Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ2024.3.18

Монгол орны малчид уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн нүүр тулж байна вэ?

Image

С.Батхуяг (баруун гараас дөрөвт) болон нутгийн малчид орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж байгаа нь.

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ

  • Тогтвортой Амьжиргаа Төсөл 2002-2023 онд гурван үе шаттай хэрэгжихдээ орон нутаг, ялангуяа эдийн засгийн хөгжил сул бүсүүдийг дэмжих Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
  • Төслийн хүрээнд байгуулагдсан Орон Нутгийн Хөгжлийн Сан нь аймаг, сумдын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бөгөөд нутгийн иргэдийн оролцоотой шийдвэр гаргах зарчим, нийгмийн эгэх хариуцлагад суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм.
  • Төсөл эхэлснээс хойш Орон Нутгийн Хөгжлийн Сангаас нийт 1.5 их наяд төгрөг буюу 580 сая ам.долларыг 330 суманд хуваарилаад байна.

Нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1200 км-т орших Завхан аймгийн Шилүүстэй сумын малчин Сүхбаатарын Батхуяг 1990-ээд оноос хойш мал маллаж байна.

Тэрээр 30 гаруй жил мал маллахдаа хур тунадас багассаны улмаас малын бэлчээр хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласаар иржээ. “Ялангуяа 2000 оноос хойш өөрчлөлтүүд их хэмжээгээр анзаарагдах болсон. Хориод жилийн өмнө ургадаг байсан ургамлууд одоо харагдахаа больж, бараг 30 хувь нь ургахаа больсон” хэмээн С.Батхуяг өөрийн ажиглалтаас хуваалцсан юм. Тэрээр мөн “Зундаа бороо багасаж, шороогоор шуурах нь ихсэж, цаг агаар эрс тэс болсон” хэмээв.

Өнгөрсөн 70 жилд Монгол орны температур 2°C-аар нэмэгдсэн, хур тунадас багассан зэрэг нь хүн амын 30 хувийг эзэлдэг малчдын хувьд хүндхэн нөхцөлийг бий болгоод байна. Бэлчээрийн гарц, бүтээмж буурснаар малчид бүтээмжийн алдагдлыг нөхөхийн тулд малын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэх болов. Гэтэл энэ нь эргээд байгалийн нөөцөд учруулах ачааллыг нэмэгдүүлж, улмаар нэгж малаас авах бүтээмж буурч, цаашлаад малчдын орлогод сөргөөр нөлөөлж байна.

Шийдэлд хөтөлсөн хэлэлцүүлгүүд

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд санаа зовнисон С.Батхуяг нутгийнхаа малчид, сумын тамгын газар, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзаж, хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож болох талаар хэлэлцжээ. Тэд малыг устай байлгах, байгаль орчинд ээлтэй байдлаар бэлчээрийг хамгаалах арга замуудын талаар санал солилцсон байна. Ингээд хавар цас хайлах үед шар усны үер, зуны борооны усыг тогтоон хуримтлуулах нь энгийн бөгөөд үр дүнтэй арга байж болох дээр санал нэгдэцгээжээ.

Уг санаачилгыг орон нутгийн засаг захиргаа хүлээн авч, Дэлхийн Банкны Тогтвортой Амьжиргаа төслийн хүрээнд бий болсон Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар дамжуулан багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлжээ. ОНХС нь аймаг, сумдын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бөгөөд нутгийн иргэдийн оролцоотой шийдвэр гаргах зарчим, нийгмийн эгэх хариуцлагад суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм.

Өмнө нь гүний худгаар бэлчээр усжуулах нь түгээмэл байсан тул гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулахыг төдийлөн сонирхдоггүй байжээ.  Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гүний усны түвшин доошилж, худаг гаргах нь өндөр өртөгтэй болсон тул гадаргын ус хуримтлуулах нь орон нутагт хамгийн оновчтой аргын нэг болсон юм. Гадаргын ус хуримтлуулах нь Монгол Улсын Алсын Хараа- 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт усны хомсдолын нэгэн шийдэл болон тусгагдсан билээ.

Хөв цөөрөм байгуулах малчдын санал орон нутагтаа дэмжлэг авч, 2022 оны зун ОНХС болон малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр байгуулагдав. Эхний хэлэлцүүлгээс эхлээд орон нутагтаа анхны ус хуримтлуулах байгууламжийг барих хүртэл төслийн бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцсон нь нэн таатай туршлага болсныг С.Батхуяг хэлж байв. Тэрээр мөн “Тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхэд малчид илүү их хувь нэмэр оруулах хүсэлтэй байдаг” хэмээсэн юм.

Image

Завхан аймгийн Шилүүстэй сумын малчдын санаачилгаар 2022 оны 8-дугаар сард байгуулагдсан гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм.

Орон нутгийн иргэдэд эн тэргүүний асуудлаа тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж, тухайн орон нутагт тохирох шийдлийг хэрэгжүүлэх нөөц бололцоог бий болгож өгөх нь хөдөөгийн иргэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь нэмэртэй байх боломжтойн нэг жишээ энэ юм.  

Монгол орон даяар С.Батхуягийн адил орон нутгийн иргэд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд идэвхтэй оролцох нь нэмэгдэж, орон нутагтаа санаачилсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаандаа дэмжлэг авсаар байна. Ус хуримтлуулахын зэрэгцээ өвлийн отор бэлчээрээ хамгаалах, худаг засварлах, байгаль орчныг хамгаалах, ойжуулах, мал усалгааны цэгүүдийг сайжруулах арга замуудын талаар орон нутгийн иргэд хэлэлцэж, санал нэгдэцгээжээ.

Орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих тогтолцоо

ОНХС нь иргэдийн оролцоог дэмждэг тогтолцоо юм. Тогтвортой Амьжиргаа Төсөл 2002-2023 онд гурван үе шаттай хэрэгжихдээ орон нутаг, ялангуяа эдийн засгийн хөгжил сул бүсүүдийг дэмжих Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн юм. Засгийн газар уг хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээ хүргэх тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог идэвхжүүлэх, ил тод байдал, хариуцлагын зарчмыг дэмжих замаар аймаг, сумдын хөгжлийг эрчимжүүлэх механизм болгож ОНХС-г байгуулсан.

Монгол Улсын Сангийн Яам ОНХС-аар дамжуулан улсын төсвөөс аймаг, сумдад хуваарилж, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмждэг бөгөөд мөн энэхүү сангаар дамжуулж малын тоо толгойн албан татварын орлогоор орон нутгийн малчдад хөрөнгө оруулалт хийдэг юм. Төсөл эхэлснээс хойш нийт 1.5 их наяд төгрөг буюу 580 сая ам.долларыг 330 суманд хуваарилаад байна.

ОНХС нь орон нутгийн иргэд, засаг захиргаанд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь чиглэсэн орон нутгийн түвшний арга хэмжээг дэмжих, мөн уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэх чадварыг бий болгох замаар аюул эрсдэлийг шийдвэрлэхэд нь тус болдог тогтолцооны жишээ юм.

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image