Вашингтон, 2018 оны 5-р сарын 30-ны өдөр – Дэлхий даяар улс орнууд 160 их наяд долларын баялгийг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын амьдралын турш дахь цалингийн ялгаатай байдлын улмаас алдаж байна. Энэ нь Дэлхийн Банк Группын өнөөдөр нээлтээ хийж байгаа судалгаанд хамрагдсан 141 улс орны хүн бүрт дунджаар 23,620 ам. доллар ногдохоор дүн юм.
Хэрэгжээгүй боломж: Орлогын түвшин дэх жендэрийн ялгаатай байдлын өндөр өртөг сэдэвт энэхүү судалгаа нь жендэрийн тэгш бус байдлын улмаас хүний нөөцийн алдагдлын эдийн засгийн өртгийг судалсан байна. Судалгаа нь өдгөө Канад улс толгойлж буй Их 7-ийн уулзалтын өмнө хийгдсэн бөгөөд тус байгууллага одоогийн удирдлага доор өөрийн үйл ажиллагаа, санал санаачилгуудад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зорилтыг тусгах амлалт авсан юм.
"Дэлхий ертөнц эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох амьдралын турш дахь орлогын тэгш бус байдлыг үл тоомсорлосноор 160 их наяд долларыг ширээн дээрээ орхиж байна" гэж Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирал Кристалина Жеоржиева хэлсэн байна. "Энэ нь эмэгтэйчүүдэд илүү олон, илүү сайн ажлын байруудыг бий болгох, ажлын байранд тэгш цалин хөлс олгоход чиглэсэн бодлогуудад хөрөнгө оруулахын төлөө дэлхийн удирдагчид яг одоо, илүү шийдмэгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг тод томруунаар сануулж байна."
Бараг бүх улс оронд өнөөдөр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний бүрэн оролцоо, эрэгтэйчүүдтэй ижил цалин хөлс авахад саад бэрхшээлүүд тулгарч байна. Иймээс, эмэгтэйчүүд (өөрсдийн улс орныхоо насанд хүрсэн иргэдийн ирээдүйд олох орлогын мөнгөн дүнгээр тодорхойлогддог) хүний нөөцийн баялгийн зөвхөн 38 хувийг бүрдүүлж - эрэгтэйчүүд 62 хувийг бүрдүүлж байна. Бага болон дунд орлоготой улс орнуудад эмэгтэйчүүд хүний нөөцийн баялгийн гуравны нэг болон түүнээс бага хувийг бүрдүүлж байна.
Тайланд дурьдсанаар эмэгтэйчүүдийг ажил олоход хялбар болгосон, дэд бүтэц болон санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, тэдний газар эзэмшил, хянах боломжийг сайжруулсан бодлого, хөтөлбөр нь орлогын жендэрийн тэгш байдлыг хангахад тусалж чадна гэжээ.
"Хүний нөөцийн баялаг нь дэлхийн орнуудын өөрчлөгдөж буй нийт баялгийн гуравны хоёрыг эзэлж байгаа нь байгалийн баялаг болон бусад төрлийн нөөц капиталаас хамаагүй илүү байгаа юм" гэж Дэлхийн Банкны тэргүүлэх эдийн засагч, тайлангийн зохиогч Квентин Водон хэлэв. “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авч байгаагийн улмаас дэлхий даяар хүний нөөцийн баялаг байх ёстой хувиасаа 20 орчим хувиар доогуур байна".
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондын цалин хөлсний тэгш бус байдлаас үүдэж буй баялгийн алдагдал бүс нутгаар харилцан адилгүй байна. Хамгийн их алдагдал нь 40 их наяд доллар болон 50 их наяд долларын хооронд хэлбэлзэж байгаа ба Зүүн Ази, Номхон Далайн бүс, Хойд Америк, Европ, Төв Азид ажиглагдаж байна. Энэ нь эдгээр бүс нутгуудад дэлхийн хүний нөөцийн баялгийн ихэнх хувь төвлөрдөгтэй холбоотой. Бусад бүс нутаг дахь алдагдал мөн анхаарал татахуйц байна. Өмнөд Азид, жендэрийн тэгш бус байдлын улмаас гарч буй алдагдал 9.1 их наяд доллар байгаа бол Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт 6.7 их наяд доллар, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутагт 3.1 их наяд доллар байна гэж тооцоолсон байна. Сахар орчмын Африкт энэ алдагдал 2.5 их наяд доллар байна. Бага орлоготой бусад улс орнуудын хувь энэ алдагдлын хэмжээ бодит утгаараа бага харагдаж байгаа боловч алдагдлыг хүний нөөцийн баялгийн хэмжээнд эзлэх хувьтай харьцуулбал дэлхийд дээгүүр орж байгаа юм.
Энэхүү судалгаа нь Дэлхийн Банкнаас Канадын Засгийн газар, Хүүхдийн хөрөнгө оруулалтын сан, Боловсролын Төлөөх Дэлхийн Түншлэлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй өргөн хүрээтэй судалгааны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Цалин хөлсний жендэрийн тэгш бус байдлын асуудал нь суурь үндсэн асуудал бөгөөд амьдралын мөчлөгийн турш арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаарддаг. Цаашдын судалгаа нь жендэрийн тэгш бус байдалтай холбоотой бусад асуудлын, тухайлбал төрөлт, хүн амын өсөлттэй холбоотой асуудлын эдийн засгийн өртгийг авч үзэх болно.
"Жендэрийн тэгш байдлын өртөг, үр өгөөжийг эдийн засгийн гол салбаруудаар болон эдийн засгийн өсөлтөөр гаргасан тооцоолол байдаг. Харин энэхүү судалгаа нь баялаг дээр анхаарлаа төвлөрүүлснээрээ баялаг, ялангуяа хүний нөөцийн баялаг нь улс орнуудад ирээдүйн орлогыг бий болгох суурийг бүрдүүлж өгдөг чухал баялаг гэдгийг харуулж, бусад энэ сэдвээрх судалгааны санг баяжуулж байна," хэмээн Дэлхийн Банкны Жендэр хариуцсан захирал Карэн Гроуэн хэлжээ.