Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2023.3.30

Хятад улсын эдийн засаг эргэн сэргэснээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт хурдасна

Түүхий эдийн үнэ өсөх, олон улсын зах зээлд санхүүгийн нөхцөл чангарах, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг нь 2023 оны онцлох асуудал болж байна.   

ВАШИНГТОН ХОТ, 2023 оны 3 дугаар сарын 30 – Хятад улсын эдийн засаг эргэн нээгдсэнээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2023 онд хурдсах бол дэлхийн бусад бүс нутгийн ихэнх улс орнуудын хувьд эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн оны мэдэгдэхүйц сэргэлтээс удаашрах төлөвтэй байна гэж Дэлхийн Банкнаас пүрэв гаригт танилцуулсан тайланд дурджээ.  

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2023 оны 4 дүгээр сарын Эдийн засгийн тоймд дурдсанаар бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн төлөв энэ онд тогтвортой байх хэдий ч түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах, тасралтгүй өсөж буй инфляцын хариуд авч буй бодлогын нөлөөгөөр санхүүгийн нөхцөл чангарах, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах зэргээс шалтгаалан бүсийн өсөлт саарах магадлалтай байна.

Хятад улсын эдийн засаг 2022 онд 3 хувиар өссөн бол 2023 онд эргэн нээгдэж, өсөлт нь 5.1 хувьд хүрч сэргэх төлөвтэй байна. Ингэснээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж 2022 оны 3.5 хувиас 2023 онд 5.1 хувьд хүргэх төлөвтэй байна. Харин тухайн бүс нутгийн Хятад улсаас бусад улс орнуудын хувьд 2022 онд Ковид-19 цар тахлын дараа 5.8 хувиар өсөж сэргэсэн эдийн засгийн өсөлт нь 2023 онд 4.9 хувь болж буурах төлөвтэй байна. Инфляц, өрхийн өрийн дарамт зэрэг нь хувийн хэрэглээнд сөргөөр нөлөөлөх тул өсөлт ийнхүү саарахаар байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро хэлэхдээ “Зүүн Ази, Номхон далайн томоохон эдийн засгуудын дийлэнх нь цар тахлын хүндрэлийг даван туулсан хэдий ч одоо дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалтай нүүр тулж байна” гэв. "Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг сэргээхийн тулд инновацыг нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн, илүү ногоон сэргэлтийн үндэс суурийг тавих ажил үлдэж байна" хэмээн тэрээр мөн онцоллоо.

Индонез, Филиппин, Вьетнам зэрэг бүс нутгийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт 2023 онд 2022 онтой харьцуулахад илүү даруухан байх төлөвтэй байна. Номхон далайн арлын ихэнх орнууд 2023 онд илүү хурдан өсөх төлөвтэй байгаа бол 2022 онд онцгой хурдацтай өссөн Фижи улсын эдийн засгийн өсөлтийн хурд харин дунд зэрэг байхаар байна.

ЗАНД-н бүс нутгийн ихэнх орнуудын өсөлт өнгөрсөн хорин жилийн хугацаанд бусад бүс нутагтай харьцуулахад илүү өндөр, илүү тогтвортой байв. Үүний үр дүнд тус бүс нутагт ядуурал эрчимтэй буурч, өнгөрсөн арван жилд тэгш бус байдал ч мөн буурсан. Гэсэн хэдий ч бүтээмжийн өсөлт, бүтцийн шинэчлэлийн хурдац саарсны улмаас хөгжингүй орнуудын нэг хүнд ногдох орлогын түвшинд хүрэх явц сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байна. "Шинэчлэл, реформын дутуу”-г нөхөх, тэр дундаа үйлчилгээний салбарт шинэчлэлийг нэвтрүүлснээр нь цахим хувьсгалын үзүүлэх нөлөөг нэмэгдүүлж, жижиглэн худалдаанаас эхлээд санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

Бодлого боловсруулагчид Ковид-19-ийн дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих, эрчийг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ тус бүс нутгийн улс орнууд гурван томоохон сорилт бэрхшээлийг анхааран авч үзэх шаардлагатай. Худалдааны томоохон түншүүд хоорондын хурцадмал байдал нь бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн урсгалд нөлөөлнө. Зүүн болон Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засагтай орнуудын хүн амын хурдацтай хөгшрөлт нь эдийн засгийн өсөлт, төсвийн тэнцвэрт байдал, эрүүл мэндийн салбарт үзүүлэх үр дагавар бүхий шинэ сорилт бэрхшээл, эрсдэлүүдийг дагуулж байна. Эцэст нь, тус бүс нутаг нь ялангуяа далайн эрэг дагуух хүн амын нягтрал, эдийн засгийн үйл ажиллагаанаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өртөхөөр байна.  

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо хэлэхдээ “Дэлхийн даяаршлаас ухрах алхам, хүн амын хөгшрөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь гадаад худалдаанд түшиглэн хөгжсөн тус бүс нутгийн эдийн засгийн цаашдын өсөлтөд саад учруулж байна” гэв. "Гэсэн хэдий ч худалдааг дэмжих, хүн амын динамикийн асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтөд  тэсвэртэй байдлыг сайжруулбал өсөлтийг эрчимжүүлэх боломжтой" хэмээн мөн онцоллоо.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2023/056/EAP

Холбоо барих

Вашингтон хотод:
Ким Смитис
+1(202) 458-0152
Марк Фелсэнтал
+1(202) 602-9673

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image