Skip to Main Navigation
publication 2020.9.17

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаа - 2020 оны 9 дүгээр сар

Image



Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгийн өнөөгийн загвар нь ирээдүйд тогтвортой өсөлт авчрах нь эргэлзээтэй бөгөөд ирээдүйн өсөлтийн зогсонги байдалд ч хүргэх эрсдэлтэй.

Энэ нь уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт, түүнээс хамаарах хамаарал нэмэгдэж байгаагаар илэрч байна. Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олсон орлогын нэг ам.доллар бүрээс дөнгөж нэг центийг л Монгол Улс хуримтлуулдаг тул улс орны өр ихээр нэмэгдэж, хуримтлалын хэмжээ тогтмол буурч, өнөөгийн эдийн засагт нэмэлт дарамт болж байгаа юм.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг богино хугацаанд томоохон үр ашгийг дагуулдгаас үүдэн Монгол Улс богино хугацаанд уг үр ашгийг хүртэхэд л төвлөрч байна. сайшаалтай. Амьдралын чанар сайжирахын хэрээр Монгол Улс хүмүүн болон биет капиталын нөөц эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад баялаг байна. Гэвч эдгээр нь уул уурхайн салбараас олж буй ихээхэн орлого, үлэмж хэмжээний гадаад зээллэгийн үр дүнд бий болсон юм. Мөн өгөөмөр (гэвч үр ашиг багатай) нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэх, төрөөс хөрөнгө оруулалтын том хөтөлбөрүүдийг эхлүүлэх гол эх үүсвэрийг уул уурхайн салбарын орлогоор бүрдүүлжээ.

Олон ололт, амжилт байгаа ч Монгол Улсад мөн олон сорилтууд тулгарч, тэдгээр нь уур амьсгалын өөрчлөлт, КОВИД-19 цар тахлын улмаас улам хурцдах эрсдэлтэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг цогцлоохдоо бүтээмжийг тогтвортой өсгөх замаар бус капитал хуримтлуулах, байгалийн баялгийг эрчимтэй ашиглах замаар бий болгосонтой холбоотой. Мөн, туйлын ядуурлыг арилгасан нь хангалттай цалинтай ажлын байр бий болгосноос бус өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоог бий болгосонтой холбоотой юм.

Уул уурхайн баялгийн өгөөжийг түүнээс хамаарах хамаарлаа аажмаар бууруулах чиглэлд зарцуулахын оронд Монгол Улс улам бүр донтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зовнил, хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хүсэх хүлээлт, Хятад Улсын нүүрсний хэрэглээгээ бууруулах том зорилго, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө зэргээс шалтгаалан уул уурхайн гол түүхий эдийн эрэлт унаж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн дээр дурдсан бүтцийн эмзэг байдлыг улам хүндрүүлж байна.

Монгол Улс уул уурхай, мал аж ахуй, ноолуур, аялал жуулчлалын үр шимийг илүүтэй хүртэх нь зүйтэй. Гэвч дундаас дээш орлоготой, төрөлжсөн эдийн засгийн суурийг тавихын тулд Монгол Улс илүү ихийг хийх шаардлагатай байна.

  • Юуны өмнө, өнөөгийн хэрэглээг хамгийн дээд түвшинд хүргэхэд бус эдийн засгийн мөчлөгийн бүхий л үед хэрэглээг тогтвортой байлгах, тэнцвэржүүлэхийн тулд төсвийн ил тод дүрэм, төсвийн тогтвортой байдлын хараат бус зөвлөл, зах зээлийн журмаар тогтох ханшийн тогтолцоо, сайн ажилладаг тогтворжуулалтын сан зэргийг ашиглан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Хоёрдугаарт, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үр ашигтай компаниудад хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох, эрх тэгш нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын орчинг эрс сайжруулах хэрэгтэй.
  • Гуравдугаарт, зөвхөн бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд чиглэсэн охор сэтгэлгээг халж, баялгийг нэмэгдүүлэх, ялангуяа, боловсролтой залуу ажиллах хүчин, түүний дотор эмэгтэй ажиллах хүчинг сайн ашиглахад чиглэсэн холч сэтгэлгээнд шилжих хэрэгтэй.
  • Эцэст нь, улс орон даяар эдийн засаг дахь улс төрийн оролцоог багасгах, ил тод байдлыг өргөжүүлэх, эрх зүйн зохицуулалтын чанарыг сайжруулахад чиглэсэн засаглалын суурь шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн менежмент сайжирч, нэлээдгүй ахиц гарсан нь шинээр байгуулагдсан засгийн газарт шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэх боломжийг олгохоор байна. Улсын төсвийн удирдлагад 2017 оноос хойш урьд өмнө байгаагүй ихээхэн өөрчлөлт гарсан гэж харагдаж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хоёр жилд төсвийн тэнцэл ашигтай, ДНБ-д эзлэх улсын өрийн хэмжээ гурван жил дараалан буурч, сүүлийн гурван жилд ДНБ-ий 2.5 хувиас илүү хэмжээний хуримтлалыг төсвийн Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд жил бүр хуримтлуулсан зэрэг нь Монгол Улсын макро эдийн засгийн удирдлагын алдаа оноотой түүхэнд гарсан томоохон амжилт юм.

Сонирхолтой нь шинэ өөрчлөлт шинэчлэлийг нэвтрүүлэх замаар бус өнөөгийн тогтолцооны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх замаар дээрх үр дүнд хүрсэн байна. Энэ нь улс төрийн зөв хүсэл эрмэлзэл, удирдлага байвал мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад чиглэлээр ч амжилт гаргах боломжтой гэдгийг харуулж байна.