Энэхүү тайланд бүс нутгийн эдийн засгийн дархлааг дэмжихийн тулд улс орны бодлого боловсруулагчид макро эдийн засгийн эмзэг байдлыг тууштай бууруулан, төсвийн хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулж, бүс нутгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж зөвлөлөө.
2017 оны 4 сарын 13, Сингапур —Зүүн Азийн хөгжиж буй орнуудын дотоодын эрэлт харьцангуй хүчтэй байгаа, дэлхийн эдийн засаг болоод түүхий эдийн үнэ алгуур сэргэж байгаа зэргээс шалтгалан тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлтийн төлөв ирэх гурван жилд эерэг байхаар байна хэмээн Дэлхийн Банкны эдийн засгийн шинэ тайланд дурьджээ. Тогтвортой өсөлт, хөдөлмөрийн хөлсний нэмэгдэж байгаагаас хамааран тус бүс нутгийн ядуурлын түвшин цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч дэлхий дахины нөхцөл байдал болон дотоодын эмзэг байдал нь уг бүсийн хэтийн төлөвт эрсдэл учруулсаар байна. АНУ-ын төвбанкны хүүгийн түвшин хүлээгдэж байснаас хурдан өсч, зарим өндөр хөгжилтэй орнууд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж байгаа, Зүүн Азийн хэд хэдэн орнуудад зээл, өрийн түвшин огцом өссөн энэ нөхцөлд бодлого боловсруулагчид макро эдийн засгийг оновчтой удирдахад үргэлжлүүлэн анхаарахын зэрэгцээ дунд хугацаанд төсвийн зохистой тэнцэлийг хадгалах шаардлагатайг тайланд зөвлөмж болгожээ.
Энэ удаагийн Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм тайланд Хятадын эдийн засагт хийгдэж буй хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан өсөлт цаашид удаашрахаар байна гэжээ. Уг тайланд Хятадын эдийн засаг 2016 онд 6.7 хувиар өссөн бол 2017 оны 6.5 хувиар, 2018 онд 6.3 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгууд болон энэ бүсийн бусад орнуудад эдийн засгийн өсөлт 2016 онд 4.9 хувьтай байсан бол 2017 онд 5, 2018 онд 5.1 хувь болж бага зэрэг өснө гэсэн хүлээлттэй байна. Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2017 онд 6.2, 2018 онд 6.1 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ.
“Дэлхийн эдийн засгийн алгуур сэргэлт болон зохистой бодлого нь Зүүн Ази болон Номхон далайн орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж, ядуурлыг бууруулахад дэмжлэг болж байна.” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква хэлсэн байна. “Энэхүү тогтвортой өсөлтийг хадгалахын тулд улс орнууд төсвийн эмзэг байдлаа бууруулж, төсвийн зардлын чанарыг сайжруулахын зэрэгцээ дэлхийн болон бүс нутгийн интеграцчлалаа бэхжүүлэх хэрэгтэй” гэдгийг тэрээр мөн онцолжээ.
Бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь төрийн болон өсөн нэмэгдэж буй хувийн хөрөнгө оруулалт гэх мэт харьцангуй хүчтэй байгаа дотоод эрэлтээс голлон үүдэлтэй байна. Үсрэнгүй хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтээс шалтгаалан экспортын эрэлт мөн нэмэгдэж байгаа нь дээрх хандлагад нөлөөлөхөөр байна. Түүхий эдийн үнэ аажмаар сэргэж байгаа нь бүсийн экспортлогч орнуудад эергээр нөлөөгийн сацуу Зүүн Азийн түүхий эд импортлогч орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн хэт тэлэлт болон зээлийн өсөлтийг бууруулах бодлого барьж байгаагаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлүүлэн саарна. Иймээс үл хөдлөх хөрөнгийн салбарт удаашралт ажиглагдана гэж тайланд дурьджээ.
Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ЗӨАОХ)-ны гишүүн томоохон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2017-18 онуудад харилцан адилгүй шалтгаантайгаар бага зэрэг хурдсахаар байна. Филиппин улсын хувьд дэд бүтцийн салбарт төрийн хөрөнгө оруулалт нэмэгдэж мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт болон гаднаас орж ирэх шилжүүлгэ нэмэгдэж байгаагаас эдийн засаг нь 2017, 2018 онуудад жилийн 6.9 хувийн өсөлттэй байна хэмээн тооцоолжээ. Малайзын хувьд, засгийн газраас олгох татаас нэмэгдэж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт болон экспорт өсч байгаа зэрэг нь тус улсын эдийн засаг 2017 онд 4.3, 2018 онд 4.5 хувиар өсөхөд голлон нөлөөлнө.
Индонезид газрын тосны үнийн өсөлт, зээлийн тэлэлт нь 2016 онд 5 хувьтай байсан өсөлтийг 2017 онд 5.2 хувьд хүрч өсөхөд дэмжлэг үзүүлнэ. Вьетнамын хувьд зах зээлийн таатай уур амьсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 2017 онд 6.3 хувьд хүрнэ.
Бүсийн жижиг орнуудын хувьд томоохон хөрш орнууд дахь эдийн засгийн идэвхжил үргэлжлэх нь эерэг нөлөөтэй байх бол мөн зарим нэгийнх нь хувьд түүхий эдийн үнийн өсөлт хөшүүрэг болно. Төсвийн зарцуулалт нэмэгдэж хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарын тэлэлт барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын уналтыг нөхсөнөөр Камбожийн эдийн засаг 2017, 2018 онуудад 6.9 хувиар өснө. Бирмийн хувьд дэд бүтцийн салбарын зарцуулалт нэмэгдэж, бүтцийн шинэчлэлийн улмаас гадаадын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татаж байгаа ба 2016 онд 6.5 байсан эдийн засгийнх нь өсөлт 2017 онд 6.9, 2018 онд 7.2 хувь хүрч тус тус өснө.
Хэд хэдэн шинэ уул уурхай болон газрын тосны төслүүд эхэлснээр Папуа шинэ Гвинейн эдийн засаг алгуур сэргэхээр байна. Монголын Засгийн газар өрийн тогтвортой төлвийг эргэн сэргээх болсонтой уялдан 2017 онд эдийн засаг нь төдийлөн өсөхөөргүй байгаа бол 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байна.
“Бүс нутгийн эдийн засгийн төлөв эерэг байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийн дархлаа нь бодлого боловсруулагчдын дэлхий дахинд буй болж буй тодорхойгүй байдлыг хэрхэн үнэлэх, дотоодын эмзэг байдлаа хэрхэн бууруулах зэргээс хамаарна” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Судхир Шэтти хэлсэн байна. “Гадаад санхүүжилтийн олдоц болоод өртөгт үүссэн эрсдэл, экспортын өсөлтийн нөлөөлж буй сөрөг зүйлсийн арилгах арга хэмжээг бодлого боловсруулагчид эн тэргүүлж авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хурдасгах бодлого эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар мөн хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн тэрээр мөн нэмж хэлжээ.
Бүсийн эдийн засгийн цаашдын төлөвт учрах аливаа эрсдлийг бууруулахад макро эдийн засгийн зохистой бодлого чухал болохыг тайланд онцолсон. Тайланд дурьдсанаар бүсийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд төсвийн орлого нэмэгдэх нь төсвийн тогтвортой байдалд учрах эрсдлийг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас санхүүжүүлэхэд дэмжлэг болно. Зарим нэг түүхий эд экспортлогч жижиг орнууд төсөвч учирч буй төлбөрийн чадварын эрсдлээ бууруулахын тулд хэд хэдэн алхамуудыг хийх шаардлагатай байна. Хэдий бага түвшингээс боловч инфляци өсч байгаа, мөн хөрөнгийн урсгалын хэлбэлзэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд бүсийн ихэнх орны бодлого боловсруулагчид мөнгөний тэлэх бодлогоо эргэн харах шаардлагатай байна.
Хятадын хувьд засгийн газраас корпорациудын өрийг бууруулах тал дээр гаргаж буй хүчин чармайлтаа тууштай хадгалж, төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх, далд банкны (shadow banking) үйл ажиллагааг хумих, өсөн нэмэгдэж буй өрхийн ипотекийн өрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй талаар тайланд зөвлөсөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэт тэлэлтийг бууруулах талаарх шинэчлэлийг нийгмийн халамж хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах арга хэмжээтэй хослуулах боломжтой. Ветнам, Филиппин, Лаос болон бүсийн ихэнх хэсэгт зээлийн өсөлт өндөр байгаа учир зохицуулалт, хяналтыг сайжруулж чангатгах хэрэгтэй талаар тайланд тусгасан байна.
Өндөр өсөлтийг хадгалахын сацуу хүртээмжийг нэмэгдүүлэх нь урт хугацаанд бүсийн хэмжээнд томоохон сорилт байх болно. Засгийн газраас энэхүү сорилтыг хэд хэдэн эдийн засгийн хувьд сүүлийн үед удаашраад буй бүтээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх мөн төсвийн зарлагын чанарыг сайжруулах замаар шийдвэрлэж болно.
Уг бүс нутгийн бус зарим орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах бодлого нь ажиллах хүчний чөлөөтөй урсгалд учирч буй саад бэрхшээлийг арилган хил дамнасан бүтээгдэхүүн үйлчилгээний урсгалыг ЗӨАОХ-ийн орнуудын дунд өргөжүүлэх замаар бүсийн интеграцчлалыг гүнзгийрүүлэх боломжыг олгох боломжтой юм.
Мөн түүнчлэн, бүсийн хөдөө аж ахуйн салбар эрчимчиж байгаагаас фермийн аж ахуйн бохирдлыг бууруулах арга хэмжээг бодлого боловсруулагчид авч хэрэгжүүлэх замаар ирээдүйн эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой замд оруулах боломжтой талаар тайланд дурьдсан байна.
Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм тайлан нь Дэлхийн Банкнаас бүсийн эдийн засгийг бүх талаас харж үнэлж дүгнэдэг тайлан юм.Тайланг хоёр жил тутамд гаргадаг бөгөөд уг тайланг үнэ төлбөргүйгээр дараахь веб хуудаснаас авах боломжтой http://www.worldbank.org/eapupdate.