Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.1.09

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.1 хувь хүрэх боловч ирээдүйн өсөлтийн боломжид анхаарах хэрэгтэй

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн сул, зогсонги байдал аажмаар буурах төлөвтэй байна

ВАШИНГТОН, 2018 оны 1-р сарын 9 — Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдааны эргэлт тогтмол сэргэж, түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжин түүхий эд экспортлогч хөгжиж буй орнуудын эдийн засагт эергээр нөлөөлсөн зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засаг 2017 он төсөөлснөөс илүү өндөр өсөлттэй байсны зэрэгцээ 2018 онд 3.1 хувьд хүрнэ гэж Дэлхийн Банк тооцоолж байна.

Гэвч энэхүү нөхцөл байдал богино хугацааны савалгаа гэх харагдаж байна. Урт хугацаанд боломжит өсөлт удааширч байгаа буюу хөдөлмөр, капиталыг бүрэн ашиглаж байгаа үед эдийн засгийг хэрхэн хурдацтай хөгжүүлж болох арга зам болох нь дэлхий даяар ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилтыг хангахад эрсдэл болж байна хэмээн Дэлхийн Банкны 2018 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайланд анхааруулжээ.

Төв банкууд хямралын дараах арга хэмжээг аажмаар зогсоож, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжиж байгаа зэргийн улмаас хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.2% болж бага зэрэг удаашрах төлөвтэй байна. Харин түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа тогтвортой сэргэсний улмаас хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт ерөнхийдөө 2018 онд 4.5% болж чангарах төлөвтэй байна.

"Дэлхийн эдийн засгийн өсөлтөд өргөн хүрээг хамарсан сэргэлт ажиглагдаж байгаа нь бидэнд урам зориг өгч байгаа ч үүнд сэтгэл амран суух цаг одоо биш юм. Энэ нь хүн ​​болон биет капиталд хөрөнгө оруулах сайхан боломж юм. Дэлхий даяар бодлого боловсруулагчид эдгээр гол хөрөнгө оруулалтанд анхаарлаа төвлөрүүлбэл улс орныхоо бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэн, нэн ядуурлыг эцэс болгож, хамтын хөгжил цэцэглэлтийг хангах зорилгодоо ойртож чадна” гэж Дэлхийн Банк Группын Ерөнхийлөгч Жим Ён Ким хэллээ.

Дэлхийн Банкны 2018 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайланг January 2018 Global Economic Prospects report хаягаас татаж авна уу.

Санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллах эхэлж буй эхний жил нь 2018 он юм. Эдийн засгийн сулрал аажмаар замхран арилах төлөвтэй байгаа энэ үед бодлого боловсруулагчид богино хугацааны өсөлтийг дэмжих зорилгоор төсөв, мөнгөний бодлогын хэрэгслээс гадна урт хугацааны нөөцийг нэмэгдүүлэх санаачилгыг харгалзаж үзэх хэрэгтэй.

Боломжит өсөлтийн удаашрал нь олон жилийн хугацаанд бүтээмжийн өсөлт суларч, хөрөнгө оруулалт буурахын зэрэгцээ дэлхийн ажиллах хүчин насжиж байгаагийн үр дүн юм. Энэхүү удаашрал нь дэлхийн нийт ДНБ-ий 65-аас дээш хувийг эзэлж буй эдийн засгуудыг хамарч байгаа буюу өргөн хүрээг хамраж байна.  Боломжит өсөлтийг сэргээх оролдлого хийхгүй бол ирэх арван жилд эдийн засаг улам буурах магадлалтай бөгөөд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтийг дөрөвний нэг хувь пунктаар сулруулж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлтийг мөн хугацаанд хагас хувь пунктаар сулруулах магадлалтай юм.

"Боломжит өсөлтийг сааруулж буй хүчин зүйлсд хийсэн дүн шинжилгээ нь тэдгээр асуудлыг шийдвэрлэх боломж бидэнд байгааг харууллаа. Чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих чиглэлд шинэчлэл хийн, дэд бүтцийн үйлчилгээг сайжруулснаар нь ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн боломжит өсөлтийг бодитойгоор нэмэгдүүлж чадна. Гэвч эдгээр шинэчлэлийн зарим арга хэмжээ нь улс төрийн хүчирхэг бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгарах учраас хөгжлийн үр өгөөжийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох нь чухал юм" гэж Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засаг хариуцсан Ахлах захирал Шантаяанан Деваражан хэлэв.

Эдийн засгийн төлөв байдалд тодорхой эрсдэлүүд байсаар байна. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом чангарах нь эдийн засгийн энэ тэлэлтийг хойш татна. Мөн худалдааны хязгаарлалтыг нэмэгдүүлж, геополитикийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэх нь эдийн засгийн үйл ажиллагаа, итгэл үнэмшлийг бууруулж магадгүй юм. Нөгөө талаар, хэд хэдэн томоохон эдийн засгуудын өсөлт төсөөлснөөс илүү байж чадвал дэлхийн эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлж ч болох талтай.

"Ажилгүйдлийн түвшин хямралын өмнөх үеийн түвшинд хүрч, хөгжингүй эдийн засагтай улс орнууд болон хөгжиж буй орнуудад эдийн засгийн дүр зураг ижилхэн гэрэл гэгээтэй байгаа энэ үед бодлого боловсруулагчид өсөлтийн эрч хүчийг тогтвортой авч үлдэх шинэ арга барилуудыг авч үзэх хэрэгтэй. Ялангуяа хүн амын насжилт эрчимжиж байгаагийн улмаас үүсч буй дарамтыг шийдвэрлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлэх шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна" гэж Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засгийн төлөв байдал хариуцсан Захирал Аяхан Косе хэллээ.

Дэлхийн болон бүс нутгийн хөгжлийг судалсны зэрэгцээ Дэлхийн Банкны 2018 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайлан нь дэлхийн зургаан бүс тус бүр дэхь боломжит өсөлтийн хэтийн төлөв байдал, 2014-2016 онд газрын тосны үнийн уналтаас авсан сургамж; боловсролын түвшин ба өндөр ур чадварын уялдаа холбоо, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнууд дахь тэгш бус байдлын доогуур түвшин зэргийг нарийвчлан судалжээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: https://www.worldbank.org/en/publication/global-economic-prospects/

Бидний фейсбук хаягаар зочилно уу: https://www.facebook.com/worldbank

Манай твиттер хуудаснаас шинэ мэдээлэл авна уу: https://www.twitter.com/worldbankMGL

Манай youTube суваг: https://www.youtube.com/worldbank

Бүсийн тойм:

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг: Энэ бүсийн өсөлт 2017 онд 6.4 хувьд хүрэх төсөөлөлтэй байснаа 2018 онд 6.2 хувь болж бага зэрэг буурах төлөвтэй байна. БНХАУ-ын бүтцийн удаашрал нь бүсийн бусад улс орнуудад мөчлөгийн өөрчлөлтийг нөхөх боломж олгосон гэж харагдаж байна. Төлөв байдлын эрсдэл илүү тэнцвэртэй болжээ. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс илүү огцом өссөн тул энэ бүс нутаг өсөлт хурдсах магадлалтай. Гэвч геополитикийн хурцадмал байдал, дэлхий нийтэд протекционист бодлого нэмэгдэн, дэлхийн санхүүгийн нөхцөл байдал огцом хумигдах, Хятад зэрэг томоохон эдийн засагтай улс орнуудын өсөлт удаашрах хандлагатай байгаа зэрэг нь бүсийн төлөв байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2017 онд 6.8% байснаа 2018 онд 6.4% болох төлөвтэй байна. Индонез улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 5.1% байснаа 2018 онд 5.3% болж өсөх төлөвтэй байна.

Европ болон Төв Ази: Бүс нутгийн өсөлт 2017 онд 3.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байснаа 2018 онд 2.9% болж буурах төлөвтэй байна. Бүс нутгийн зүүн хэсэгт түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортын эдийн засагтай улс орнуудын нөлөөгөөр эдийн засаг үргэлжлүүлэн сэргэх төлөвтэй боловч Евро бүсийн эдийн засгийн тогтворжуулах үйл ажиллагааны үр дүнд бүсийн баруун хэсэгт эдийн засаг аажмаар буурсан байна. Бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, газрын тосны үнийн өсөлт буурсан нь эдийн засгийн өсөлт төсөөлснөөс доогуур байх эрсдэлтэй юм. Оросын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2017 онд өөрчлөгдөөгүй хэвээр байсан бол 2018 онд 1.7 хувиар тэлнэ гэж тооцоолж байгаа болно. Турк улсын эдийн засаг өнгөрсөн жил 6.7 байсан бол энэ жил 3.5 болж буурах төлөвтэй байна.

Латин Америк, Карибын тэнгисийн орнууд: Бүс нутгийн өсөлт 2017 онд 0.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байснаа 2018 онд 2% болж өсөх төлөвтэй байна. Ялангуяа түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлодог эдийн засагтай улс орнуудын хувьд хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалтыг бэхжүүлснээр өсөлтийг хангах төлөвтэй ажээ. Гэвч нэмэлт бодлогын тодорхойгүй байдал, байгалийн гамшиг, АНУ-ын худалдааны хамгаалах бодлого нэмэгдэх, эсвэл дотоодын төсвийн нөхцөл байдал улам доройтох зэрэг хүчин зүйлс өсөлтийг хангахгүйд хүргэж болзошгүй. Бразилийн эдийн засаг 2017 онд 1 хувь байх төсөөлөлтэй байсан бол 2018 онд 2 хувьд хүрч өснө гэж тооцоолж байна. Мексикийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 1.9 хувь байсан бол энэ жил 2.1 хувь болж өсөх магадлалтай байгаа юм.

Ойрхи Дорнод ба Хойд Африк: Бүс нутгийн өсөлт 2017 онд 1.8 байсан бол 2018 онд 3% болж огцом өсөх төлөвтэй байна. Бүс нутгийн хэмжээнд шинэчлэл хийснээр эдийн засгийн төлөв байдал сайжирч, газрын тосны үнэ тогтвортой байснаар төсвийн хүндрэл буурах, түүнчлэн аялал жуулчлалын салбарын өсөлт нь газрын тосны экспортоос хамааралгүй эдийн засагтай улс орнуудын өсөлтийг хангахад туслах төлөвтэй байна. Гэвч геополитикийн зөрчилдөөн, газрын тосны үнэ буурах үзэгдэл үргэлжилснээр эдийн засгийн өсөлтийг хойш нь чангааж болзошгүй. Саудын Арабын эдийн засгийн өсөлт 2017 онд 0.3 хувь байснаа 2018 онд 1.2% хүрч өснө гэсэн таамаглалтай байна.  Египетийн Арабын БНУ-ын хувьд эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 4.2 хувь байсан бол 2018 оны санхүүгийн жилд 4.5% болж өсөх төлөвтэй байна.

Өмнөд Ази: Бүс нутгийн өсөлт 2017 онд 6.5% хувьд хүрэх төсөөлөлтэй байснаа 2018 онд 6.9% болж өснө гэж таамаглаж байна. Бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэд бүтцийг сайжруулсны үр дүнд хэрэглээ хүчтэй хэвээр хадгалагдаж, экспорт сэргэн, хөрөнгө оруулалт дахин сэргэх төлөвтэй байна. Харин байгалийн гамшиг, эсвэл дэлхийн санхүүгийн тогтворгүй байдал, хэлбэлзэл, савалгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сулруулж шинэчлэлийн хүчин чармайлтад саад учруулж болзошгүй юм. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 2017/18 оны санхүүгийн жилд 6.7 хувь байснаа 4-р сарын 1-нээс эхлэх 2018/19 оны санхүүгийн жилд 7.3 хүртэл хувь хүрч өсөх төлөвтэй байна. Пакистан улсын эдийн засгийн өсөлт 2017/18 оны санхүүгийн жилд 5.5 хувь байснаа 7-р сарын 1-нээс эхлэх 2018/19 оны санхүүгийн жилд 5.8 хувьд хүрч өсөх төлөвтэй ажээ.

Саб Сахарын Африк: Бүс нутгийн өсөлт 2017 онд 2.4 хувь байснаа 2018 онд 3.2% болж өсөх төсөөлөлтэй байна. Эдийн засаг өсөлт нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал, шинэчлэлийг хэрэгжүүлэх зэргээс хамаарна. Түүхий эдийн үнийн уналт, зээлийн хүү дэлхийн зах зээлд төсөөлснөөс илүү өндөр байх, өрийн динамикийг сайжруулах чиглэлээр хангалттай хүчин чармайлт гаргаагүй зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сулруулж болзошгүй. Өмнөд Африк ийн эдийн засгийн өсөлт 2017 онд 0.8 хувь байснаа 2018 онд 1.1 хувь болж өсөх төлөвтэй байна. Нигери улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 1 хувь байснаа энэ жил 2.5 хувь болж хурдсах магадлалтай байна.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2018/082/DEC

Холбоо барих

Улаанбаатарт
Марк Фелсентал
desk: (202) 458-0051
cell: (202) 602-9673,
mfelsenthal@worldbank.org
Фил Хей
desk: (202) 473-1796
cell: (202) 492-7238
phay@worldbank.org;
Улаанбаатарт
Б. Индра
++976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api