Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2022.9.27

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг тогтвортой өсөлтийг хадгалж, инфляцыг хазаарлаж байгаа ч цаашид эрсдэл нэмэгдэхээр байна

Дотоод эрэлт сэргэж, бүсийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна

ВАШИНГТОН ХОТ, 2022.09.26 –Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд КОВИД-19 цар тахлын нөлөөнөөс сэргэж байгаа бол Хятад улс вирусын тархалтыг хязгаарлах арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаагаас шалтгаалан өсөлтийн эрч нь суларлаа хэмээн Дэлхийн Банкны Даваа гарагт нийтэлсэн тайланд дурджээ.

Цаашид дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, өрийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ хүнс болон шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор түр хугацааны арга хэрэгсэлд найдсаар байвал бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хятадын эдийн засгийг хасаж тооцвол хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2021 онд 2.6 хувиар өсөж байсан бол 2022 онд өсөлт 5.3 хувьд хүрч эрчимжих төлөвтэй хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2022 оны 10-р сарын эдийн засгийн тоймд дурджээ. Өмнө нь тус бүс нутагт сэргэлтээрээ тэргүүлж байсан Хятад улсын өсөлт 2022 онд 2.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь 2021 оны 8.1 хувийн өсөлттэй харьцуулахад огцом буурах үзүүлэлт юм. Бүс нутгийн хувьд ерөнхийдөө өсөлт 2021 онд 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 хувь болж саарах, ирэх онд 4.6 хувьд хүрч эргэн сэргэх төлөвтэй байна гэж тус тайланд дурджээ.

"Зүүн Ази, Номхон далайн ихэнх оронд эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байна" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро хэлээд, "дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед улс орнууд дотоод бэлтгэлээ хангах шаардлагатай бөгөөд ингэхдээ урт хугацааны хөгжилд саад болохуйц бодлогын доголдлуудаа шийдвэрлэх нь зүйтэй" гэдгийг онцлов.

КОВИД-19 цар тахлын эсрэг хөл хорио суларч дотоод эрэлт сэргэсний зэрэгцээ экспорт өссөн нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх орны эдийн засгийн өсөлтөд голлох нөлөөг үзүүлж байна. Бүс нутгийн нийт үйлдвэрлэлийн 86 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс вирусын дэгдэлтийг тогтоохын тулд нийгмийн эрүүл мэндийн зорилтот арга хэмжээг авч байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг нь хязгаарлаж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч улмаар тус бүс нутгийн түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүний экспортын эрэлтийг сааруулж эхлээд байна. Бүс нутгаас гаднах улс орнуудад инфляц эрчимжиж, бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хүргэсэн бол энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн зарим орнуудаас хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдүүлж, улмаар дотоодын валютын ханш сулрахад хүргэжээ. Хөрөнгө гадагшлах, ханш сулрах зэрэг үйл явц нь гадаад өрийн үйлчилгээний дарамтыг нэмэгдүүлж, төсвийн орон зайг хумих замаар цар тахлын өмнө ч өрийн өндөр дарамттай байсан улс орнуудад томоохон хүндрэл учруулж байна.

Бүс нутгийн улс орнууд хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөөс айл өрх, аж ахуйн нэгжийг хамгаалахыг эрмэлзэж байгаа нь түр хугацаандаа үнийн дарамтыг бууруулах дэм болж байгаа ч өмнө нь бий болгосон зах зээлийн зарчмыг гажуудуулах бодлогын доголдлыг улам нэмэгдүүлж байна. Хүнсний үнэ болон эрчим хүчний татаасыг хянах арга хэмжээ нь нийгмийн чинээлэг бүлэгт илүү ашигтай бөгөөд төсвийн хязгаарлагдмал эх үүсвэрийг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гэх мэт  салбаруудад хүртээмжгүй болгодог. Цар тахлын үед зээл олголтыг дэмжихэд чиглэсэн зээлийн эргэн төлөлтийг хөнгөвчилсөн зохицуулалт нь бизнесийн чадамжгүй аж ахуйн нэгжид санхүүгийн нөөц бололцоог түгжиж, хөрөнгийн эх үүсвэрийг өндөр потенциалтай, хурдтай сэргэх ирээдүйтэй салбар, бизнесээс холдуулж болзошгүй.

"Бодлого боловсруулагчид инфляцыг барих эсхүл эдийн засгийн сэргэлтийг дэмжих хоёрын хооронд сонголт хийх болж байна" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадитя Маттоо хэлээд, “үнийн зохицуулалт хийж, аль нэг салбарт татаас олгох нь зах зээлд үнэ тогтох зарчмыг будилаантуулж, улмаар эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Хүнс, түлш, санхүүгийн үйлчилгээний талаар илүү оновчтой бодлого хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ цаашдаа үнийн өсөлтөөс хамгаалах болно" хэмээн тэмдэглэв.

Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорио цуцлагдаж, эдийн засаг эргэн нээлттэй болж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь оны хоёрдугаар улиралд эдийн засагт гол дэмжлэг үзүүллээ. Хувийн болон төрийн салбар дахь хөрөнгө оруулалтууд,  өрхийн хэрэглээ өсөж дотоод эрэлтийг дэмжих төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2022 онд эдийн засаг 2.4 хувиар л өсөхөөр байна. Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж дунджаар 6 хувьд хүрэхээр байна.

Эдийн засгийн төлөв цаашид хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс мөн хамаарахаар байна. Тухайлбал, Украйн дахь дайн сунжрах, Хятад дахь КОВИД-19-ын нөхцөл байдал даамжирч тэг-Ковид бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчтэй чангарах зэргээс үүдэн Монголын эдийн засагт төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай улам хумигдах, инфляцын дарамт эрчимжих зэрэг эрсдэлийг дурдаж болно. Эдгээр эрсдэлүүд нь Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдлыг улам тодотгож байна. Төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлснээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж байгаа энэ үед төсвийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ бодлогын орон зайг бий болгоход чухал ач холбогдолтой байна.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2023/018/EAP

Холбоо барих

Вашингтон хотод
Ким Смитис
+1(202) 458-0152
Улаанбаатар хотод
Б.Жавхлан
+976 70078207

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image