Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2024.3.31

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг гадаад орчин амаргүй байгаа ч өсөлтөө хадгална

Урт хугацаанд тогтвортой хадгалагдах эдийн засгийн өсөлтийг хангахад компаниудын бүтээмжийн өсөлтийг зогсонги байдлаас гаргах явдал чухал үүргийг гүйцэтгэнэ.

ВАШИНГТОН ХОТ, 2024 оны 3-р сарын 31— Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд  дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад илүү хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өсөлтийн хурдац цар тахлын өмнөх үеийг гүйцэхгүй байна гэж Дэлхийн Банк өнгөрөгч ням гарагт тус бүс нутгийн эдийн засгийн төлөвийг тодорхойлсон хагас жилийн тайланг танилцуулах явцдаа тэмдэглэв. Сэргэж буй дэлхийн худалдаа эргэлт, зөөлөрч буй  санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал тус бүс нутгийн эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байгаа хэдий боловч өсөн нэмэгдэж буй протекционизм, бодлогын тодорхой бус байдал зэрэг нь тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн эрчийг сулруулж болзошгүй байна.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2023 онд 5.1 хувь байсан бол 2024 онд 4.5 хувь болж буурах төлөвийг Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн төлөв, 2024 оны 4-р сар тайландаа дэвшүүлсэн байна. БНХАУ-ыг оролцуулахгүйгээр тооцсон  Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг өсөлт 2024 онд  өмнөх оны 4.4 хувийн үзүүлэлтээс ялимгүй өндөр буюу 4.6 хувь байх таамгийг мөн дэвшүүлж байна. 2023 онд 5.2 хувиар тэлсэн БНХАУ-ын эдийн засаг энэ онд өрийн өндөр түвшин, үл хөдлөх хөрөнгийн салбарт учирсан хүндрэлүүд, худалдааны сөргөлдөөн зэргээс шалтгаалан харьцангуй доогуур 4.5 хувиар тэлэх төлөвтэй байна. Номхон далайн арлын орнуудын эдийн засаг өнгөрөгч онд 5.6 онд хувиар тэлж байсан бол энэ онд цар тахлын дараах сэргэлт сулрах шалтгаанаар өсөлтийн хувь хэмжээ 3.6 хувь болж сулрах төлөвтэй байна. Үүнд Фижигийн эдийн засаг 2023 оны рекорд 8 хувийн өсөлтөөс хэвийн төлөв буюу 3.5 хувийн өсөлтрүү орох төлөв нөлөөлж байгаа юм.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт илүү ярвигтай бөгөөд тодорхой бус гадаад орчин, хүн амын насжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө гээд олон сорил бэрхшээл тулгарч байгаа хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт тэлэлтэд томоохон хувь нэмрийг оруулсаар байна” хэмээн  Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Мануела Ферро хэлэв. Тэрээр мөн “Тус бүс нутгийн улс орнууд эдийн засгийн илүү орон төрлийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад нээлттэй болгох үйл явцыг эрчимжүүлэх, банк санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүтээмжийг дээшлүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарснаар эдийн засгийн өсөлтийн эрчийг хадгалах боломжтой” хэмээн онцлов.

Эдийн засгийн төлөвт дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүү удаашрах, томоохон эдийн эдийн засагтай улс орнуудын бодлогын хүү илүү урт хугацаанд өндөр түвшинд байх, эдийн засгийн бодлогын таашгүй тодорхой бус байдал бүхий  дэлхийн улс орнуудын тоо өсөх, геополитикийн нөхцөл байдал даамжрах гэх зэрэг эрсдэлүүд бий.

Бүс нутгийн тэргүүлэгч  компаниудын бүтээмжийн өсөлт дэлхийн тэргүүлэгч компаниудын бүтээмжийн өсөлтөөс хоцорч байгаа асуудлыг тайлангийн тусгай сэдэвт онцолсон юм. Энэхүү хоцрогдол нь цахимжилт өндөр салбаруудад илүү байна. Шинэ дэвшилтэт технологи эхлээд тэргүүлэгч компаниудад нэвтэрч дараа нь бусад компаниудад нэвтрэх нь түгээмэл тул дээрх чиг хандлага нь нийт бизнесийн салбарт нөлөөлөхүйц асуудал болоод байгааг тайланд дурджээ.  

Өрсөлдөөнтэй холбогдох учир дутагдлууд, ажиллах хүчний жигд бус чадвар, сул менежмент зэрэг нь компаниудын бүтээмжийн өсөлт сул байгаад мөн нөлөөлж байна. Бараа, үйлчилгээний зах зээлүүдийг өрсөлдөөнд илүү нээлттэй талбар болгох, багшийн хөгжил, шаталсан сургалтын тогтолцоонд оруулах хөрөнгө оруулалтад анхаарах байдлаар хүний капиталын хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьснаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

“Өнгөрөгч хэдэн арван жилийн туршид тус бүс нутаг нэг хүнд ногдох орлогын үзүүлэлтээр хөгжиж буй бусад орнуудаас давуу байж ирсэн ч, энэ амжилт нь нийт бүтээмжийн өсөлтөөр бус хөрөнгө оруулалтаар буй болгосон амжилт байсан юм” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ахлах эдийн засагч Аадитья Маттоо хэлэв. Чөлөөт өрсөлдөөнийг өдөөх, шаардагдах дэд бүтцийг хөгжүүлэх, боловсролын салбарт реформ шинэчлэл хийх бодлогын шийдэмгий арга хэмжээг хэрэгжүүлснээр бүс нутгийн эдийн засгийг сэргээн дээш татах боломжтой” хэмээн тэрээр мөн онцолсон юм.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2024/051/EAP

Холбоо барих

Вашингтон хотод:
Марк Фелсентал
+1 202 602 9673

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image