Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2024.10.08

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг: Тогтворгүй цаг үеийн тогтвортой өсөлт

Вашингтон хот, 2024 оны 10-дугаар сарын 7- Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутгийн эдийн засаг 2024 онд дэлхийн бусад орнуудаас илүү хурдтай өсөж буй хэдий ч цар тахлын өмнөх үеийнхээс удаан, өөрийн эдийн засгийн боломжоос доогуур өсөлттэй байгаа талаар Дэлхийн Банкнаас хагас жил тутам эрхлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тоймд дурджээ.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2024 онд 4.8 хувиар тэлэх хэдий ч өсөлтийн хувь 2025 онд 4.4 хувь болж буурах төлөвтэй байна. Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн өсөлт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сул байдал, хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэл сул, түүнчлэн хүн амын хөгшрөлт, дэлхий дахины зөрчил мөргөлдөөн зэрэг бүтцийн сорилт, бэрхшээлээс үүдэн энэ онд 4.8 хувь, 2025 онд 4.3 хувь болж саарах төлөвтэй байна. Бүс нутгийн бусад эдийн засгийн өсөлт 2024 онд 4.7 хувь, 2025 онд 4.9 хувь байх төлөвтэй байгаа ба дотоодын хэрэглээг нэмэгдэх, бараа, бүтээгдэхүүний экспорт сэргэх, аялал жуулчлал нэмэгдэх зэргийн ашиг тусыг хүртэхээр байна. Номхон далайн арлын орнуудад аялал жуулчлал сэргэснээр, эдийн засаг нь 2024 онд 3.5 хувь, 2025 онд 3.4 хувиар өсөх төлөвтэй байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро “Дотоодын болон геополитикийн сорилт, бэрхшээлтэй тулгарч буй ч тус бүс нутгийн эдийн засаг гайхалтай өсөлтийг үзүүлсээр байна" хэмээгээд "Гэхдээ өсөлтийг тогтвортой хадгалахын тулд улс орнууд гацаад буй шинэчлэлийн бодлогоо сэргээж, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай" гэв.    

Эдийн засгийн тоймд бүс нутгийн өсөлтөд нөлөөлж буй гурван хүчин зүйлийг онцолжээ. Сүүлийн 30 жилийн турш Хятадын өсөлт хөрш орнууддаа ашигтайгаар тусч ирсэн боловч одоо энэ түлхэц улам бүр саарч байна. Хятадын эдийн засгийн өсөлт нэг хувиар удаашрах нь ЗАНД-н бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлт 0.14-0.21 нэгж хувиар буурахад хүргэж болзошгүй юм.

Хоёрт, Вьетнам зэрэг улс орнууд дэлхийн геополитикийн хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр худалдааны томоохон түншүүдээ “холбож байсан”-ы ашиг тусыг хүртэж ирсэн ч ийм үүрэг гүйцэтгэх цар хүрээ цаашид хумигдаж болзошгүй юм. Вьетнамаас АНУ руу экспортолсон барааны эргэлт 2018-2021 онд бараг 25 хувиар өсөж, бүтээмж, ажил эрхлэлт ч нэмэгдсэн. Гэсэн хэдий ч тус бүс нутгийн эдийн засаг улам бүр "нэг талын холбогч"-ийн үүрэг гүйцэтгэхэд хүрч магадгүй юм. Хятадын хөрөнгө оруулалт давамгайлдаг улс орнуудын АНУ-ын нийт импортод эзлэх хувь нэмэгдсэн боловч АНУ-ын хөрөнгө оруулалт давамгайлдаг орнуудын Хятадын нийт импортод эзлэх хувь буурсан байна.

Гуравт, гадаад эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал, тухайлбал, АНУ-ын сонгуулийн улмаас төсвийн болон худалдааны бодлогын тодорхойгүй байдал нэмэгдсэн нь ЗАНД-н бүс нутаг дахь аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон хувьцааны үнийг 0.5 хувь, 1 хувь хүртэлх хэмжээгээр тус тус бууруулж болзошгүй юм.

Тус тайлангийн тусгайлсан бүлэгт аж үйлдвэрлэлийн зориулалттай робот, хиймэл оюун ухаан, дижитал платформ зэрэг шинэ технологийг ашиглан тус бүс нутагт хөдөлмөрийн шинэ боломжуудыг хэрхэн цогцлоож байгааг харуулсан шинэ эмпирик судалгааг толилууллаа. Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 5 орон (ASEAN)-д 2018-2022 оны хооронд аж үйлдвэрийн салбарын роботуудыг ашиглаж үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийг тэлэх замаар албан салбарын 2 сая ур чадвартай ажилчид (нийт ур чадвартай ажилчдын 4.3 хувь)-ыг ажлын байраар хангасан байна. Харин ингэснээр албан салбарын ур чадвар багатай 1.4 сая ажилчдын (3.3 хувь) ажлын байрыг дээрх роботууд орложээ.

ЗАНД-н бүс нутагт гар ажиллагаанд суурилсан ажил хөдөлмөр давамгайлдаг тул өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн тооны ажлын байрыг хиймэл оюун ухаан орлох эрсдэлтэй байна. Нөгөөтээгүүр, тус бүс нутаг дахь ажлын байрны ердөө 10 хувьд нь л хиймэл оюун ухаантай хослуулан хөдөлмөр эрхлэх боломжтой байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудын 30 хувь гэсэн үзүүлэлтээс доогуур байгаа тул тус бүс нутаг хиймэл оюун ухааны бүтээмжийн давуу талыг ашиглах боломж сул байна.

Дэлхийн нээлттэй худалдаа, эдийн засаг, хөдөлмөрт түлхүү суурилсан үйлдвэрлэлийн арга хэлбэр зэрэгт түшиглэж ирсэн Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн загварт дэлхийн дахины худалдааны хориг, шинэ технологи эрсдэл дагуулж байна” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Аадитяа Маттоо хэлэв. Тэрээр мөн “Үүний хариуд авч болох хамгийн сайн бодлогын арга хэмжээ бол гадаад худалдааны хэлэлцээрүүдийг гүнзгийрүүлэх, хөдөлмөр эрхлэгчдийн ур чадварыг сайжруулж шинээр нэвтэрч буй технологийг ашиглах, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хийх уян хатан байдлыг нь нэмэгдүүлэх явдал юм” гэв.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2025/21/EAP

Холбоо барих

Гийтанжали Чопра
+1(202) 288929
Нган Нгуен
+1 (202) 725 2913

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image