Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2021.12.30

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2020 ОНД 27.8 ХУВЬ БОЛЛОО

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Дэлхийн банктай (ДБ) 2002 оноос эхлэн ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2020 оны ядуурлын үр дүнг Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар тооцоолон танилцуулж байна.

Хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8[1] хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна.

Хот суурин газарт 2018-аас 2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Цар тахал ядуурлыг бууруулах хурдыг удаашруулсан байна өөрөөр хэлбэл ядуурлын түвшин 2020 онд 2018 оноос бага зэрэг буурсан хэдий ч хэрэв коронавирусийн цар тахал дэгдээгүй байсан бол илүү (3 орчим нэгж хувиар) буурахаар байв. Энэ нь үнэндээ цар тахлаас шалтгаалан ядуурал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн болохыг харуулж байна. Коронавирусийн цар тахлын өрхийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын олон талт арга хэмжээ, хөтөлбөрүүд ядуурлын өсөлтийг хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байна.

Хүснэгт 1. Ядуурлын түвшин, ядуу хүн амын тоо, 2018, 2020

 

Ядуурлын түвшин, хувиар

Ядуу хүн амын тоо, мян.хүн

 

 

2018

95 хувийн итгэх интервал

 

2020

95 хувийн итгэх интервал

 

2018

 

2020

Доод

Дээд

Доод

Дээд

Улсын дундаж

28.4

27.1

29.7

27.8

26.4

29.2

904.9

903.4

Хот

27.2

25.4

29.0

26.5

24.6

28.3

574.6

577.6

Хөдөө

30.8

29.2

32.4

30.5

28.3

32.6

330.3

325.8

[1] 2020 оны өрхийн хэрэглээ болон ядуурлын түвшинг тайлбарлагч хувьсагч ашиглан орлуулга хийх аргачлалыг ашиглан тооцоолов. (Хавсралтыг үзнэ үү.)

Хавсралт. 2020 оны ядуурлын тооцоо хийсэн аргачлал

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь (ӨНЭЗС) хүн амын амьжиргаа, ядуурлын тоо мэдээллийг гаргах, хянах үндсэн суурь судалгаа юм. Үндэсний статистикийн хороо (ҮСХ) 2012 оноос эхлэн хоёр жилд нэг удаа улс, хот, хөдөөгийн түвшинд, 2016 оноос судалгааны түүврийн хэмжээг нэмэгдүүлэн улс, хот, хөдөө, аймгийн түвшинд ядуурлын тооцоог хийн тархааж ирсэн.

ҮСХ олон улсын туршлагыг нэвтрүүлэн хүн амын хэрэглээний мэдээллийг сайжруулахын тулд 2020 оны ӨНЭЗС-ны мэдээлэл бүрдүүлэх загварт өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтүүд нь хүн амын хэрэглээний мэдээллийн нарийвчлалыг сайжруулсан хэдий ч өрхийн хэрэглээний харьцуулагдах боломжийг бууруулсан, мөн коронавирусийн цар тахал өрхийн хэрэглээний хандлага, мэдээлэл цуглуулалтад нөлөөлсөн зэргээс шалтгаалан хүн амын хэрэглээ, ядуурлын байдлыг өмнөх жилүүдтэй харьцуулагдах боломжийг хангах үүднээс 2020 оны ядуурлын тооцоог тайлбарлагч хувьсагч ашиглан орлуулга хийх арга болох SWIFT PLUS (Survey of Well-being via Instant and Frequent Tracking”)[2] аргачлалыг ашиглан загварчилж тооцсон болно.

SWIFT PLUS аргачлалыг ашиглан 2018 оны ӨНЭЗС-г суурь болгон хүн амын хэрэглээг загварчлан тухайн загвар дээрээ үндэслэн 2020 оны өгөгдлөөр таамагласан хэрэглээ, ядуурлыг тооцож гаргасан. Түүнчлэн аймгийн түвшний ядуурлын тооцооны үр дүнг сайжруулах зорилгоор аймгуудыг бүлэглэн (хотын 8 бүлэг, хөдөөгийн 6 бүлэг) тус тусад нь загварчлан, ядуурлыг улс, хот, хөдөө, аймгийн түвшинд тооцов. Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдлын судалгааны баг, SWIFT судалгааны багийн нягт хамтын ажиллагаа, техникийн тусламжтайгаар 2020 оны ядуурлын тооцоог хийсэн болно.   

[2] Аргачлалын дэлгэрэнгүйг Yoshida, N., R. Munoz., A. Skinner., C. Kyung-eun Lee., M. Brataj., W. Durbin and D. Sharma (2015). “Survey of Well Being via Instant and Frequent Tracking (SWIFT) Data Collection Guidelines.”, Washington D.C, World Bank Group. гарын авлага болон Монгол Улсын 2020 оны ядуурлын тооцоо хийсэн техникийн гарын авлагаас харна уу.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2022/053/EAP

Холбоо барих

Үндэсний Статистикийн Хороо
Засгийн газрын III байр, Бага тойруу 44, Сүхбаатар дүүрэг
+(976-51)-262325, 1900-1212
https://www.1212.mn
information@nso.mn
https://www.nso.mn
Дэлхийн банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар
Сөүлийн гудамж – 4, М-Си-Эс Плаза, 5-р давхар 210644 Улаанбаатар
+(976) 7007 8207
Api
Api