Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.9.28

КОВИД-19 цар тахал Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засагт “Гурвалсан суваг”-аар нөлөөлж байна

Image

Зарим орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэж байгаа ч эдийн засгийн урт хугацааны өсөлт, ядуурлыг бууруулах зорилтод цар тахал бэрхшээл учруулсаар байна

ВАШИНГТОН, 2020 оны 9 дүгээр сарын 28 — КОВИД-19 цар тахал Зүүн Ази, Номхон далайн (ЗАНД) бүс нутагт дараах 3 гол сувгаар нөлөөлж байна. Үүнд: 1) цар тахлын сөрөг нөлөө; 2) хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар; 3) хямралаас үүдсэн глобал эдийн засгийн уналт. Цар тахал ойрын жилүүдэд эдийн засагт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг Дэлхийн Банкны Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт 2020 оны 10 дугаар сарын Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.

Цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орнуудын эдийн засаг сэргэж байна. Гэвч уг бүс нутгийн эдийн засаг нь глобал эдийн засгаас өндөр хамааралтай бөгөөд глобал эдийн засгийн идэвхжил сул хэвээр байна. Бүс нутгийн эдийн засаг 2020 онд ердөө 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болохоор байна. Тодруулбал, БНХАУ-ын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, 3 дугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан 2020 онд эдийн засаг нь 2 хувиар өсөх төлөвтэй байна. Харин бүс нутгийн бусад орнуудын эдийн засаг 3.5 хувиар агших төсөөлөлтэй байна. Гадаад эрэлт суларч, КОВИД-19 цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2.4 хувиар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол юм.

Харин уг бүс нутгийн эдийн засгийн төлөв 2021 онд харьцангуй өөдрөг байна. Тухайлбал, КОВИД-19 вирусын эсрэг вакцин гарч томоохон улс орнуудын эдийн засаг сэргэнэ гэж үзвэл 2021 онд Хятад 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт 2021 оны дараагийн 2 жилд цар тахлаас өмнө төсөөлж байснаас доогуур түвшинд байх төлөвтэй байна. Ялангуяа Номхон далайн арлын улс орнуудын өсөлт 2021 он хүртэл хямралын өмнөх төсөөллөөс 10 орчим хувиар доогуур байх дүр зураг ажиглагдаж байна. Уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад 5-аас дээш хувиар өсөх төлөвтэй.

Бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна: цар тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсч болзошгүй (дундаас дээш орлогын ядуурлын шугам буюу хоногийн хэрэглээг 5.5 ам.доллароор тооцов).

Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд ДНБ-ийхээ дунджаар 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, айл өрхүүдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Гэвч өмнө нь ДНБ-ийхээ 1 хувь хүрэхгүй хэмжээний хөрөнгийг нийгмийн хамгааллын хөтөлбөрүүддээ зарцуулдаг байсан зарим орнуудын хувьд нийгмийн хамгааллын зардлыг цаашид нэмэгдүүлэх боломж хомс байгаа бөгөөд цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх тохиолдолд энэ нь төсвийн орлогын бааз суурьт нь дарамт үзүүлэх эрсдэлтэй байна.

КОВИД-19 цар тахлын нөлөө ядуу хүмүүст хамгийн хүндээр тусаад зогсохгүй, ядуусын эгнээг тэлж байна. Бүс нутагт өмнө түүхэнд байгаагүй сорилтууд тулгарч, засгийн газрууд бодлогын маш хүнд сонголттой нүүр тулж байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлээд: “Гэвч дээрх нөхцөл байдлыг зөөлрүүлэх бодлогын ухаалаг сонголтууд бас байгааг дурдах нь зүйтэй – тухайлбал, халдварт өвчнийг оношлох, хянах, тогтоон барих чадавхийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, ядуус болон албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлж, сайжруулах шаардлагатай.” гэв.

Өргөн хүрээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр 1 нэгж хувиар ч бууруулж болзошгүйг тайланд анхааруулжээ. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй байна.

КОВИД-19 цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар бүс нутгийн сурагчдын бодит түвшинд сурсан жил 0.7 жилээр хумигдахаар байгааг тайланд дурджээ. Ингэснээр бүс нутгийн сурагчдын ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр 4 хувиар буурч болзошгүй тооцоо байна.

Улсын болон хувийн секторын өрийн түвшин, банкуудын тайлан тэнцэл муудаж, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь улсын болон хувийн секторын хөрөнгө оруулалт, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахаар байна. Гэтэл яг одоо бүс нутагт улсын болон хувийн хөрөнгө оруулалт хэзээ хэзээнээс чухал байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Иймд шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформыг хэрэгжүүлэхийг тайланд уриалжээ. Зарим улс орны хувьд өрийн тогтвортой байдалд эрсдэл учирч гадаад зээл, тусламж шаардагдаж болзошгүй байна.

Үүний зэрэгцээ гадаад худалдаанд өмнө нь тулгарч байсан зарим асуудлуудыг цар тахлын хямрал улам эрчимжүүлж байна. Тухайлбал, Зүүн Ази, Номхон далайн бүсийн худалдаа дотогшоогоо чиглэх, гадаад худалдааны өртгийн сүлжээ Хятадаас дайжих, цахим худалдаа, үйлчилгээ хурдацтай тэлэх зэрэг хандлагуудыг нэрлэж болно. Нөгөө талаас хямрал нь худалдааны хориг, саад (протекционизм)-ыг нэмэгдүүлэх ч эрсдэл үүсгэж байна.

Бүс нутгийн олон орон цар тахлыг амжилттай тогтоон барьж, иргэддээ дэмжлэг үзүүлэх тал дээр ахицтай ажиллаж байгаа ч эдийн засгаа сэргээж, өсөлтийн замд оруулахад бэрхшээл байсаар байна” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо онцлоод: “Одоо эн тэргүүнд анхаарвал зохих асуудлууд гэвэл боловсролын үйл ажиллагааг аюулгүй байдлаар үргэлжлүүлэх замаар хүмүүн капиталыг хамгаалах, татварын суурийг тэлснээр улсын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, зарим хязгаарлалттай үйлчилгээний салбаруудын реформоор дамжуулан цахим технологийн үр ашгийг нэмэгдүүлэх зэргийг дурдаж болно.” гэлээ.

Хөгжиж буй орнуудын санхүүгийн хөрөнгө, мэдлэг мэдээллийн томоохон эх сурвалж болдгийн хувьд Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжиж өргөн цар хүрээтэй, түргэн шуурхай арга хэмжээнүүдийг авсаар ирлээ. Бид нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд анхаарч, хувийн секторын үйл ажиллагааг дэмжиж, улмаар ажлын байрыг хадгалахын төлөө чармайн ажиллаж байна. Бид хүн амын ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, хүмүүн капиталыг хөгжүүлэх, ААН-үүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг тэтгэхийн тулд дараагийн 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг 100 гаруй улс оронд үзүүлэхээр төлөвлөж байна. Үүнд олон улсын хөгжлийн ассоциацийн шинэ эх үүсвэр болох 50 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээлүүд хамаарна.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2021/029/EAP

Холбоо барих

Вашингтонд
Ник Кейес
+1 (202) 473-9135
nkeyes@worldbank.org
Улаанбаатарт
Б. Индра
+7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api