Улаанбаатар хот, 2015 оны 11 дүгээр сарын 10 – Дэлхийн банк ээлжит Монголын эдийн засгийн тоймдоо Монгол улс гадаад секторын эрсдлээ бууруулахын тулд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх шаардлагатайг онцоллоо.
Монгол улсын эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр буй хэдий ч эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдсан, 2017 онд гадаад зээл эргэн төлөгдөхөөр байгаагийн эсрэг бодлогын орон зай хязгаарлагдмал байгаагаас эдийн засаг богино хугацаанд томоохон хүндрэлүүдтэй тулгараад байгаа талаар шинээр гарсан уг тайланд дурьджээ. Түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжлэхээр байгаа, худалдааны түнш орнуудад эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгаа орчинд Засгийн газар бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлагатайг уг тайлан мөн чухалчлав.
“Сүүлийн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын тохиргоонууд нь эдийн засгийн дархлааг сайжруулах, төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байв. Түүнчлэн түүхий эдийн үнийн бууралт болон бусад эрсдлүүдээс үүдэн цаашид илүү хүчин чармайлт гаргах шаардлага бий болгож байна. Бодлогын тохиргоонд итгэх итгэлийг хангах нь эдийн засагт амжилттай тохиргоо хийгдэхэд нэн чухал байдаг. Бодлогын тохиргоогоо тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой хадгалах нь болзошгүй эрсдлийн эсрэг тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох суурь нөхцлийг бүрдүүлэхэд чухал юм” гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон онцоллоо.
Түүхий эдийн гадаад зах зээл дэх таагүй хандлага үргэлжилж, экспортын гол зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаагаас Монгол улсын экспорт буурч байгаа орчинд эдийн засгийн бодит өсөлт 2015 эхний хагаст 3 хувь болж саарав. Монгол улсын ДНБ-ий жилийн өсөлт 2015 онд 2.3 хувьд хүрэхээр хүлээгдэж байна гэж мөн уг тоймд дурьджээ.
“Өсөлтийн төсөөлөл ийнхүү буурсан нь цаг агаарын тааламжгүй нөхцлөөс үүдэн ургац алдах, 3 дугаар улирлын эцэст аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарсан зэргээс шалтгаалсан бөгөөд 2016 онд эдийн засгийн өсөлт нэмж саарах боломжтой. Түүхий эдийн зах зээлийн идэвхжлээс шалтгаалан уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-17 онуудад удаашрах төлөвтэй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэг бусад салбарын идэвхжлийг дэмжихээр байна”-гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч ноён Тайхун Ли тэмдэглэж хэлэв.
Мөн уг тоймд эдийн засгийн өсөлт удааширсан, дотоод эрэлт саарч байгаа нь урсгал тэнцлийн алдагдал буурах, инфляцийн түвшин тогтворжиход хүчтэй нөлөөлөв гэжээ. Урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны эцсийн 11.7 хувиас буурч 2015 оны эцэст ДНБ-ий 5 хувь болох төлөвтэй байна.
Гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь бодлогын шинэчлэлийг сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг болох төдийгүй төлбөрийн тэнцлийн эрсдлийг бууруулна. Гадаадын хөрөнгө оруулалтын сэргэлт нь хөрөнгө оруулалтын тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц бодлого, зохицуулалтуудыг шаардахыг Дэлхийн банкны уг тойм мөн санууллаа.
Дэлхийн банк Загсийн газрын бодлогын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид уг бодлогын шинэчлэлээ илүү дорвитой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгааг санууллаа. Үүнд, Засгийн газар төсвийн нэгдмэл байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсвийн орлогыг бодитой төсөөлөх болон төсвийн гадуурх зарцуулалтыг төсөвт нэгтгэхийг зөвлөжээ. Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх нь төсвийн нэгдсэн төлөвлөлтийн үр нөлөө, түүнд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх болно гэдгийг уг тоймд дурьдав. Төвбанкнаас санхүүжигдэж буй зарим талаар төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоох, уг хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэхийг мөн Дэлхийн банкнаас зөвлөжээ.
Гадаад секторын тэнцвэргүй байдлыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг валютын ханшийг уян хатан байдалтай хослуулах нь валютын ханшинд ирэх үндсэн дарамтыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чухал нөлөө үзүүлж улмаар эдийн засагт болзошгүй эрсдлийг шингээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг уг тойм санууллаа.
Уг тоймын онцлох сэдэвт Монгол улсын нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг авч үзсэн бөгөөд уг хөтөлбөрүүдийг бусад орнуудын ижил төстэй хөтөлбөрүүдтэй харьцуулахад харьцангуй олныг хамарсан шинжтэй болохыг онцлов. Ядуурлыг бууруулах үндсэн зорилтын хүрээнд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн сайжруулах талаар бодлогын сонголтуудыг уг тайлан санал болгожээ. Монгол улсын ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувьтай байсан бол 2014 онд 21.6 хувь болж буурсан ч олон өрх ядуурлын шугамд ойр хэвээр байгааг мөн уг тоймд дурьджээ.