байна. Эмзэг өрхүүдийн дээрх бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ 14 хувь, 5.9 хувь, 16.6 хувь болон 10 хувиар тус тус өссөн болохыг судалгаагаар мөн тогтоожээ.
(Малчид төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах сургалтанд хамрагдаж байгаа нь. Зургийг: ХААМТ хэрэгжүүлэх нэгж)
- Малын тэжээл, мал үржлийн ажил үйлчилгээг (цөм сүрэг) сайжруулах бизнесийн загваруудыг төсөл боловсруулан гаргасанаар малын ашиг шим, чанарыг дээшлүүлэхэд бодитойгоор нөлөөлсөн. Малын үржүүлэг селекц, малын эруул мэнд, малын тэжээл, тэжээллэгийн чиглэлээр сумдуудад хийгдэж буй ажлын уялдаа холбоог хангахад төсөлдэмжлэг үзүүсэн бөгөөд улмаар үндэсний түвшинд хэрэгжих бодлого стратегид , тухайлбал 2017 оны сүүлээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудад тусгалаа олсон байна
- Төсөл 5 аймаг, 15 сумын мал эмгэлэг, үржлийн тасаг болон лабораториудыг сайжруулан шинэчилж 40 хувийн мал эмнэлгийн нэгжид дэмжлэг үзүүлэн ажиллахын зэрэгцээ малын вакциныг зөв горимоор нийлүүлэх хүйтэн хэлхээг 15 сумд байгуулж, хорио цээрийн хяналтын постын байрыг 6 байрлалд шинээр байгуулсан байна. Эдгээр хөрөнгө оруулалтууд нь малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо, дэд бүтэц, лабораторын үйлчилгээг сайжруулахад чухал дэмжлэг болсон байна.