УЛААНБААТАР ХОТ, 2024 оны 9-р сарын 24 — Сүүлийн жилүүдэд эрх, тэгш байдлыг хангах чиглэлд томоохон шинэчлэл хийгдсэн хэдий ч Монгол эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах чиглэлээр олж авсан өмнөх ахиц дэвшлээс ухрахад хүргэж болзошгүй бэрхшээлүүдтэй тулгарсаар байна.
Дэлхийн Банкны Жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний тайланд дурдсанаар хэд хэдэн гол салбарт, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 39 буюу хамгийн доод түвшинд хүрч буурсан нь бүс нутгийн дундаж болох 74-ийн тал гаруй хувьтай тэнцэж байна.
Монгол Улс үндэсний хөгжлийн хөдөлгөгч хүч болох жендэрийн тэгш байдлыг хангах үүрэг, амлалтдаа нийцүүлэн сүүлийн таван жилд Хөдөлмөрийн тухай хууль, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг хууль тогтоомжид эрх тэгш байдлын тухай чухал шинэчлэлүүд хийгээд байна. Дэлхийн Банкнаас саяхан танилцуулсан Эмэгтэйчүүд, бизнес ба хууль эрхзүйн орчны индексээс харахад Монгол Улсад эмэгтэйчүүдийн хууль эрх зүйн хамгаалалт дэлхийн болон бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлттэй байна.
“Жендэрийн тэгш байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний хөгжлийн алсын хараанд хүрэх үндэс суурь юм. Цаашид тус улсын өмнө тулгамдаж буй сорилт бол сүүлийн хэдэн арван жилд олж авсан жендэрийн тэгш байдлын ололт амжилтыг хадгалахын зэрэгцээ хамгийн амь бөхтэй оршин буй жендэрийн ялгааг шийдвэрлэх явдал юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв.
Жендэрийн ялгаатай байдал нь ажиллах хүчинд оршсоор ирсэн тэгш бус байдалд илэрхий байна. Тайлангаас харахад их, дээд сургууль төгссөн хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байгаа ч тэд эрчүүдтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэх нь 15 хувиар бага бөгөөд дунджаар 25 хувиар бага цалин авч байна.
Манлайлал, шийдвэр гаргах түвшинд төлөөллийг тэгш хангахад мөн саад бэрхшээл тулгарсаар байна. Эмэгтэйчүүд төрийн захиргаанд олноор ажилладаг ч улс төрийн болон бодлого боловсруулах үйл явцад дуу хоолойгоо хангалттай хүргэж чадахгүй байна. Тухайлбал, эмэгтэйчүүд дунд шатны удирдах албан тушаалтны дөнгөж 30 хувийг, дээд түвшний удирдах албан тушаалтны 15 хувийг эзэлж байна.
Жендэрийн тухай өрөөсгөл хандлага, нийгмийн хэвшмэл ойлголтыг дагаж мөрддөг нь үүнийг тайлбарлах чухал хүчин зүйл болдог. Үүний тод жишээ нь Монголд эмэгтэйчүүд, бэлгийн болон жендэрийн цөөнхийн эсрэг хүчирхийллийн түвшин өндөр байгаа явдал юм. Таван эмэгтэй тутмын нэг нь 15 наснаас өмнө хүчирхийлэлд өртөж байсан тухай мэдээлсэн нь үе дамжин үргэлжлэх сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Эмэгтэйчүүд болон цөөнхийн бүлгүүд хамгийн хүнд сорилтуудтай тулгардаг ч эрчүүд жендэрийн тэгш бус байдлаас ангид байдаггүй. Тухайлбал, хүн амын дундаж наслалтын тоо баримтаас харахад Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс дунджаар 9.4 жилээр бага байна. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн том зөрүү бөгөөд дэлхийд 12-т жагсах үзүүлэлт юм.
Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг биелүүлэх олон боломж буйг тус тайланд тодорхойлсон байна. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон шилжилт хийх хүрээнд эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр бий болгох, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалахад чиглэсэн илүү тууштай арга хэмжээ, эрчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэлзүйн үйлчилгээг сайжруулах зэрэг багтжээ.