ВАШИНГТОН ХОТ, 2022 оны 5 дугаар сарын 25– Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл өнөөдөр “Монгол Улсын Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон Улсын Хөгжлийн Ассоциацын 10 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа. Уг төсөл нь зав тээврийн биет холболтыг сайжруулах замаар Монголын мах боловсруулах ложистикийн зардлыг бууруулах зорилготой.
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тус төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн ач холбогдол бүхий зам тээврийн дэд бүтцийг барьж байгуулах шаардлага болон эдийн засгийн чухал салбаруудын ложистикийг сайжруулах зорилготой нийцэж байна. Бид Дэлхийн Банктай түншлэн ажиллахдаа баяртай байгаа бөгөөд төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Энэхүү төсөл нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монголын эдийн засгийг төрөлжүүлэн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад дэм болно. Монгол Улс ойролцоогоор 70 сая орчим малтай бөгөөд энэ нь ядуу буурай амьдралтай иргэдийн хувьд ихэнхийнх нь амьжиргааг залгуулдаг. Үүн дээр түшиглээд махны салбар нь эдийн засгийн хөгжлийг түүчээлэн, амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Гэвч биет холболт хангалтгүй, ложистикийн үр ашигтай байрлал бүхий төвүүд байхгүй, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл дутмаг байдаг зэрэг нь махны салбарын нөөц бололцоог бүрэн ашиглахад тулгарч буй гол саад бэрхшээлүүд юм.
Дэлхийн Банкны Монгол Улсын хариуцсан менежер Андрей Михнев “Эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ ложистикийг сайжруулан, зам тээврийн биет холболтыг сайжруулахад хөрөнгө оруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавихад тустай. Монгол Улсад ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тэсвэртэй болохын тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь чухал юм,” гэжээ.
Монголын мах боловсруулах салбарын биет холболтыг сайжруулж, ложистикийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор, тус төслийн хүрээнд замын байгууламжийн менежментийн орчин үеийн туршлагуудыг нэвтрүүлэн, малчны хоттой холбогддог 51 км замыг сэргээх, малын тоо толгой, тээврийн урсгал хамгийн ихтэй автозамын үндэсний сүлжээн дэх нийт 311 км замыг засах, төр ба хувийн хэвшдлийн түншлэлд тулгуурлан бүс нутгийн загвар ложистикийн төв байгуулах замаар ложистикийн үйлчилгээг сайжруулах, ложистик ба нийлүүлэлтийн сүлжээний платформыг бий болгох ажлуудыг гүйцэтгэх юм.
Зам тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл нь Дэлхийн Банкны Монгол Улс: InfraSAP-ийн тайлан, 2021-2025 онд Монгол Улстай түншлэн ажиллах хүрээ-г чиглэл болгон баримтална. Уг төсөл нь чухал дэд бүтцэд хөрөнгө оруулах, ложистикийн үйлчилгээг сайжруулах, үндэсний ложистикийн зохицуулалтын тогтолцоог шинэчлэх замаар баялаг бүтээх салбаруудын түгжээг тайлж, эдийн засгийг төрөлжүүлэх Монгол Улсын Засгийн газрын алсын харааг дэмжих юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: www.worldbank.org/mongolia
Facebook: /WorldBankMongolia
Twitter: @WB_AsiaPacific