УЛААНБААТАР ХОТ, 2019 оны 5-р сарын 29 – Улаанбаатар хотоор дамжин БНХАУ ба ОХУ-ыг холбох тээврийн гол сүлжээ болох Монголын эдийн засгийн төв коридор (ЭЗК) нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж, уул уурхайн нөөцөөс бусад бараа бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх таатай боломжийг олгож байна. Гэвч Дэлхийн Банкны гаргасан шинэ тайлангаас харахад эдийн засгийн төв коридорын ашиглалт бага, сул хөгжсөн хэвээр байна.
Монгол улсын эдийн засгийн төв коридорын үнэлгээ: Ноос-ноолуур, мах, арьсан эдлэл үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээний шинжилгээ тайлан нь хөдөө аж ахуйн гол гурван салбарыг шинжлэх замаар эдийн засгийн төв коридорын гүйцэтгэлийн дутагдлыг шинжлэхэд чиглэж байна. Тус тайланд эдгээр салбаруудад тулгарч буй сорилтуудыг оношилж, эдийн засгийн төв коридорын потенциалыг бүрэн ашиглах боломжийг нэмэгдүүлэх, эдгээр боломжийг ашиглахад шаардлагатай бодлогын зөвлөмжийг хуваалцжээ.
Дэлхийн Банкны Хятад, Солонгос, Монгол улсыг хариуцсан захирал Ноён Мартин Райзер “Монгол улсын худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг төрөлжүүлэхэд Эдийн засгийн төв коридорын потенциалыг бүрэн ашиглах нь чухал. Энэхүү тайлан нь Эдийн засгийн төв коридорын үр өгөөжийг хэрхэн сайжруулах, хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн бэхжүүлэх талаар Монгол улсын эрх баригчдад чухал мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна” гэв.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад уул уурхай, түүхий эдийн экспорт тааламжтай эерэг байсан. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээлд Монгол улсын агробизнесийн бүтээгдэхүүний эзлэх хувь бага хэвээр байна. Тайланд багтсан дүн шинжилгээгэр Монгол улсын харьцангуй давуу талыг эдийн засгийн коридор, ялангуяа Эдийн засгийн төв коридортой холбоотой сул талууд ихээхэн хойш нь чангааж байгааг харуулжээ.
Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, тайлангийн хамтран зохиогч Марчин Пиатковски “Эдийн засгийн төв коридор сул хөгжсөний дээр ашиглалт бага байгаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, экспортын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төрөл зүйл, хэмжээг хязгаарлаж байна. Эдийн засгийн төв коридороор илүү их бараа бүтээгдэхүүн экспортолж чаддаг болсон цагт л түүний эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, улмаар экспортын чанар сайжирч Монгол улсын хөгжилд саад болж буй сөрөг нөлөөллийг зогсооно” гэв.
Тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Эдийн засгийн төв коридорын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ерөнхий бодлогын шинэчлэлийн багц зөвлөмжийг тус тайланд тодорхойлжээ. Богино хугацааны зөвлөмжүүд нь хилийн боомтуудын бүх байгууллага агентлагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохицуулах, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх худалдааны хэлэлцээрүүдийг дэмжих, Улаанбаатар хот орчимд хөдөө аж ахуйн шинэ кластер бий болгох, худалдаа, гаалийн хяналт, хүнсний аюулгүй байдлын талаар ОХУ болон Хятад улстай одоо хүчин төгөлдөр байгаа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зэрэг болно. Дунд хугацааны бодлогын шийдлүүд нь Эдийн засгийн төв коридорын дагуу төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартыг бүрэн дагаж мөрдөх, Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх Гэрээг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
Ноос, ноолуур, мах, арьс ширний бүтээгдэхүүний сонгосон гурван салбарт богино хугацааны дараах гол бодлогын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг тайланд дурджээ:
- Түүхий эд бүтээгдэхүүний орцыг цуглуулах, нэгтгэх, анхан шатны боловсруулалт хийх явдлыг сайжруулах.
- Үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчдийн хооронд мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх.
- Нийлүүлэлтийн сүлжээнд логистикийн болон чанарын хяналтын үйл ажиллагаанд үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх.
Дунд хугацааны зөвлөмжүүд нь:
- Малчдын дунд хоршооллыг бий болгоход чиглүүлж, дэмжлэг үзүүлэх.
- Хөрш зэргэлдээ орнуудын хилийн боомтууд дахь мал эмнэлгийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх.
- Байгаль орчны бохирдолгүй, хог хаягдалгүй үйлдвэрлэлийн стандарт хэрэгжүүлэх санал санаачилга гаргахыг үйлдвэрлэгчдэд уриалах, тэднийг дэмжих.
Энэхүү тайлан нь Дэлхийн Банкны Монгол Улстай хамтран ажиллаж буй өнөөгийн буюу цаашдын хамтын ажиллагаанд тухайлбал 20 сая ам долларын санхүүжилттэй Монгол Улсын Экспортыг Дэмжих Төсөл зэрэгт чухал шаардлагатай мэдээллийг өгч туслах юм.
Вебсайт: www.worldbank.org/mn
Фейсбук хаяг: https://www.facebook.com/worldbank
Твиттер хуудас: https://www.twitter.com/worldbankMGL
YouTube хаяг: https://www.youtube.com/worldbank