Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн эцэг эх, багш, сурагчид сургуулийн төсөв хэрхэн зарцуулагдаж буй талаарх мэдээллийг тогтмол авдаг боллоо. Үүгээр зогсохгүй сургуулийн төсвийн ил тод байдлын “Тунгалаг төсөв” самбарыг Хөвсгөл аймаг даяар хэрэгжүүлж эхлэх гэж байна.
“Ашиглагдаагүй үлдсэн аливаа хөрөнгийг юунд зарцуулах, сургуулийн төсвийг ирээдүйд хэрхэн илүү сайн төлөвлөж болох зэрэгт эцэг эхчүүд үнэтэй санал зөвлөмж гаргадаг. Ер нь эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийнхээ төлөө илүү алхам хийхээс хэзээд татгалздаггүй” гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтэн Н.Далайжаргал хэлэв.
Талуудын хамтын ажиллагааг хэвшүүлэхэд анхандаа амар байгаагүй ч, олон удаагийн уулзалт, арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд СЭЭБХ нь өдгөө сурагчийн сурлагад бодитой өөрчлөлт бий болгож байна.
Алслагдсан Баян-Өлгий аймгийн сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн сурлага гэртээ амьдардаг сурагчдын сурлагатай харьцуулахад хамаагүй доогуур байсаар иржээ. Уг асуудлыг СЭЭБХ-ны уулзалтаар хөндөж, өөрчлөлт хийхээр шийдсэн байна.
Үүний тулд багш нарын зүгээс дотуур байранд амьдарч буй сурагчдад хичээлийн хоцрогдлоо арилгахад нь туслах зорилгоор багш бүр долоо хоног бүр 1 цагийн давтлага өгч эхэлсэн. “Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар сургуулийнхаа дотуур байранд урьд өмнө нь орж үзээгүй зарим багш нар хүртэл өөрсдөө суралцаж, тэдэнд маш их туршлага болсон. Гэрээсээ хол амьдарч буй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг багш нар илүү ойлгож, анхаарах болсон.” гэж Архангай аймгийн Батцэнгэл сумын эцэг эх, багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Эрдэнэхүү багш хэлэв.
Нэмэлт цагийн давтлага явуулснаар ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг эрс сайжирсан байхад бага насны хүүхдүүдийн унших, бичих чадвар дээшилсэн байна. Мөн дотуур байранд амьдардаг нэг сурагч улсын хэмжээний олимпиадад байр эзэлсэн нь тухайн сургуулийн түүхэнд анх удаа дотуур байрны сурагч томоохон хэмжээний уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн явдал болов.
“Сургуулийн дотуур байранд амьдардаг сурагч сурлагын амжилт гаргадаггүй гэсэн хэвшмэл ойлголтыг няцааж чадсан. Энэ мэтчилэн хүүхдийн сурлага, боловсрол бодитой сайжирч байгааг хараад бид бүгд маш их урам зориг авч байна” гэж Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ-ны гишүүн, сурагчийн аав Д.Бадел хэлэв.
2018 оны 10-р сард Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоог байгуулж, тус холбооны анхдугаар форумыг зохион байгуулсан байна. Тус форумын үеэр холбооны 2019-2021 онд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөг баталж, сургалтын амжилтыг үргэлжлүүлэн сайжруулах, СЭЭБХ-ны гишүүдийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарахаар болов.
СЭЭБХ нь Монголын сургуулиудад өөрчлөлтийг бий болгож чадна гэдгийг хэдийнээ харуулаад байна. Гэвч энэ бол зөвхөн эхлэл юм. “Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо нь боловсролын салбар дахь эгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах эцэг эхчүүдийн нэгдмэл, хүчтэй дуу хоолой юм. Эцэг эхчүүд, багш нар сурах бичгийн чанар, түгээлт, төсвийн хуваарилалт зэрэг бодит асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллаж байна. Бид Монголын бүх хүүхдэд чанартай боловсрол олгохын төлөө эцэг эхчүүдийг боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нөлөө бүхий оролцогч тал байлгахыг зорино” гэж TAME төслийн түнш “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг хэлэв.