УЛААНБААТАР ХОТ, 2021 оны 1-р сарын 28 – Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга чадахуйн зарчимд суурилсан, улс төрийн хувьд төвийг сахисан илүү чадварлаг төрийн албыг бэхжүүлэх чиглэлд чухал алхам болсон хэдий ч шинэтгэлийг цаашид үргэлжүүлэх шаардлагатайг Дэлхийн Банкны судалгааны тайлан онцоллоо.
“Өндөр чадавхтай төрийн албыг бий болгох нь: Шинэтгэлийн явц, сургамж” тайланд улс орон хөгжлийн зорилтуудаа хангахад төрийн албаны тогтвортой байдал, хяналт зохицуулалт, удирдлагыг сайжруулахын чухлыг дурдаад, Төрийн албаны тухай хуулийн сүүлийн шинэчилсэн найруулга нь чадахуйн зарчимд суурилсан, төрийн албаны шатлан дэвших тогтолцоог баталгаажуулснаараа гүйцэтгэл сайтай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэхэд гол алхам болж чадсаныг онцлон тэмдэглэв.
“Монгол Улсын төрийн албаны үйл ажиллагааг сайжруулах хууль эрх зүйн үндэс суурь тавигдсан тул цаашид гүйцэтгэлийн үр дүн, үр ашиг сайжирна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ төрийн албыг улстөрөөс ангид, мэргэшсэн болгож бэхжүүлэхийн тулд зарим чухал, стратегийн болон техникийн хувьд амаргүй шийдвэрүүдийг гаргаж, тууштай манлайлал үзүүлэх шаардлагатай” гэж Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.
Монгол улсын төрийн албанд шилжилт хөдөлгөөн 2009-2012 онд ойролцоогоор 9% байсан бол 2019 онд 22% болж өссөн байна. Засгийн газар удаа дараа солигдох, чадахуйн зарчимд тулгуурласан тогтолцоо бүрдээгүйгээс үүдэлтэйгээр албан хаагчдыг халж сэлгэх нь төрийн албаны ард иргэдэд төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх ерөнхий чадварт сөргөөр нөлөөлжээ.
Сүүлд хийсэн хууль эрх зүйн өөрчлөлт нь төрийн албан дахь улстөржилтийг зогсоох, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлд хязгаарлах зохицуулалтуудыг давамгай оруулснаараа үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж уг тайлан үзжээ. Чадахуйн зарчмын үндэс суурь ганхахааргүй бат бөх болсон цагт өөр өөр үзэл баримтлалтай засгийн эрх баригчид солигдоход төрийн албаны мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг алдагдуулахгүйгээр улс төрийн томилгоотой сайд нарын тодорхой хүсэл шаардлагыг хангахуйц хэмжээнд төрийн албыг зарим талаар уян хатан болгох зохицуулалтыг дунд эсвэл урт хугацаанд дахин нэвтрүүлж болох талтай.
Төрийн албаны зөвлөлийн хяналт зохицуулалтын болон гүйцэтгэх удирдлагын хоёрдмол чиг үүрэг ашиг сонирхлын зөрчил дагуулах магадлалтай байж болох тул төрийн албыг бүх түвшинд нь удирдах, хянан зохицуулах институцийн механизмыг шинжилж үзэх хэрэгцээ шаардлага буйг уг тайлан хөндөв.
“Монгол Улсад чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоотой төрийн алба төлөвшихийн хэрээр Төрийн албаны зөвлөл гүйцэтгэх засаглалтай ойр хамтран ажиллах, хүний нөөцийн удирдлагын асуудлыг чиглэлийн яам, газар, орон нутгийн засаг захиргаанд хариуцуулан шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Төрийн албаны зөвлөл цаашдаа илүү нийтлэг хяналт зохицуулалтын бүтэц болж өөрчлөгдөх боломжтой болох юм” гэж Дэлхийн Банкинд Зүүн Ази, Номхон далайн бүсийн Засаглалын асуудал хариуцсан менежер Алма Канани онцлов.
Тайланд төрийн албаны шалгалтыг улам боловсронгуй болгосноор төрийн албаны мэргэшсэн байх зарчмыг хамгаалж, улмаар зөвхөн мэргэжлийн шаардлага хангасан хүмүүс л төрийн албанд ажилладаг, эргээд төрийн албан хаагчид нь ард иргэдэд өндөр стандартаар үйлчлэх учиртайг онцлон тэмдэглэжээ. Шинээр нэвтрүүлж буй гүйцэтгэлийн төлөвлөлтийн тогтолцооны ажилттай хэрэгжилт, төрийн албан хаагчдын сургалт зэрэг нь мөн мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Тайланд сүүлийн арван жилд (2009-2019) төрийн албан хаагчдын тоо 34%-иар нэмэгдсэн тухай авч үзжээ. Олон улсын жишигтэй харьцуулахад холбогдох цалингийн зардал тийм ч өндөр биш боловч төсвийн урсгал зардлын хувьд хамгийн өндөр өсөлттэй, хамгийн том бүрэлдэхүүн хэсэг хэвээр байна. Газар зүйн онцлогоос шалтгаантай төрийн үйлчилгээний хэрэгцээг хангахад орон тоог нэмэгдүүлэх нь шийдэл биш гэж уг тайланд үзсэн байна. Харин төлөвлөж буй шинэтгэлийн хүрээнд байгаа хүний нөөцөө үр дүнтэй удирддаг болох нь төрийн үйлчилгээ үзүүлэх бүтээмжийг дээшлүүлэхэд нэн чухал гэжээ.
Төрийн албаны албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлсний бүтцэд өөрчлөлт хийх шаардлага удаан хугацаанд байсаар ирсэн тухай тайланд мөн дурджээ. Уг өөрчлөлт шинэтгэлийг хийхэд цалин хөлсний удирдлагын хуваагдмал, нэгдсэн бус байдлаас үүдэлтэйгээр шаардлагатай тоон мэдээллийг олж цуглуулах, шинжлэхэд Засгийн газарт бэрхшээл учирч байв. Сангийн яамны зүгээс сүүлийн жилд Төрийн албаны цалингийн нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлэхэд гаргаж буй хүчин чармайлт нь сайшаалтай бөгөөд иж бүрэн, нэгсэн хүний нөөцийн мэдээлэл бүхий хүний нөөцийн удирдлагын мэдээллийн шинэ системийг бий болгох чиглэлд дорвитой алхам болж байна.
Тайланд мөн өндөр ур чадвартай ажилтан, албан хаагчдыг ажилд авах, тогтвор суурьшилтай ажиллуулах, сэдэлжүүлэх зохистой хөшүүргийг бий болгох, ялангуяа ижил ажилд адил цалин олгох зарчим баримтлах талаар онцолсон. Үүний тулд нэмэгдлийг үндсэн цалинд шингээн цалин хөлсний тогтолцоог хялбаршуулах, ангилал зэрэглэлийг хялбаршуулах, мөн бусад салбартай харьцуулсан жишиг цалин тогтоох шаардлагатай талаар дурджээ.
Хамтад нь авч үзвэл төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд зөвлөмж болгож буй үйл ажиллагаа нь томоохон хөтөлбөрийн хэмжээнд хүрч буйг уг тайлан онцолсон байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор уг шинэтгэлийн ихэнх зорилгыг биелүүлэхэд Монголын төр аль хэдийнээ үүрэг хүлээснийг илтгэж байгаа бол амжилтад хүрэхэд цаашдын шинэтгэл, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой. Дэлхийн Банкны зүгээс цаашид төрийн албыг бэхжүүлэх, төрийн гүйцэтгэл, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, улмаар иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.
Нэмэлт мэдээллийг:
www.worldbank.org/mongolia
Нийгмийн сүлжээнд:
Facebook: /WorldBankMongolia
Twitter: @WB_AsiaPacific