Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2023.5.17

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли томилогдлоо

УЛААНБААТАР ХОТ, 2023 оны 5 дугаар сарын 17  — Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Таехюн Ли 5 дугаар сарын 15-ны өдөр томилогдлоо.

Суурин төлөөлөгч Ли засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад хамтрагч талуудтай хийх Дэлхийн Банкны бодлогын хэлэлцүүлгийг залан чиглүүлж, Монгол дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын баг хамт олныг удирдан ажиллах юм.

Тэрбээр Монгол Улс КОВИД-19 цар тахлын хямралыг богино хугацаанд даван туулж, ирээдүйд илүү тогтвортой, хүртээмжтэй, уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Дэлхийн Банк Группийн 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн хүрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.

Суурин төлөөлөгч Ли 2013-2017 онд Улаанбаатар хотод Монголыг хариуцсан Ахлах эдийн засагчийн албыг хашиж байх хугацаандаа макро эдийн засаг болон төсвийн бодлого, санхүүгийн салбарын хөгжил, төрийн санхүүгийн удирдлага, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих стратеги болон бүтцийн шинэчлэлийн чиглэлээр Дэлхийн Банкны хамтын ажиллагааг хариуцаж байв.

Суурин төлөөлөгчөөр томилогдохын өмнө тэрбээр Непал, Шри Ланка, Мальдив улсын Хүртээмжтэй өсөлт, Санхүү, Байгууллагын салбар хариуцсан улсын ахлах эдийн засагч, хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байв. Таехюн Ли 2010 оноос Дэлхийн Банканд ажиллаж байна.

Таехюн Ли Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл дэх Вашингтоны Их Сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг (Ph.D.) хамгаалсан.

(Шинэчлэв)

 

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2023/075/EAP

Холбоо барих

Улаанбаатарт
Б.Жавхлан
+976 70078207

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image