Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2024.10.08

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг: Тогтворгүй цаг үеийн тогтвортой өсөлт

Вашингтон хот, 2024 оны 10-дугаар сарын 7 – Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутгийн эдийн засаг 2024 онд дэлхийн бусад орнуудаас илүү хурдтай өсөж буй хэдий ч цар тахлын өмнөх үеийнхээс удаан байгаа талаар Дэлхийн Банкнаас хагас жил тутам эрхлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тоймд дурджээ.

Дэлхийн Банкны таамгаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2024 онд 4.8 хувиар тэлэх ч өсөлтийн хувь 2025 онд 4.4 хувь болж буурах төлөвтэй байна. Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн өсөлт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сул байдал, хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэл сул, түүнчлэн хүн амын хөгшрөлт, дэлхий дахины зөрчил мөргөлдөөн зэрэг бүтцийн сорилт, бэрхшээлээс үүдэн энэ онд 4.8 хувь, 2025 онд 4.3 хувь болж саарах төлөвтэй байна.

Бүс нутгийн бусад эдийн засгийн өсөлт 2024 онд 4.7 хувь, 2025 онд 4.9 хувь байх төлөвтэй байгаа ба дотоодын хэрэглээ нэмэгдэх, бараа, бүтээгдэхүүний экспорт сэргэх, аялал жуулчлал нэмэгдэх зэргийн ашиг тусыг хүртэхээр байна. Томоохон орнуудаас Индонез 2024, 2025 онд цар тахлын өмнөх түвшинд буюу түүнээс дээш өсөх төлөвтэй байгаа бол Малайз, Филиппин, Тайланд, Вьетнамын өсөлт эдгээр түвшнээс доогуур байх төлөвтэй байна. Аялал жуулчлал сэргэснээр Номхон далайн орнууд 2024 онд 3.5 хувь, 2025 онд 3.4 хувиар өсөх төлөвтэй байна. Бүс нутгийн ихэнх хэсэгт хөрөнгө оруулалтын өсөлт сул хэвээр байна.  

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр хэвээр байна" хэмээгээд, "Гэвч өсөлт удааширч байна. ЗАНД-ын орнууд дунд хугацааны хүчтэй өсөлтийг хадгалахын тулд худалдаа, технологийн өөрчлөлтийг зохицуулахын тулд эдийн засгаа шинэчлэхэд идэвхтэй байх хэрэгтэй" хэмээн онцлов.   

Эдийн засгийн тоймд бүс нутгийн өсөлтөд нөлөөлж буй гурван хүчин зүйлийг онцолсны дотор худалдаа, хөрөнгө оруулалтын өөрчлөлт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, дэлхий дахины бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэх зэрэг багтжээ.  

Нэгдүгээрт, АНУ, БНХАУ-ын хооронд сүүлийн үед үүссэн худалдааны хурцадмал байдал нь Вьетнам зэрэг орнуудад худалдааны томоохон түншүүдээ “холбох” замаар дэлхийн нэмүү өртгийн сүлжээн дэх үүргээ гүнзгийрүүлэх боломжийг бий болгож байна. Вьетнам компаниудын АНУ руу экспортолсон борлуулалт 2018-2021 онд бусад орнууд руу экспорт хийсэн компаниудаас 25 хувиар хурдан өссөн байна. Гэсэн хэдий ч импорт, экспортын хязгаарлалтад шинэ, илүү хатуу дүрэм журам тогтоогдсон тул эдийн засаг “нэг талын холбогч” үүрэг гүйцэтгэхээр улам бүр хязгаарлагдаж болзошгүйг шинэ баримт харуулж байна.

Хоёрт, Хятадын хөрш орнууд сүүлийн 30 жилийн хугацаанд эрчимтэй өсөлтийн үр шимийг хүртэж байсан ч тэрхүү эрчмийн хэмжээ одоо багасаж байна. Хятад улс импортын эрэлт хэрэгцээгээрээ бусад орнуудыг татсан боловч одоо энэ нь тус улсын ДНБ-ээс ч удааширч байна. Өмнөх 10 жилийн хугацаанд импорт бараг жилийн 6 хувиар өссөн бол энэ оны эхний долоон сард ердөө 2.8 хувиар өссөн байна.

Гуравт, дэлхийн дахины тодорхойгүй байдал нь ЗАНД бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Геополитикийн тодорхойгүй байдлаас гадна эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон ЗАНД бүсийн хувьцааны үнийг 0.5 хувь, 1 хувь хүртэлх хэмжээгээр тус тус бууруулж болзошгүй юм.

Тус тайлангийн тусгай бүлэгт бүс нутгийн улс орнууд ард иргэддээ ажлын байр бий болгохын тулд шинэ технологийн давуу талыг хэрхэн ашиглаж болохыг судалсан болно. Аж үйлдвэрийн салбарын роботууд, хиймэл оюун ухаан, дижитал платформууд нь бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байна. 2018-2022 оны хооронд роботуудыг ашиглаж үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийг тэлэх замаар албан салбарын 2 сая ур чадвартай ажилчид (нийт ур чадвартай ажилчдын 4.3 хувь)-ыг ажлын байраар хангасан байна. Харин ингэснээр Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 5 орон (ASEAN)-д албан салбарын ур чадвар багатай 1.4 сая ажилчдын (3.3 хувь) ажлын байрыг дээрх роботууд орложээ.

ЗАНД-н бүс нутагт гар ажиллагаанд суурилсан ажил хөдөлмөр давамгайлдаг тул өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн тооны ажлын байрыг хиймэл оюун ухаан орлох эрсдэлтэй байна. Нөгөөтээгүүр, тус бүс нутаг дахь ажлын байрны ердөө 10 хувьд нь л хиймэл оюун ухаантай хослуулан хөдөлмөр эрхлэх боломжтой байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудын 30 хувь гэсэн үзүүлэлтээс доогуур байгаа тул тус бүс нутаг хиймэл оюун ухааны бүтээмжийн давуу талыг ашиглах боломж сул байна.

“Дэлхийн нээлттэй зах зээл, хөдөлмөрт түлхүү суурилсан үйлдвэрлэлийн арга хэлбэр зэрэгт түшиглэж ирсэн Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн загварт дэлхийн дахины худалдааны хориг, шинэ технологи эрсдэл дагуулж байна” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Аадитяа Маттоо хэлэв. Тэрээр мөн “Үүний хариуд авч болох хамгийн сайн арга хэмжээ бол гадаад худалдааны хэлэлцээрүүдийг гүнзгийрүүлэх, хөдөлмөр эрхлэгчдийн ур чадварыг сайжруулж, шинээр нэвтэрч буй технологийг ашиглах явдал юм” хэмээн нэмж хэлэв.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2025/21/EAP

Холбоо барих

Гийтанжали Чопра
+1(202) 288929
Нган Нгуен
+1 (202) 725 2913

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image