Бизнес эрхлэхүй 2020: Хамгийн их дэвшил гаргасан арван улс орны дѳрѳв нь Ойрх Дорнод, Хойд Африкд байна
ВАШИНГТОН, 2019 оны 10-р сарын 24— Өнгѳрсѳн жил 115 улс орны засгийн газрууд дотоодын хувийн хэвшлийн бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэгдсэн 294 реформ эхлүүлснийг Дэлхийн Банк Группын жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй 2020” судалгаанд онцолжээ. Эдгээр реформын үр дүнд илүү их ажлын байрууд бий болж, худалдааны идэвхжил нэмэгдэн, олон хүний орлого ѳсѳх эхлэл тавигдав.
Тус тайланд 2019 оны 5-р сарын 1-р тасалбар болгосон 12 сарын хугацаанд 190 улс оронд бизнес үйл ажиллагааг таатай болгох чиглэлээр хэрэгжүүлсэн реформуудыг 10 бүлэг үзүүлэлтээр үнэлсэн байна. Бизнест ээлтэй орчин нь ядуурлыг бууруулахад ач холбогдолтой байдаг төдийгүй хувиараа бизнес эрхлэх, старт-апууд, инноваци, зээл ба хѳрѳнгѳ оруулалтын хүртээмжийг сэргээдэг. Уг судалгаа 17 дахь жилдээ жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн бизнес үйл ажиллагааг дэмжсэн, мөн хязгаарласан зохицуулалтуудыг үнэлсэн.
“Бизнес эхлүүлэх, цар хүрээгээ тэлэх болон ажлын байраар хангахад дөхөм үзүүлсэн дүрэм журмыг засгийн газрууд бий болгосноор зах зээлд суурилсан хѳгжил болон хүртээмжтэй ѳсѳлтийг дэмжих боломжтой,” гэж Дэлхийн Банк Группын Ерѳнхийлѳгч Дэвид Малпасс хэллээ. “Бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг арилгаснаар ажлын байрууд сайжирч, татварын болон хувь хүмүүсийн орлого нэмэгдэнэ. Эдгээр нь ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг ѳсгѳхөд зайлшгүйл шаардлагатай” гэж тэрээр нэмж тэмдэглэв.
“Бизнес эрхлэхүй” судалгаа хѳрѳнгѳ оруулалтын хѳтѳч болох зорилго агуулаагүй ба бизнес эрхлэх таатай орчны үзүүлэлтүүдийн хэмждэг хэмжүүр гэдгийг онцлох нь зүйтэй.
Судалгааны үр дүнгээр бизнес эрхлэх орчин хамгийн их сайжирсан арван эдийн засгийн тоонд Саудын Араб, Йордан, Того, Бахрейн, Тажикистан, Пакистан, Кувейт, БНХАУ, Энэтхэг болон Нигери улс тодорлоо. Хамгийн их дэвшилттэй арван улсын жагсаалтанд БНХАУ ба Того улс тус хоёр жил дараалан орсон бол, Энэтхэг гурван дахь жилдээ дараалан орж байгаа нь бизнес зохицуулалтын реформ нь олон жил үргэлжлэх үйл явц гэдгийг харуулж байна. Бахрейн хамгийн олон тооны реформуудыг хэрэгжүүлсэн ба тайлангийн хэмждэг арван бүлэг үзүүлэлтийн есѳд нь дэвшил гаргасан байна. Араас нь БНХАУ ба Саудын Араб улсууд тус бүр найман реформтой удаалж байна.
Бизнес эрхлэх таатай орчны үнэлгээгээр хамгийн ѳндѳр үнэлгээ авсан арван эдийн засгаар Шинэ Зеланд, Сингапур, Хонг Конг БНХАУ-н ТЗБ, Дани, БНСУ, АНУ, Гүрж, Их Британи, Норвеги ба Швед улсууд тодорлоо. Шилдэг үзүүлэлттэй улсууд ихэвчлэн аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулах онлайн систем, татвараа мэдүүлэх цахим платформтой төдийгүй цахимаар эд хѳрѳнгѳ шилжүүлдэг байна.
Дээрхтэй эн зэрэгцэн, 26 эдийн засгууд бизнес үйл ажиллагаа явуулахад шинэ саад бэрхшээл бий болгох алхамуудыг хийсэн байна. Эдгээрээс ихэнх нь бизнес эрхлэх ѳртгийг нэмэгдүүлэв.
Бизнес эрхлэгчийн гарааны зам дээд ба доод үзүүлэлттэй эдийн засгуудын хооронд асар их ялгаатай байна. Жишээ нь, үнэлгээний доод үзүүлэлттэй 50 эдийн засагт бизнес шинээр үүсгэн байгуулах хугацаа, жагсаалтын топ 20 улс оронтой харьцуулахад дунджаар зургаа дахин удаан байна. Топ 20 эдийн засагт хѳрѳнгѳ шилжүүлэх нь хоёр долоо хоногоос бага хугацаа шаарддаг бол доод 50 улсад гурван сар болдог. Доод 50-н дундаж эдийн засагт цахилгаан холболт хийлгүүлэхэд топ 20-н дундаж улстай харьцуулахад хоёр дахин удаан байдаг; энэхүү холболтын ѳртгийг нэг хүнд ногдох орлогын хувиар авч үзвэл 44 дахин ѳндѳр байна.
Тус тайланд хэмжсэн 10 бүлэг үзүүлэлт: шинээр бизнес эхлүүлэх, барилгын зѳвшѳѳрѳлтэй холбогдох ажиллагаа, цахилгаан холбуулах, хѳрѳнгѳ бүртгүүлэх, зээл авах, жижиг хѳрѳнгѳ оруулагч нарыг хамгаалах, татвар тѳлѳх, хил дамнасан худалдаа эрхлэх, гэрээний хэрэгжилтийг хангах ба дампуурлыг шийдвэрлэх. Нэмэлт нэг бүлэг нь ажлын байраар хангах ба үүнийг хэмждэг боловч үнэлгээнд харгалзаагүй болно.
Тайлант хугацаанд шинээр бизнес эхлүүлэх, барилгын зѳвшѳѳрѳлтэй холбогдох ажиллагаа, цахилгаан холбуулах ба татвар тѳлѳх чиглэлээр хамгийн их реформ хийгдсэн байна. Барилгын зѳвшѳѳрѳлтэй холбогдох ажиллагаа ба цахилгаан холбуулах үйл явцад хамаарах реформууд сүүлийн жилүүдэд хамгийн их нэмэгдсэн. Барилгын зѳвшѳѳрѳл авах үйл явцыг хялбарчилсан 37 улс орны ихэнх нь урьдчилан батлах ба шалгалт явцыг илүү дөхөм болгохоор холбогдох байгууллагуудтай ажилласан. Бизнесүүдийг цахилгааны сүлжээнд илүү үр ашигтай холбох зорилгоор 16 эдийн засаг цахилгаан дэд бүтцээ шинэчлэхэд дорвитой хѳрѳнгѳ оруулалт хийсэн. Үүнээс гарсан нэг үр дүнг онцлоход, дэлхийн дундаж цахилгааны тасалдал 2017 ба 2018 онуудын хооронд 8 гаруй хувиар буурсан.
“Бизнес эрхлэхүй” тайлан 2003 онд үүсгэн байгуулагдснаас хойш үнэлгээнд хамрагддаг нийт 190-н эдийн засгаас 186-д нь 3,500 гаруй бизнес реформ хийгдсэн байна.
Бүс нутгийн тоймууд:
Зүүн Ази ба Номхон далайн бүс нутаг: Тус бүсийн эдийн засгууд ѳнгѳрсѳн жилийн туршид бизнесийн орчныг сайжруулах 33 реформ хийсэн. Эдгээр нь ихэнхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх орчныг нь дэлхийн стандартын дагуу таатай болгож ѳгсѳн ч нийт реформуудын хурд саарсан. Сүүлийн 12 сарын хугацаанд бүсийн нийт реформын тоо арваар буурсан. Нийт эдийн засгуудын талаас багад нь реформууд хэрэгжсэн (25-с 12). Хэдий тийм боловч тухайн бүсээс таван улс дэлхийн топ 25 үзүүлэлттэй эдийн засагт багтаж байна, үүнд Сингапур (2-т), Хонг Конг БНХАУ-н ТЗБ (3-т), Малайз (12-т), Тайвань, БНХАУ (15-д) ба Тайланд (21-т). БНХАУ хоёр жил дараалан сайжирч буй 10 эдийн засгийн тоонд орж байна.
Европ ба Дундад Ази: Тус бүсийн эдийн засгууд ѳѳрсдийн бизнес орчныг таатай болгох чиглэлээр хийж буй ажлуудаа улам идэвхжүүлж, нийт 56 реформ хийсэн ба татвар тѳлѳх ба гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлийн реформуудаараа дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн хамгийн таатай бизнес орчинтой 20 эдийн засгуудын хоёр нь Европ ба Дундад Азид байрлаж байна – Гүрж (7-д) ба Хойд Македони (17-д). Тажикистан улс дэлхийн топ арван дэвшилттэй эдийн засгуудын тоонд орж байна.
Латин Америк ба Карибын бүс нутаг: Карибын бүс нутгийн эдийн засгууд ѳнгѳрсѳн жилийн турш дотоодын аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэхэд нь таатай орчин бүрдүүлэх чиглэлийн 19 реформ хийж дээд амжилт тогтоосон боловч тус бүс нутаг олон улсын стандартад хүрэхэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Бүс нутгийн топ үнэлгээтэй эдийн засгууд болох Пуэрто Рико ба Ямайк улсууд дэлхийд 65 ба 71-р байранд тус тус жагсаж байна. Латин Америк дэлхийн бусад бүс нутгуудаас хоцорсон хэвээр байгаа ч тодорхой ахиц харагдаж байна. Колумб 2005 оноос хойш нийт 37 реформ хэрэгжүүлснээрээ бүс нутагтаа хүчин чармайлтаараа тэргүүлж байна. Мексик бүс нутгийн хамгийн ѳндѳр үнэлгээтэй (60-р байр) эдийн засаг хэвээр байгаа хэдий ч сүүлийн хоёр жил дараалан бизнес орчноо таатай болгох томоохон ѳѳрчлѳлт хэрэгжүүлээгүй.
Ойрх Дорнод ба Хойд Африк: Персийн булангийн дагуух эдийн засгуудын реформын тоо тогтвортой ѳсч байгаа ба энэ нь голчлон эдийн засгаа яаралтай тѳрѳлжүүлэх шаардлагад түрэгдэж байна. Бүсийн эдийн засгууд дотоодын бизнес эрхлэгчиддээ таатай орчин бүрдүүлэх зохицуулалтын реформуудыг тайлан гарч эхэлснээс хойш хамгийн их буюу 57-г хэрэгжүүлсэн. Энэ нь ѳмнѳх тайлант хугацааны 43 реформтой харьцуулахад ѳсѳлт харуулж байна. Дэлхийн хамгийн дэвшилттэй улс орнуудын дѳрѳв нь тус бүсэд байна: Саудын Араб, Йордан, Бахрейн ба Кувейт. Эдгээр улс орнууд бүсийн нийт реформуудын талыг ѳѳрийн нэр дээр бичсэн байна. Саудын Араб бизнес бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний тѳв байгуулах, хамгаалагдсан гуйвуулгын ба дампуурлын хуулиудыг нэвтрүүлэх, жижиг хѳрѳнгѳ оруулагч нарын хамгаалалтыг сайжруулах ба эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх гэх зэрэг реформуудыг хэрэгжүүлсэн. Бизнес эрхлэх таатай орчны үнэлгээгээр 16-д орсон Арабын Нэгдсэн Эмират улс бүсийн хамгийн сайн үзүүлэлттэй хэвээр байна.
Ѳмнѳд Ази: Ѳмнѳд Азийн дийлэнх эдийн засгууд бизнес зохицуулалтын реформуудыг дорвитой хийсэн хэвээр байгаа ба энэ дунд Энэтхэг, Пакистан улсууд бизнес эрхлэх таатай орчны үзүүлэлтүүдээ сайжруулж, дэлхийн хамгийн дэвшилттэй топ аравт зүй ёсоор орж байна. Бүсийн эдийн засгууд дотоодын бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх чиглэлээр нийт 17 реформ хийсэн байна. Дѳрвѳн реформ хийснээрээ Энэтхэг бүсийн хамгийн ѳндѳр үзүүлэлттэй орон хэвээр байгаа ба бизнесийн таатай орчноороо дэлхийд 63-т орж байна. Пакистанд цахилгааны холболт хийлгүүлэх хугацаа 49 ѳдрѳѳр багассан.
Сахарын цѳл орчмын Африк: Тус бүсийн эдийн засгууд ѳѳрсдийн бизнес орчноо сайжруулсан хэвээр байгаа ч реформуудын хурд саарсан, дэлхийн бусад бүс нутгуудаас үр нѳлѳѳ ба хэрэгжүүлэлтээрээ хоцрогдолтой байна. Түүхэн дээд хэмжээ болох 108-н реформоос ѳнгѳрсѳн жилд тоо буурч 73 болсон. Дор хаяж нэг реформ хэрэгжүүлсэн улсын тоо 40-с 31 болж цѳѳрсѳн. Бүсийн олон улс оронд реформ хийх оролдлогууд үргэлжилж байгаа хэдий ч эдгээрийн үр дагавар бодитой байх ба гүйцэтгэл дээр маш их анхаарал хандуулах шаардлагатай. Сахарын цѳл орчмын хоёрхон эдийн засаг бизнесийн таатай орчны жагсаалтын топ 50-д багтсан ба жагсаалтын доод 20 эдийн засгийн ихэнх нь энэ бүс нутгийнх байна.
Taйланг татаж авах: https://www.doingbusiness.org/
Facebook: https://www.facebook.com/DoingBusiness.org/
Twitter: @wb_research