Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2021.3.25

Жигд бус сэргэлт Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна

ВАШИНГТОН ХОТ, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр – Дэлхийн Банкнаас өнөөдөр танилцуулж буй тус бүс нутгийн эдийн засгийн талаарх шинэчилсэн мэдээнд дурдсанаар, КОВИД-19 цар тахал эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн (ЗАНДБН) хөгжиж буй улс орнууд илт жигд бус сэргэлттэй нүүр тулаад байна.

Гагцхүү Хятад болон Вьетнам улсууд л 2020 онд V-хэлбэрийн сэргэлтийн замд орж, эдийн засаг нь КОВИД-19-ийн өмнөх түвшнийг даваад байна.  Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байв. Номхон далайн арлын улс орнууд бусдаас илүү хүнд цохилтод ороод байна. Эдийн засгийн төлөв байдал нь вирусийн тархалтыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, олон улсын худалдааны сэргэлтийн давуу талыг ашиглах чадвар, улс орнуудын төсөв, санхүүгийн болон мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэх чадавхаас хамаарч байна.

2020 онд тус бүс нутаг дахь ядуурал сүүлийн хэдэн арван жилд анх удаа буурсангүй. Цар тахлын улмаас, бүс  нутгийн 32 сая хүн ам (ядуурлын шугам болох хоногийн 5.50 ам. доллар) ядуурлаас ангижрах боломжоо алдлаа.

"КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн цочрол нь ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг тасалдуулж, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна" хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэлээд, " 2021 онд сэргэлт эхэлмэгц улс орнууд хүн амын эмзэг бүлгийг хамгаалах, хүртээмжтэй, ногоон, бат бөх сэргэлтийг бий болгоход чиглэсэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн онцлов.

Цар тахал, үүнээс үүдэлтэй зогсонги байдал, мөн түүнчлэн төрийн үйлчилгээ, халамж  болон дижитал технологийн тэгш бус хүртээмжээс шалтгаалан тэгш бус байдал улам бүр нэмэгдлээ. Зарим улс орнуудын хувьд, амьжиргааны түвшнээрээ хүн амын доод 40 хувьд хамаарах өрхүүдийн хүүхдүүдийг амьжиргааны түвшин дээгүүр 20 хувьд хамаарах өрхийн хүүхдүүдтэй харьцуулахад сурч боловсрох боломж нь 20 хувиар доогуур байна. Эмэгтэйчүүд өмнөхөөс илүүтэйгээр хүчирхийлэлд өртөж байна: БНАЛАУ-д судалгаанд оролцогчдын 25 хувь, Индонезид 83 хувь нь КОВИД-19-ийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл улам бүр нэмэгдсэн гэж хариулжээ.

Бүс нутгийн өсөлт 2020 онд урьдчилсан тооцоогоор 1.2 хувиар өссөн бол 2021 онд 7.5 хувь болж хурдсах төлөвтэй байна. Гэхдээ өсөлтийн хурд нь гурван өөр түвшинд байхаар байна. Хятад болон Вьетнам улсын эдийн засаг 2020 онд 2.3 болон 2.9 хувиар тус тус өссөн бол, 2021 онд илүү хурдацтайгаар буюу 8.1 болон 6.6 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Хямралд илүү их нэрвэгдсэн бусад томоохон эдийн засагтай улс орнуудын өсөлт хямралын өмнөх үеийн өсөлтөөс арай доогуур буюу дунджаар 4.6 хувь байхаар байна. Харин, аялал жуулчлалаас хамааралтай арлын орнуудын эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна.

АНУ-ын эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний нөлөөгөөр 2021 онд тус бүс нутгийн улс орнуудын өсөлт дунджаар 1 нэгж хувиар нэмэгдэн, эдийн засгийн сэргэлт дунджаар гурван сараар урагшлах боломжтой гэж тус тайланд тооцоолжээ. Гэхдээ вакцинжуулалт удааширвал зарим улс оронд өсөлт 1 нэгж хувиар буурч, сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй байна.

Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон ААН-үүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн түүнчлэн, глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь ГШХО, уул уурхай болон мөн тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Гэвч дотоодод болон дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Тайланд халдварын тархалтыг тогтоон барих, эдийн засгийг дэмжих, сэргэлтийг ногоон хөгжлийн зарчимд нийцүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг уриалав. Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтын төлөвийг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, харин хөгжиж буй улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн  олон улс орнуудын хувьд улсаас олгож буй дэмжлэг нь иргэд, ААН-үүдийн орлогын алдагдлыг бүрэн нөхөхөд хүрэлцэхгүй, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн санхүүжилт нь дотоод эрэлтийн уналтыг нөхөхгүй, хэдийгээр улсын өр дунджаар ДНБ-ий 7 хувьтай тэнцэх хэмжээгээр өссөн ч төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийг сэргээх арга хэмжээнд чухал хүчин зүйл болж чадахгүй байна. Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийг сэргээх арга хэмжээний багцуудад "ногоон" арга хэмжээнээс илүүтэй "хүрэн" үйл ажиллагаа давамгайлж байгаа нь бүс нутгийн улс орнуудын дунджаар авч үзэхэд, эдийн засгийн сэргэлтэд чиглэсэн дөрвөн арга хэмжээ тус бүрийн нэг нь л уур амьсгалд ээлтэй арга хэмжээ байгаагаас харагдаж байна.

"Бидэнд, халдварын тархалтыг тогтоон барих, эдийн засгийг дэмжих, сэргэлтийг ногоон хөгжлийн зарчимд нийцүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байна" хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн ерөнхий  эдийн засагч Аадитя Мату хэллээ. Мөн тэрээр,“Хятад улс илүү их эм зүйн бүтээгдэхүүн экспортлох, түүний хэрэглээг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү урт настай арга хэмжээ авах замаар чухал үүрэг гүйцэтгэж чадна. Ингэснээр Хятад улс ч ялгаагүй илүү аюулгүй ертөнц, илүү тэнцвэртэй өсөлтийн үр өгөөжөөс хүртэх болно” хэмээв.

КОВИД-19-ийг тогтоон барихын тулд вакцин үйлдвэрлэх, түүнийг баталгаажуулах, хэрэгцээнд үндэслэн хуваарилах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг уг тайланд уриалав. Зарим Засгийн газрууд өсөлтийг дэмжих хөшүүргийг дутуудуулах талтай байдаг тул төсвийн бодлогын тал дээр уялдаатай ажилласнаар хамтын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой. Хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаанаас гадна олон улсын тусламж нь хөгжиж буй улс орнуудад илүү лавтай уур амьсгалын арга хэмжээ авахад нь тус дөхөм үзүүлнэ.

Цар тахлыг ухаалгаар тогтоон барих, боловсролын үйл ажиллагааг ухаалгаар явуулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх, ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн салбарын тэнцвэрт бодлого хэрэгжүүлэх, худалдааны шинэчлэл хийх зэрэг КОВИД-19 цар тахлаас хурдан сэргэх бодлогын зургаан чиглэлийн талаар 2020 онд бүс нутгийн эдийн засгийн хоёр удаагийн шинэчилсэн мэдээг танилцуулж байсан бол тэдгээрийн үргэлжлэл болсон энэ удаагийн “Жигд бус сэргэлт” тайлан нь вакцинжуулалт, төсөв, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг голлон онцоллоо.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2021/128/EAP

Холбоо барих

Вашингтон хотод:
Ким Смитийс
+1 (202) 458-0152
ksmithies@worldbank.org
Улаанбаатар хотод:
Б. Индра
+976 99778587
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api