Skip to Main Navigation
publication 2021.3.26

‘Жигд бус сэргэлт’ – Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэнтойм

Image

Фото зураг: Pramote Polyamate / Getty Images





Голлох дүгнэлтүүд

Ялгаатай байдал

Бүс нутгийн эдийн засаг 2020 онд тохиосон эдийн засгийн хүчтэй цочролын дараа сэргэж эхэллээ.

  • Гэхдээ, 2020 онд Хятад болон Вьетнам улсууд л гагцхүү V-хэлбэрийн сэргэлтийн  замд орж, эдийн засаг нь КОВИД-19-ийн өмнөх түвшнийг даваад байна.
  • Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байгаа бөгөөд энэхүү зөрүү нь Индонез улсын хувьд хамгийн бага (2.2 хувь), харин Филиппин улсад хамгийн их (8.4 хувь) байв.
  • Арлын зарим жижиг эдийн засагтай орнуудад эдийн засгийн агшилт илүү хүчтэй, байнгын шинж чанартай байсан бөгөөд 2020 онд Фижи, Палау болон Вануату улсын өсөлт цар тахлын өмнөх түвшнээс даруй 10 гаруй хувиар доогуур байлаа.

Ядуурал нэмэгдэж, тэгш бус байдал газар авлаа

Эдийн засгийн хямралын улмаас тус бүс нутагт ядуурал сүүлийн 20 жилд анх удаа буураагүй бөгөөд 32 сая хүн ядуурлаас гарах боломжоо алдаад байна.

Өвчин эмгэг, үүнээс үүдэлтэй зогсонги байдал, мөн түүнчлэн, нийгмийн халамж болон дижитал технологийн тэгш бус хүртээмжээс шалтгаалан тэгш бус байдал нэмэгдэв.

  • Материаллаг болон хүмүүн капиталын хорогдол нь ядуу хүмүүсийн хувьд илүүтэй хүнд ажиглагддаг. Зарим улс орнуудын хувьд, амьжиргааны түвшнээрээ хүн амын доод 40 хувьд хамаарах өрхүүдийн хүүхдүүдийг амьжиргааны түвшин дээгүүр 20 хувьд хамаарах өрхийн хүүхдүүдтэй харьцуулахад сурч боловсрох боломж нь 20 хувиар доогуур байна.
  • Эмэгтэйчүүд илүү их хүчирхийлэлд өртөж байна: БНАЛАУ-д судалгаанд оролцогчдын 25 хувь, Индонезид 83 хувь нь КОВИД-19-ийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл улам бүр дордсон гэж хариулжээ.
  • Томоохон компаниуд борлуулалтынхаа дөрөвний нэгийг алдсан бол бичил аж ахуйн нэгжүүд борлуулалтынхаа гуравны нэгийг алджээ. Жижиг аж ахуйн нэгжүүд цахим шинэ боломжуудын давуу талыг ашиглах боломж багатай байна.

Ялгаатай байдлаас сэргэлт рүү гурван өөр хурдаар

  • 2021 онд Хятад болон Вьетнамын өсөлт тус тус 8.1 ба 6.6 хувь байх төлөвтэй байна. Эдгээр улсуудын хувьд хямралын сөрөг нөлөө харьцангуй бага байсан тул КОВИД-19-өөс өмнөх үеийн төлөвтөө илүү хурдан шилжихээр байна.
  • Бүс нутгийн бусад улс орнуудын эдийн засаг дунджаар 4.4 орчим хувиар өсөх ба хямралын өмнөх үеийн өсөлтөөс 0.4 нэгж хувиар бага байх төлөвтэй байна. Хямралын гүн гүнзгий ул мөрөөс шалтгаалан КОВИД-19-ийн өмнөх үеийн төлөвтөө ойртох явц нь удааширч байна.
  • Жижиг улс орнуудын хувьд, ялангуяа аялал жуулчлалаас хамааралтай арлын эдийн засагтай орнуудад сэргэлт удааширч, шууд утгаараа цар тахалд бага нэрвэгдсэн хэдий ч, эдгээр улс орнуудын хагас нь сөрөг өсөлттэй байх төлөвтэй.

Сэргэлтэд нөлөөлөх гол хүчин зүйлс

Илүү хурдтай сэргэж буй улс орнууд:

  • Урт хугацаанд хөл хорио тогтоохын оронд, хатуу хөл хорионоос шинжилгээнд суурилсан илүү үр дүнтэй стратеги руу эрт шилжих замаар КОВИД-19-ийн халдварыг үр дүнтэйгээр тогтоон барьсан (вакцинжуулалт одоохондоо тус бүс нутгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна),
  • Аялал жуулчлалын орлогоос хэт хамааралгүй байсны зэрэгцээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ялангуяа цахилгаан барааны худалдаа сэргэж буй давуу талыг ашигласан,
  • Засгийн газрууд нь бодлогын хангалттай орон зайтай байсан тул төсөв, мөнгөний томоохон дэмжлэг үзүүлж чадсан байна.

АНУ-ын төсвийн дэмжлэг нь сэргэлтийг дэмжсэн бол вакцинжуулалт удааширч байгаа нь өсөлтийг сааруулагч болж байна

  • АНУ-ын авч хэрэгжүүлсэн сэргэлтийг дэмжих багц хөтөлбөр нь 2021 онд тус бүс нутгийн улс орнуудын өсөлтийг дунджаар 1 нэгж хувиар нэмэгдүүлж, сэргэлтийг дунджаар нэг улирлаар дөхүүлэх боломжтой.
  • Гэхдээ вакцины хэрэгцээ, нийлүүлэлт хоорондын зөрүү болон хүчин чадлын хязгаарлагдмал байдал нь вакцинжуулалтыг удаашруулж, зарим улс оронд өсөлт 1 нэгж хувиар буурч болзошгүй байна.

Бодлогын тэргүүлэх чиглэл

КОВИД-19-ийг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагаа

  • Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтыг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, харин хөгжиж буй улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байна. Үүний зэрэгцээ илүү хурдтай халдварладаг, дархлааг дарангуйлах боломжтой вирусийн шинэ хувилбарууд (VOC) хүлээгдэж буй үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • Индонез, Филиппин зэрэг COVID-19-ийг хяналтдаа авч чадаагүй улс орнуудад вакцинжуулалтыг түргэвчлэх нь нэн чухал байна. Харин, COVID-19-ийг бүрэн арилгахаар зорьж хяналтдаа авч буй Хятад, Вьетнам зэрэг улс орнуудын хувьд, хүн амаа вакцинжуулах илүү оновчтой стратеги боловсруулах орон зай бий.
  • Вакцинжуулалт нь ихэнх улс оронд вирусийн халдварыг бүрэн таслан зогсооход хангалтгүй тул Засгийн газрууд вакцины үр нөлөө, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эмийн бус бусад арга хэмжээ, ялангуяа шинжилгээ авах, хавьтлыг тодорхойлох, тусгаарлах арга хэмжээгээ илүү сайжруулах нь зүйтэй.

Маргаашийн тогтворгүй байдлыг бий болгохгүйгээр өнөөдрийн сэргэлтийг дэмжих нь

  • Төсвийн бодлого нь тусламж, сэргэлт болон өсөлтийг дэмжих гэсэн гуравласан үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн  олон улс оронд улсаас олгож буй дэмжлэг нь иргэд, ААН-үүдийн орлогын алдагдлыг бүрэн нөхөхөд хүрэлцэхгүй, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн санхүүжилт нь дотоод эрэлтийн уналтыг нөхөхгүй байгаа бөгөөд төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийг сэргээх арга хэмжээнд чухал хүчин зүйл болж чадахгүй байна. Үүний зэрэгцээ, Засгийн газрууд ДНБ-ийхээ бараг 10 хувьтай тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлж буй тул улсын өр ДНБ-ий 7 хувьтай тэнцэх хэмжээгээр өсөөд байна.
  • Бүс нутгийн улс орнуудын Засгийн газрууд зардлаа илүү үр ашигтай болгох боломжтой. Жишээлбэл,  хямралын үед орлого нь буураагүй өрх болон компаниуд алдагдалд орсон өрх, компаниудын нэгэн адил тусламж авах боломжтой байна. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага сайтай улс орнуудад төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж даруй 4 дахин өндөр байдаг.
  • Засгийн газрууд зардлаа танах, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэй ирээдүйд сахилга, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг итгэл төгс хийх боломжтой. Тэд мөн, үрэлгэн, регрессив зардлыг бууруулах үүрэг хүлээж болно.  Шатахууны татаас нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн томоохон улс орнуудын ДНБ-ий 0.25-1.3 хувьтай дүйцдэг.
  • Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад зээлийн бодит хүү нь эерэг, заавал байлгах нөөцийн шаардлага харьцангуй өндөр, инфляцын түвшин доогуур байгаа тул эдийн засгийг сэргээхэд мөнгөний бодлогыг эдгээр улс орнууд үргэлжлүүлэн ашиглах боломжтой.

Өсөлт, эсхүл ядууст хор хөнөөл учруулахгүйгээр ногоон хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх

  • Тус бүс нутаг нь хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхэд гол нөлөө үзүүлдэг бөгөөд 2000 оноос хойших хугацаанд ялгаруулалт даруй 3 дахин нэмэгдэж, дэлхийн нийт хүлэмжийн хийн бараг гуравны нэгийг бүрдүүлж байна. Бүс нутаг нь, үүний сацуу уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг ч амсаж байна. Гэхдээ, хүлэмжийн хийн ялгаруулалт багатай үйлдвэрлэл эрхлэхийн тулд хэрэглээ болон үйлдвэрлэлийн хэв маягаа ихээхэн өөрчлөх шаардлагатай тулгарна. Хятад улсын авч хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын гурван арга хэмжээ тус бүрийн нэг нь уур амьсгалд ээлтэй байгаа бол, Индонез болон Филиппин улсын хувьд таван арга хэмжээ тутмын нэг нь л гагцхүү уур амьсгалд ээлтэй байна.
  • Бодлого боловсруулагчид дараах арга хэрэгслийг хамтатган ашиглаж болно: (i) чулуужсан түлш болон эрчим хүчний татаасыг халах, (ii) нүүрстөрөгчийн үнийн тохиргоо хийх, (iii) инновац болон хүлэмжийн хий бага ялгаруулдаг дэд бүтцэд оруулах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, (iv) эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, газар ашиглалт, хот төлөвлөлт зэрэг эдийн засгийн гол салбаруудад хүлэмжийн хий бага ялгаруулахад чиглэсэн бодлогын шинэчлэл хэрэгжүүлэх.
  • Хүлэмжийн хий бага ялгаруулдаг эдийн засагт шилжихдээ үүний зардлыг шударгаар хуваарилах алхмуудыг мөн хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, нүүрстөрөгчийн тохиргоо хийгдсэн үнээс бий болсон орлогыг эдийн засагт эргүүлэн ашиглаж нүүрстөрөгчийг бууруулахад гаргасан зардалд татаас олгох, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөдөлмөр, хэрэглээ, ашгийн татвар зэрэг бусад гажуудлыг бууруулах боломжтой.

Олон улсын хамтын ажиллагааг үндэсний зоримог үйл ажиллагаатай уялдуулах

  • Вакцин болон шинжилгээний сорьц зэрэг эмийн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажуулалтын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдгээрийн хуваарилалтыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэх КОВИД-19-ийг тогтоон барих, түүний шинэ хувилбаруудын тархалтыг бууруулахад тус дөхөм үзүүлнэ.
  • Зарим Засгийн газрууд өсөлтийг дэмжих хөшүүргийг дутуудуулах талтай байдаг тул төсвийн бодлогын тал дээр уялдаатай ажилласнаар дэлхийн хэмжээнд хамтын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.    
  • Хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаанаас гадна олон улсын тусламж нь хөгжиж буй улс орнуудад өөрсдийн хязгаарлагдмал нөөц бололцооноос илүү лавтай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахад нь тус дөхөм үзүүлэх болно.

Даян дэлхий нийтийн гурван бараа, үйлчилгээнд Хятад улсын оруулах хувь нэмэр

Шинжилгээний тоног төхөөрөмж, амны хаалт болон вакцины үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэх замаар цар тахалд хяналт тавихад; хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн хөшүүргээр дамжуулан дэлхийн эдийн засгийн сэргэлтэд; уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр илүү тууштай арга хэмжээ авах замаар ногоон ертөнцийг цогцлооход Хятад улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Аль ч тохиолдолд илүү аюулгүй ертөнцөд хилээ нээх; илүү тэнцвэртэй дотоодын өсөлтийг бий болгох; уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дотоодын сөрөг үр дагаврыг бууруулах нь Хятад улсад өөрт нь мөн өгөөжтэй байх болно.