Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2019.9.20

Сургуулийн эцэг эх, багшийн холбоо нь сурлагын амжилт, сургуулийн ил тод байдлыг сайжруулж байна

Image

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ

  • Closer ties between parents and teachers are improving learning outcomes in 31 rural schools in Mongolia
  • Spurred by a World Bank-supported project, a National Parent-Teacher Association was created in 2018, aiming to include parents in school decisions and improve education quality

Монгол Улсын сургуулиудын анги танхимд болж буй арга хэмжээ нь дан сургуулийн ажилчдын үүрэг хариуцлага байдаг ба эцэг эхчүүд тэдгээрт ховорхон оролцдог. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна. Үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй байгаа Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын үйл ажиллагаа, сургуультай нягт хамтран ажиллахын үр дүнг тодорхой харуулж, өөрчлөлтийг авчирч байна.

СЭЭБХ-д анх 2016 онд Монгол Улсад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн Боловсрол салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага төслийн (TAME) хүрээнд байгуулагджээ. Тус төсөл нь Монголын баруун болон төвийн бүсийн алслагдсан 8 аймаг дахь 20 сумын 31 орон нутгийн сургуулийг хамрав.   

Төслийг хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл төв ТББ-ын Тэргүүн Х.Наранжаргал тайлбарлахдаа “Нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслээр дамжуулан сургалт, боловсролын чанарыг сайжруулах нь СЭЭБХ-ны гол зорилго юм. Эцэг эх, багш нар нь хүүүхдийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг тул тэдний хооронд ойр дотно харилцаа хөгжүүлэхэд бид анхаарсан.”

Төслийн хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 1,200 гаруй эцэг эх, багш нарт нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг зааж сургасан байна. Эцэг эх, багш нарын дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй сэдвүүд дотор сургуулийн төсвийн мониторинг, худалдан авах ажиллагаа, сургалтын орчныг сайжруулах хэрэгцээг илүү сайн ойлгох зэрэг багтдаг.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын эцэг эх, багш нарын холбооны зохицуулагч Х.Саранчимэг хэлэхдээ “Өмнө нь эцэг эхчүүд бид хүүхдийнхээ сургуулиас гадуурх амьдралд л санаа тавих ёстой гэж боддог байсан. Харин сургуульд болж буй үйл явц бол зөвхөн сургуулийн захирал, ажилчдын асуудал гэж хардаг байсан.”


"Сургуулийн дотуур байранд амьдардаг сурагч сурлагын амжилт гаргадаггүй гэсэн хэвшмэл ойлголтыг няцааж чадсан. Энэ мэтчилэн хүүхдийн сурлага, боловсрол бодитой сайжирч байгааг хараад бид бүгд маш их урам зориг авч байна"
гэж Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ-ны гишүүн, сурагчийн аав Д.Бадел хэлэв

Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн эцэг эх, багш, сурагчид сургуулийн төсөв хэрхэн зарцуулагдаж буй талаарх мэдээллийг тогтмол авдаг боллоо. Үүгээр зогсохгүй сургуулийн төсвийн ил тод байдлын “Тунгалаг төсөв” самбарыг Хөвсгөл аймаг даяар хэрэгжүүлж эхлэх гэж байна.

“Ашиглагдаагүй үлдсэн аливаа хөрөнгийг юунд зарцуулах, сургуулийн төсвийг ирээдүйд хэрхэн илүү сайн төлөвлөж болох зэрэгт эцэг эхчүүд үнэтэй санал зөвлөмж гаргадаг. Ер нь эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийнхээ төлөө илүү алхам хийхээс хэзээд татгалздаггүй” гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтэн Н.Далайжаргал хэлэв.

Талуудын хамтын ажиллагааг хэвшүүлэхэд анхандаа амар байгаагүй ч, олон удаагийн уулзалт, арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд СЭЭБХ нь өдгөө сурагчийн сурлагад бодитой өөрчлөлт бий болгож байна.

Алслагдсан Баян-Өлгий аймгийн сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн сурлага гэртээ амьдардаг сурагчдын сурлагатай харьцуулахад хамаагүй доогуур байсаар иржээ. Уг асуудлыг СЭЭБХ-ны уулзалтаар хөндөж, өөрчлөлт хийхээр шийдсэн байна.

Үүний тулд багш нарын зүгээс дотуур байранд амьдарч буй сурагчдад хичээлийн хоцрогдлоо арилгахад нь туслах зорилгоор багш бүр долоо хоног бүр 1 цагийн давтлага өгч эхэлсэн. “Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар сургуулийнхаа дотуур байранд урьд өмнө нь орж үзээгүй зарим багш нар хүртэл өөрсдөө суралцаж, тэдэнд маш их туршлага болсон. Гэрээсээ хол амьдарч буй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг багш нар илүү ойлгож, анхаарах болсон.” гэж Архангай аймгийн Батцэнгэл сумын эцэг эх, багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Эрдэнэхүү багш хэлэв.

Нэмэлт цагийн давтлага явуулснаар ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг эрс сайжирсан байхад бага насны хүүхдүүдийн унших, бичих чадвар дээшилсэн байна. Мөн дотуур байранд амьдардаг нэг сурагч улсын хэмжээний олимпиадад байр эзэлсэн нь тухайн сургуулийн түүхэнд анх удаа дотуур байрны сурагч томоохон хэмжээний уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн явдал болов.

“Сургуулийн дотуур байранд амьдардаг сурагч сурлагын амжилт гаргадаггүй гэсэн хэвшмэл ойлголтыг няцааж чадсан. Энэ мэтчилэн хүүхдийн сурлага, боловсрол бодитой сайжирч байгааг хараад бид бүгд маш их урам зориг авч байна” гэж Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ-ны гишүүн, сурагчийн аав Д.Бадел хэлэв.

2018 оны 10-р сард Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоог байгуулж, тус холбооны анхдугаар форумыг зохион байгуулсан байна. Тус форумын үеэр холбооны 2019-2021 онд хэрэгжүүлэх  стратегийн төлөвлөгөөг баталж, сургалтын амжилтыг үргэлжлүүлэн сайжруулах, СЭЭБХ-ны гишүүдийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарахаар болов.

СЭЭБХ нь Монголын сургуулиудад өөрчлөлтийг бий болгож чадна гэдгийг хэдийнээ харуулаад байна. Гэвч энэ бол зөвхөн эхлэл юм. “Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо нь боловсролын салбар дахь эгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах эцэг эхчүүдийн нэгдмэл, хүчтэй дуу хоолой юм. Эцэг эхчүүд, багш нар сурах бичгийн чанар, түгээлт, төсвийн хуваарилалт зэрэг бодит асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллаж байна. Бид Монголын бүх хүүхдэд чанартай боловсрол олгохын төлөө эцэг эхчүүдийг боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нөлөө бүхий оролцогч тал байлгахыг зорино” гэж TAME төслийн түнш “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг хэлэв. 



Api
Api