Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2021.2.23

Зүүн Азийн эдийн засаг баттай сэргэхэд инновац чухал үүрэгтэй

ВАШИНГТОН ХОТ, 2021 оны 2-р сарын 23 – Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд  Зүүн Азийн хөгжиж буй орнуудын бүтээмж дээшлэх, эдийн засаг сайжрах эсэх нь инновацаас шууд хамааралтай гэж өнөөдөр танилцуулсан Дэлхийн Банкны шинэ тайлан онцолжээ.

Хөгжиж буй Зүүн Азийн улс орнууд эдийн засгийн өсөлтийг тууштай харуулж, ядуурлыг бууруулах тал дээр бахдам амжилтуудыг гаргаж ирсэн хэдий боловч бүтээмжийн өсөлт удааширч, дэлхийн худалдааны харилцаанд тодорхой бус нөхцөл байдал үүсч, технологийн дэвшил улам бүр гарсаар буй тул эдийн засгийн амжилтаа хадгалах үүднээс үйлдвэрлэлийн шинэ бөгөөд илүү оновчтой арга хэлбэр рүү шилжих шаардлагатай тулгарч  байна.

Энэхүү сорилыг амжилттай даван туулахад нь бодлого тодорхойлогчдод дэмжлэг үзүүлэх зорилгоор тус бүс нутгийн инновацын суурь түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, инновацыг  удаашруулж буй хүчин зүйлсийг шинжлэн үpэхээс гадна инновацид суурилсан эдийн засгийн цаашдын өсөлтөд эергээр нөлөөлөх үйл ажиллагааны тодорхой саналуудыг дэвшүүлсэн Зүүн Азийн хөгжиж буй орнуудад инноваци амин чухал ач холбогдолтой   тайланг бэлтгэн гаргасан байна.

Бүтээмж бодитойгоор өсөхөд инновац хамгийн их нөлөөтэй болохыг нотолсон судалгаа маш их байдаг” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква  онцлоод  КОВИД-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, мөн улам бүр хурдацтай өөрчлөгдөж буй гадаад орчин нь оновчтой бодлого хэрэгжүүлж, инновацыг бодитойгоор дэмжих шаардлагатайг бүс нутгийн засгийн газруудад бий болгож байна” хэмээн анхааруулан хэлсэн байна.

Дэлхийд танигдсан хэд хэдэн инновац бүтээгчид тус бүс нутгаас гаралтай хэдий ч тайланд агуулагдсан өгөгдөл мэдээллийг харвал тус бүс нутгийн ихэнх улс орон  (БНХАУ үүнд хамаарахгүй) нэг хүнд ногдох орлогын түвшнээс хүлээгдэх инновацыг гаргадаггүй болохыг харж болно. Ихэнх компаниуд нь технологийн тэргүүлэх шугамаас нэлээд хол хоцорсон байдалтайг онцолжээ. Шинэ технологийн хэрэглээний цар хүрээ, идэвхийн хувьд ч тус бүс нутаг өндөр хөгжилтэй улс орнуудаас хоцорсон байдалтай байна.

“Зарим нэг онцлог жишээг эс тооцвол, хөгжиж буй Зүүн Азийн аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь өнөөдрийн байдлаар инновацлаг бус байна”  гэж  тайлангийн гол автор Хавиер Сирера онцлоод “Тийм ч учраас шинэ технологи нэвтрүүлэх сэдлийг олон тооны компанид төрүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тодорхой түвшинд хүрсэн компаниудад хамгийн дэвшилтэт технологийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох загварыг нэвтрүүлэх маш их шаардагдаж байна” гэж тэмдэглэн хэлэв.

Бүс нутагт инновац түгэн дэлгэрэхэд саад болж буй хэд хэдэн хүчин зүйлсийг тайлан тодорхойлсон бөгөөд эдгээрт шинэ технологийн талаарх мэдээлэл дутмаг, инновацын төслүүдээс авах өгөөжийн тодорхой бус, компаниудын чадавх сул, хүмүүсийн ур чадвар хангалттай бус, санхүүжилтийн хувилбаруудын хязгаарлагдмал байдал зэрэг багтаж байна.  Мөн түүнчлэн, тус орнуудын инновацыг дэмжих бодлого стратеги, институцын тогтолцоо нь компаниудын чадавх, хэрэгцээ шаардлагатай бүрэн уялдахгүй байгааг мөн анхааруулжээ.

Зөвхөн шинэ технологид анхаарах бус нэгэнт нэвтэрчхээд байгаа технологийг өргөнөөр ашиглах, зөвхөн үйлдвэрлэлийн бус үйлчилгээний салбарт ч мөн инновацыг дэмжих, компаниудын инноваци хийх чадавх чадамжийг бэхжүүлэх зэргээр  инновацад бодитой түлхэц болохуйц бодлогын шинэчлэлийг тухайн улс орнууд  хийх шаардлагатай байгааг тайлан онцолсон байна. Бүс нутгийн аль болох олон аж ахуйн нэгж байгууллага бүтээмжийн тал дээр бодитой ахиц дэвшил гаргахад инновацыг дэмжих бодлого ямар нөлөөтэй болохыг том дүр зургаар ийнхүү авч үзэх нь туйлын чухал ач холбогдолтой юм.

“Бүс нутгийн эдийн засагт үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед зөвхөн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх бус үйлдвэрлэлийн чухал орц хэмээн үзэж  тус салбар дахь инновацыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь засгийн газруудын хувьд маш чухал байна” гэж  тайлангийн үндсэн авторуудын нэг Андрю Мэйсон тэмдэглэжээ.

Инновацыг хөхиүлэн дэмжих бусад хүчин зүйлс буюу ажилчдын ур чадвар, инновацын төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх зэрэг шаардлага тус улс орнуудын хувьд мөн тулгарч байна. Судалгааны үндэсний хүрээлэнгүүд болон компаниуд хоорондын холбоо, уялдааг бэхжүүлэх нь инновацид суурилсан эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөг үзүүлнэ гэдгийг мөн онцолсон байна.

Зүүн Азийн хөгжиж буй орнуудад инновац амин чухал ач холбогдолтой тайланг эндээс татан авах боломжтой.

Жич: “Хөгжиж буу Зүүн Ази” гэж энэхүү тайланд хамруулан авч үзсэн дунд орлоготой 10 орон буюу Камбож, Хятад,  Индонез, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Филиппин, Тайланд, Вьетнам улсыг хэлнэ.

 

Вэб хуудас: www.worldbank.org/eap

Facebook: http://www.facebook.com/worldbank

Twitter: http://http://www.twitter.com/WB_AsiaPacific

YouTube: http://www.youtube.com/worldbank


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2021/103/EAP

Холбоо барих

Вашингтон
Ким Смитис
+1 202 458 0152
ksmithies@worldbank.org
Улаанбаатарт
Б. Индра
976 99778587
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api