Skip to Main Navigation
publication

Үндэс суурийг бэхжүүлэх нь: Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь багш нар ба суурь боловсрол

The World Bank

Үндэс суурийг бэхжүүлэх нь

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх дунд орлоготой орнуудын 10 настай хүүхдүүдийн талаас илүү хувь нь тухайн насны онцлогт тохирсон текстийг уншиж, ойлгох чадваргүй байна. Баттай ур чадварыг сул суурин дээр эзэмших боломжгүй. Мөн сул ур чадвар нь өндөр орлоготой орны статустай болоход шаардлагатай бүтээмжийн өсөлтийг хангахгүй. Сургалт, технологийг хослуулан багш нарыг чадавхжуулах нь суралцахуйн анхан шатны үр дүнг сайжруулж бэхжүүлэх түлхүүр юм.

Боловсролын салбарт эрт хийсэн хөрөнгө оруулалт Зүүн Азийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр нь байв. Бичиг үсэг тайлагдсан, тоо бодох чадвартай тариаланчид шинэ үр, бордоог сайшаан хүлээж авснаар ногоон хувьсгалыг эхлүүлсэн түүхтэй. Үүний үр дүнд бүтээмж нэмэгдсэн нь ажилчдад хөдөө аж ахуйг орхиж, эзэмшсэн суурь ур чадвараа экспортод чиглэсэн үйлдвэрлэлд ашиглах боломжийг олгосон. Энэхүү бүтцийн хувьсал өөрчлөлт нь эдийн засгийн бүтээмжийн өсөлтийг хурдасгасан билээ.

Гэсэн хэдий ч, өнгөрсөн үед олсон ололт амжилт Зүүн Ази, Номхон далайн дунд орлоготой бүс нутаг дахь боловсролын хангалтгүй байдлыг далдлах эрсдэлтэй байна. Сургуульд элсэлт, боловсролын түвшинд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан хэдий ч дунд орлоготой ихэнх орнуудын 10 настай хүүхдүүдийн талаас илүү хувь нь тухайн насны онцлогт тохирсон текстийг уншиж, ойлгох чадваргүй байгаа нь суралцахуйн ядуурал гэж нэрлэгддэг үзэгдэл юм. Сурсан эрдэм мэдлэг хуримтлагддаг тул эдгээр хүүхдүүдийн ихэнх нь улс орнуудыг дунд орлоготойгоос өндөр орлоготой орон болох боломж олгох шинэлэг үйлдвэрлэл, орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ, бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэх эдийн засгийн үйл ажиллагаанд шаардагдах ахисан түвшний ур чадварыг хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Бүс нутгийн бүх дунд орлоготой орнуудын суралцахуйн ядуурлын түвшин өндөр орлоготой Япон, БНСУ, Сингапур зэрэг орнуудаас мэдэгдэхүйц өндөр байна. Түүнээс гадна, дундаас доош орлоготой Камбож, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ), Папуа шинэ гвинейд тулгамдсан сорилт бэрхшээл бүр ч их байна. Бүхий л улс орнуудад хөдөө орон нутаг, ядуу бүс нутаг дахь боловсролын чанар хот суурин газар болон хөгжсөн чинээлэг бүс нутагтай харьцуулахад хамаагүй сул байдаг. Суурь боловсролын эдгээр байнгын хомсдол нь Ковид-19 (коронавирус) цар тахлын нөлөөгөөр улам бүр хурцаджээ.    

Иймд энэхүү тайлан нь илүү ахисан түвшний ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай суурь боловсрол буюу бичиг үсэг тайлагдах, тоо бодох чадварт анхаарлаа хандуулав. Уг тайлан бүс нутгийн ихэнх сурагчдын суурь боловсрол эзэмшдэг улсын сургуулиудыг анхаарч үзлээ. Эцэст нь, тайланд хүүхдүүдийн суралцахад гол үүрэг гүйцэтгэдэг багш нарт анхаарлаа төвлөрүүлсэн болно.