Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.9.17

Дэлхийн Банк: Монгол Улс хөгжлөө зөв чиглэлд хөтлөхийн тулд “уул уурхайгаагаас илүүтэй оюун ухаанд” түшиглэх шаардлагатай

УЛААНБААТАР, 2020 оны 9 дүгээр сарын 17— Дэлхийн Банкны шинээр гаргасан тайлан нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө 1 центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөнджээ. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг зөвлөжээ.

Дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулагчид илүү тогтвортой байдлыг илүүд үзэх болсон хандлага, Хятад улс нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилт, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эрдэс баялгийн эрэлт нэлээд буурч болзошгүй тул Монгол Улс дээрх өөрчлөлтийг яаравчлах шаардлагатай тухай Дэлхийн Банкны 2020 оны 9 дүгээр сарын “Уул уурхай ба оюун ухаан” тайланд онцолжээ.

Монгол Улс уул уурхайн томоохон орд газруудаа 2004 оноос ашиглаж эхэлснээс хойш эдийн засаг нь жил бүр дунджаар 7.2 хувиар өсч, дэлхийн хурдтай өсч буй эдийн засгуудын нэг болсон билээ. Эдийн засгийн энэхүү өсөлт нь ядуурлыг багагүй бууруулж (зарим үед  ядуурал эргээд тодорхой хувиар өссөн ч гэсэн), амьжиргааны түвшинг ахиулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хүн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн гучаад жилийн хугацаанд сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. Дээрх ололт амжилтын дийлэнх нь өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоо, мөн уул уурхайн орлого болон гадаад эх үүсвэрээр санхүүжсэн их хэмжээний улсын хөрөнгө оруулалтаас голлон шалтгаалсныг тус тайланд онцолжээ.

Хэдий ололт амжилт байгаа ч олон тооны сорилтууд тулгараад байна. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байсан ч макро эдийн засгийн хэлбэлзэл нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөг ойр ойрхон давтагдах болсон нь эдийн засагт томоохон сорилт болж иржээ. Эдийн засгийн өсөлт нь бүтээмжээр бус харин хөрөнгийн хуримтлал, байгалийн баялгийн өндөр ашиглалтаар голлон тэжээгдэж иржээ. Нөгөө талдаа, Монгол Улс уул уурхайгаас олсон орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа тул хойч үедээ өр өвлүүлэхээр байна.

“Уул уурхайн баялгийн өгөөжийг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргахын оронд Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнээ дутуу ашиглаж, мөн институцийн чанар доройтсоор байна” гэж Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлоод “Хүн болон инстутитуци гэх мэт өгөгдсөн суурь баялгаа дутуу ашиглаж байгаагаас үйлдвэрлэл болон экспортыг төрөлжүүлж чадахгүй, улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлээс улам хараат болж, үнийн савалгаанд улам өртөмтгий болж байна. Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ “оюун ухаан” буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй” гэв.

 

Төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд дараах бодлогын зөвлөмжийг тус тайланд өгч байна. Үүнд:

  • Олсноороо хэрэглэх бус харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх – үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх.
  • Өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, бүтээмж өндөртэй аж ахуйн нэгж, компаниуд өсөн дэвжих, хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх дорвитой реформуудыг авч хэрэгжүүлэх.
  • Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаасаа илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэх тал дээр анхаарах. Тухайлбал, залуу, мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчин (ялангуяа эмэгтэй ажиллах хүчин)-ээ бүрэн дүүрэн ашиглах нь энэ чиглэлээрх эхний алхамуудын нэг юм.
  • Эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хяналт зохицуулалтын чанарыг ахиулахын тулд засаглалын реформуудыг хурдасгах (ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, авлигатай тэмцэх асууддлууд гэх мэт хамаарна).

“2017-2019 онд макро эдийн засгийн менежмент дорвитой сайжирсныг илтгэх олон үзүүлэлтүүд байгаа нь сайшаалтай бөгөөд энэ нь шинэ засгийн газарт эдгээр шинэчлэлийг үргэлжлүүлэх таатай боломжийг олгож байна” хэмээн тайланг боловсруулахад тэргүүлэн ажилласан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану хэлээд “Өнгөрсөн хугацаанд төсөвтэй холбоотой чухал ач холбогдолтой эерэг өөрчлөлтүүд гарсан нь реформ шинэчлэлийг шинээр нэвтрүүлснээс илүүтэй төсвийн бодлогоо хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлсэнээс голлон хамаарсан. Үүнээс харахад улс төрийн хүсэл зориг, манлайлал байвал энэ мэт эерэг өөрчлөлтүүдийг мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад салбарт ч гаргах бүрэн боломжтойг илтгэж байна. Иймд шинэ засгийн газар бодлогын шинжтэй реформ, шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, хүрсэн ахиц дэвшлээсээ ухрахгүй байх нь туйлын чухал юм.” гэлээ.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/09/17

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Вашингтон хотод
Николас Кеиес
+1 202 473 9135
nkeyes@worldbank.org
Api
Api