Нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1200 км-т орших Завхан аймгийн Шилүүстэй сумын малчин Сүхбаатарын Батхуяг 1990-ээд оноос хойш мал маллаж байна.
Тэрээр 30 гаруй жил мал маллахдаа хур тунадас багассаны улмаас малын бэлчээр хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласаар иржээ. “Ялангуяа 2000 оноос хойш өөрчлөлтүүд их хэмжээгээр анзаарагдах болсон. Хориод жилийн өмнө ургадаг байсан ургамлууд одоо харагдахаа больж, бараг 30 хувь нь ургахаа больсон” хэмээн С.Батхуяг өөрийн ажиглалтаас хуваалцсан юм. Тэрээр мөн “Зундаа бороо багасаж, шороогоор шуурах нь ихсэж, цаг агаар эрс тэс болсон” хэмээв.
Өнгөрсөн 70 жилд Монгол орны температур 2°C-аар нэмэгдсэн, хур тунадас багассан зэрэг нь хүн амын 30 хувийг эзэлдэг малчдын хувьд хүндхэн нөхцөлийг бий болгоод байна. Бэлчээрийн гарц, бүтээмж буурснаар малчид бүтээмжийн алдагдлыг нөхөхийн тулд малын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэх болов. Гэтэл энэ нь эргээд байгалийн нөөцөд учруулах ачааллыг нэмэгдүүлж, улмаар нэгж малаас авах бүтээмж буурч, цаашлаад малчдын орлогод сөргөөр нөлөөлж байна.
Шийдэлд хөтөлсөн хэлэлцүүлгүүд
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд санаа зовнисон С.Батхуяг нутгийнхаа малчид, сумын тамгын газар, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзаж, хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож болох талаар хэлэлцжээ. Тэд малыг устай байлгах, байгаль орчинд ээлтэй байдлаар бэлчээрийг хамгаалах арга замуудын талаар санал солилцсон байна. Ингээд хавар цас хайлах үед шар усны үер, зуны борооны усыг тогтоон хуримтлуулах нь энгийн бөгөөд үр дүнтэй арга байж болох дээр санал нэгдэцгээжээ.
Уг санаачилгыг орон нутгийн засаг захиргаа хүлээн авч, Дэлхийн Банкны Тогтвортой Амьжиргаа төслийн хүрээнд бий болсон Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар дамжуулан багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлжээ. ОНХС нь аймаг, сумдын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бөгөөд нутгийн иргэдийн оролцоотой шийдвэр гаргах зарчим, нийгмийн эгэх хариуцлагад суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм.
Өмнө нь гүний худгаар бэлчээр усжуулах нь түгээмэл байсан тул гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулахыг төдийлөн сонирхдоггүй байжээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гүний усны түвшин доошилж, худаг гаргах нь өндөр өртөгтэй болсон тул гадаргын ус хуримтлуулах нь орон нутагт хамгийн оновчтой аргын нэг болсон юм. Гадаргын ус хуримтлуулах нь Монгол Улсын Алсын Хараа- 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт усны хомсдолын нэгэн шийдэл болон тусгагдсан билээ.
Хөв цөөрөм байгуулах малчдын санал орон нутагтаа дэмжлэг авч, 2022 оны зун ОНХС болон малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр байгуулагдав. Эхний хэлэлцүүлгээс эхлээд орон нутагтаа анхны ус хуримтлуулах байгууламжийг барих хүртэл төслийн бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцсон нь нэн таатай туршлага болсныг С.Батхуяг хэлж байв. Тэрээр мөн “Тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхэд малчид илүү их хувь нэмэр оруулах хүсэлтэй байдаг” хэмээсэн юм.