Манила хот, 2018 оны 10-р сарын 4 – Гадаад нөхцөл байдал харьцангуй тааламжгүй болж байгаа хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв эерэг хэвээр байна хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нүтгийн эдийн засгийн шинэ тайланд онцолсон байна. Тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2018 онд 6.3 хувиар тэлнэ хэмээн таамагласан нь 2017 оны өсөлтийн үзүүлэлтээс доогуур байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэр, зүй тогтол өөрчлөгдөж байгаагаас улбаалан тус улсын өсөлт саарсантай холбоотой.
Гэсэн ч, өнөөдөр Дэлхийн Банкнаас гаргаж буй “Тодорхой бус байдлыгдаван туулах нь нь” Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангийн 2018 оны 10-р сарын дугаарт худалдааны сөргөлдөөн, АНУ-ын бодлогын хүүний өсөлт, ам. долларын чангаралт, шинээр хөгжиж буй улс орнуудад ажиглагдаж буй санхүүгийн зах зээлийн савалгаат байдал зэргийн нийлбэр нөлөөгөөр тус бүс нутгийн эдийн засгийн төлөв сүүлийн саруудад нэлээд тодорхой бус болоод байгааг онцлон дурьджээ. Үүний зэрэгцээ, бүс нутаг даяар, ялангуяа Мьянмар, Филиппин, Вьетнамд инфляц өсөх хандлагатай байгааг мөн анхааруулсан байна.
“Энэ бүс нутагт ядуурал, эмзэг байдлыг бууруулахад эдийн засгийн тогтвортой өсөлт туйлын их ач холбогдолтой байж ирсэн, цаашдаа ч байх болно” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлээд “Протекцинист бодлого, санхүүгийн зах зээлийн донсолгоонт байдал эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны төлөвт нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь хүн амын хамгийн эмзэг, ядуу хэсэгт бусдаас хүчтэй тусах эрсдэлтэй. Тиймээс яг энэ цаг үед бүс нутгийн бүх улс орны бодлого тодорхойлогчид соргог байж, болзошгүй бэрхшээлийг даван туулах улс орныхоо чадварыг дээшлүүлэх нь чухал байна” хэмээн тэмдэглэв.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээлтийг давсан бол 2018 онд бага зэрэг саарч 6.5 хувиар өснө гэх таамгийг дэвшүүлж байна. Хятад улсаас бусад Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 5.3 хувь дээр тогтвортой байна хэмээх таамаг нь дотоод эрэлт тогтвортой байгаатай холбоотой. Тайланд, Вьетнамд цэвэр экспортын өсөлт суларснаас үүдэх нөлөөг дотоодын тогтвортой эрэлт зөвхөн бага хэмжээнд саармагжуулахаар байгаа тул тэдгээр улсын эдийн засгийн өсөлт 2018 онд сайн байгаад 2019 болон 2020 онд бага зэрэг сулрах төлөвтэй байна. Индонезийн хувьд хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээний төлөв эерэг байгаагаас эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдахаар байна. Филиппины эдийн засгийн өсөлт 2018 онд саарч болзошгүй хэдий ч улсын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгаа нь дунд хугацаандаа өсөлтийг тэтгэнэ хэмээн үзсэн байна. Малайз улсад экспортын тэлэлт саарч, дэд бүтцийн хоёр томоохон төсөл цуцлагдсанаас хөрөнгө оруулалт буурч байгаа зэргээс үүдэн тус улсын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг эдийн засгуудын хувьд өсөлтийн төлөв эерэг сайн байгаа бөгөөд Камбож, Лаос, Монгол, Мьянмар зэрэг орнуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2018-2020 онуудад 6-аас доошгүй хувьтай байх тооцоолол хийгдсэн байна. Улс төрийн гацаанаас гарсан Тимор-Лестэгийн эдийн засгийн өсөлт дахин сэргэх бол оны эхэнд томоохон газар хөдлөлтөд нэрвэгдсэн Папуа Шинэ Гвинейн эдийн засгийн өсөлт 2019 онд сэргэх төлөвтэй байна. Номхон далайн арлын орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байх хэдий ч байгалийн гамшгаас хамаарах эрсдэлт хүчин зүйлд туйлын өндөр хэвээр байгааг анхааруулав.
“Тус бүс нутгийн дийлэнх улс орнууд бүсийн болон дэлхийн интеграцчлалд идэвхтэй оролцдог нь тэднийг гадны цочир нөлөөнд илүүтэй их мэдрэг болгодог. Бүс нутгийн өсөлт цаашид тогтвортой үргэлжлэхэд учирч буй гол эрсдэл нь протекционист бодлого улам хурцадмал болох, санхүүгийн зах зээлд савалгаа үүсэх болон эдгээр хүчин зүйлс нь улс орнуудын төсөв, санхүүгийн сул талтай харилцан үйлчлэлд орох зэрэгт оршиж байна” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти хэлээд “Эрсдэл нэмэгдэж буй энэ нөхцөл байдалд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд макро эдийн засаг, төсөв, бүцтийн бүхий л оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар гадаад эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг бууруулж, эдийн засгийн өсөлтөө өндөр хэвээр хадгалах нь чухал” хэмээн онцлов.
Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой байж, ГШХО нэмэгдэн, бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор эдийн засаг 2018 оны эхний хагаст 6.3 хувиар өсөв. Төсвийн үзүүлэлтүүд үргэлжлэн сайжирч, 2017 оны эхний хагаст ДНБ-ий 0.8 хувийн алдагдалтай байсан төсөв энэ оны мөн үед ДНБ-ий 2.8 хувийн ашигтай гарсан. Үүнд нүүрс, зэсийн экспортын гүйцэтгэл харьцангуй сайн байсан, мөн Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, шинэ ажлын байрыг царцаах, гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх зэргээр зарлагыг хянаж байсан зэрэг хүчин зүйл нөлөөлөв. Төсвийн тэнцэл ийнхүү дорвитой сайжирч байгаа нь Засгийн газрын өр 2018 оны эхний хагаст буурахад нөлөөллөө.
Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв цаашид ч мөн сайжирч, 2018 онд 5.9 хувь, 2019 онд 6.6 хувьд хүрэхээр байна. Энэ нь хувийн хэрэглээний өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч богино болон дунд хугацаанд улс төрийн тодорхойгүй байдал бий болох, түүхий эдийн үнэ хэлбэлзэх, хил дээр учирч болзошгүй саад тотгорууд нь экспортод нөлөөлөх болон мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг бүрэн шийдвэрлэхгүй байх эрсдэлүүд учирч болзошгүйг цаашид анхаарах хэрэгтэй.
Зүүн Азийн хөгжиж буй орнуудад зориулан шинээр үүсэн бий болж буй эрсдэлийн эсрэг хэрэгжүүлж болох дөрвөн талт арга хэмжээний талаар тайланд өгүүлжээ:
- Богино хугацаанд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх бодлогын арга хэмжээ авах. Угтуулан хэрэгжүүлэх макро зохистой бодлогууд нь санхүүгийн салбарын эмзэг байдлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийн савалгаат байдлыг намжаах, ханшийн хөдөлгөөнд мэдрэг байгааг зөв удирдах зэрэг боломжийг олгоно. Ханшийн уян хатан байдал гадаад шокийг шингээн авах, түүнд дасан зохицох чадварыг сайжруулж болно. Төсвийн чанга бодлого нь ирээдүйд учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр амжилттай даван туулах дархлааг хадгалах, эсвэл нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.
- Нээлттэй бөгөөд дүрэм журамд захирагдах худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцоог бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх замаар үргэлжлүүлэн дэмжих. Нэн тааламжтай нөхцлөөр хийгдэх худалдааны гэрээ тохиролцоог бататгах, тарифын бус саад тотгорыг багасгах явдал нь бүс нутгийн улс орнуудад ач тустай байж болох юм. Хоёр талт яриа хэлэлцээг идэвхжүүлэх, аль эсхүл Дэлхийн Худалдааны Байгууллагаар дамжуулан худалдааны сөргөлдөөн хурцдах эрсдэлээс сэргийлж болно.
- Бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, энэ хүрээнд гол гол салбаруудаа либералчлах, бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах. Том-жижиг, гадаад-дотоод аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засаг дахь оролцоог тэгш хангаснаар нөөцийн гаж хуваарилалтыг хязгаарлах, ажлын байрыг олноор бий болгоход эергээр нөлөөлнө.
- Зорилтот бүлэгт чиглэгдсэн нийгмийн халамж, төсвийн тогтвортой байдлыг хангах нийгмийн даатгалын тогтолцоо, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, боловсролын чанар, хүртээмжийн ялгаатай байдлыг арилгах үүднээс алслагдмал сургуулиудын хангамжийг сайжруулах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн аюулгүй байдал, идэвжлийг дэмжих.
Энэхүү тайланг 2018 оны 10-р сарын 12-14ний өдрүүдэд Бали-д зохион байгуулагдах Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны жил бүрийн уулзалтыг угтуулан хэрэгжүүлж буй “Индонез хүрэх зам” цуврал арга хэмжээний хүрээнд нийтлэв.