Тулгамдсан асуудлууд
Монгол улсын нийт хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь мал маллаж уламжлалт гэртээ амьдарч байна. Шинэ мянганы эхэн үеийн байдлаар Монгол улсын нэг хүнд ногдох жилийн орлого 470 ам.доллар гэсэн тооцоо гарсан бөгөөд малчдын орлого үүнээс ч бага байсан. Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчин ахуйдаа лаа эсвэл дэнлүү хэрэглэж байсан.
2000 онд, Монгол улсын Засгийн газраас “100 000 Нарны гэр” үндэсний хэмжээний цахилгаанжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд малчин өрхүүдийг тэдний нүүдлийн амьдралын хэв маягт тохирсон зөөврийн нарны цахилгаан үүсгүүрээр хангасан. Монгол улсын Засгийн газраас 2005 оны байдлаар хэд хэдэн хандивлагч орнуудын буцалтгүй тусламжын ачаар 30,000 өрхөд нарны цахилган үүсгүүр олгосон байсан.
Ийнхүү арга хэмжээ авсан хэдий ч, малчин өрхүүдийг эрчим хүчээр хангах ажил удаашрах хандлагатай байлаа. Засгийн газар тавьсан зорилтонд хүрэхийн тулд тус хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхээс гадна, хөтөлбөрийн хамрах цар хүрээг тэлэх шаардлагатай гэдгийг ойлгосон.
Хандлага
2006 онд, Дэлхийн банкны зүгээс “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-өөр дамжуулан Монгол Улсын Засгийн газрын малчин өрхийг цахилгаан үүсгүүрээр хангах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх болсон.
Дэлхийн банк хөдөөгийн цахилгаан хангамжийн чиглэлээр бусад улс орнуудад хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийн туршлага дээр үндэслэн хөтөлбөрийг Монгол улсын онцгой нөхцөлд нийцүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хөтөлбөрийн загварт зарим өөрчлөлтүүдийг оруулж сайжруулсан.
“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл” нь малчидтай өртөг хуваалцах механизмыг нэмж оруулсан нь хөтөлбөрийн хүрээг амжилттайгаар тэлэхэд нөлөөлсөн. Малчид нарны цахилгаан үүсгүүрийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч харин төслийн зүгээс ихээхэн хэсгийг төлөх зохицуулалтыг хийсэн.
“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн чиглэлээр худалдаалагдсан төхөөрөмжийн чанарыг шалгаж, чанар, стандартын баталгаа гаргах болсноор малчид илүү итгэлтэйгээр худалдан авалт хийх нөхцлийг бүрдүүлсэн.
Улсын хэмжээнд, малчин өрх төхөөрөмжийг худалдан авсны дараах аливаа засвар, үйлчилгээг хариуцаж малчдад ойр үйлчилгээг хүргэх зорилго бүхий нийт 50 Борлуулалт, үйлчилгээний төвийг үүсгэн байгуулсан.
Үр дүн
- 2006-2012 онд аймаг тус бүрт хүрч үйлчилснээр 67,000 гаруй нарны цахилгаан үүсгүүр худалдаалагдсан. Үүний үр дүнд, Монгол улсын малчдын 60-70 хувийг хамарсан хагас сая малчин хүн ахуйдаа цахилгаан хэрэглэх боломжтой боллоо.
- Улсын хэмжээнд 50 буюу 21 аймаг тус бүрт нэг буюу түүнээс дээш борлуулалт, үйлчилгээний төв байгуулагдсан.
- Эдгээр Борлуулалт, үйлчилгээний төвүүд малчдад хэрэгцээтэй бусад цахилгаан бараа, хэрэгслүүдийг давхар худалдаалдаг.
- Цахилгаан үүсгүүртэй болсноор малчид өнөөдөр радио сонсож, сателлит тавгаар зурагт үзэх, утсаа цэнэглэж, улмаар бүтээгдэхүүний зах зээлийн үнийн мэдээллийг авах, дэлхий ертөнцтэй холбогдох боломж бүрдсэн. Өрх бүр цахилгаан гэрэлтэй болсноор хүүхдүүд оройн цагаар ном уншиж, хичээлээ хийх боломжтой болсон.
- Төслийн хүрээнд 30 сумын цахилгаан түгээх системийг нөхөн сэргээж, өндөр өртөгтэй дизелийн түлшний хэрэглээг багасгах зорилгоор 15 сумд Сэргээгдэх эрчим хүчний технологийн холимог системийг суурилуулсан.
- Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг сайжруулах зорилтын хүрээнд 400 хүнийг сургалтанд хамруулсан.