Судалгааны тайланг өнөөдөр Улаанбаатар хотод олон нийтэд танилцуулсан ба цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн судалгаанаас харахад Монгол хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал ихээхэн зөрүүтэй байгаа нь илэрсэн байна. Гэвч малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан гэр бүлд суурилсан тусгай сургалт, цэцэрлэгийн сургалтын материаллаг бааз болон үйл ажиллагааг сайжруулах зэрэг зорилтот арга хэмжээнүүд нь энэхүү зөрүүг арилгахад тустай гэдгийг тайланд онцолжээ.
“Бага насны хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах нь алсдаа эдийн засаг болоод нийгмийн ихээхэн үр өгөөжийг авчирдаг. Аль болох бага байхад нь чанартай боловсрол олгох нь хүүхдүүдийн цаашдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, нийгмийн халамж үйлчилгээ бага шаардах, гэмт хэргийн хувь хэмжээ буурах, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх зэрэг үр нөлөөтэй байдаг.” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон хэлсэн байна. Тэрээр мөн “Өнөөдөр танилцуулж буй энэхүү тайланд Монголын ирээдүйг тодорхойлох боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар олон чухал зөвлөмжүүд багтсан” гэдгийг онцлов.
Монгол улс СӨБ-ын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр нэлээд ахиц гаргаж чадсан бөгөөд СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо 2005-аас 2015 оны хооронд хоёр дахин өссөн байна.
СӨБ-ын хамран сургалт ийнхүү нэмэгдсэн хэдий ч бага насны хүүхдийн боловсролд хамгийн их хамрагдах хэрэгцээтэй байгаа бүлэг буюу хөдөөгийн малчид болон амьдралын боломж доогуур өрхийн хүүхдүүд харьцангуй бага хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бага насны хөгжлийн үр дүн болох сэтгэн бодох, хэл, нийгэм, сэтгэл зүйн ур чадварын үнэлгээг хийхэд хүүхдүүдийн чадвар өрхийн нийгэм эдийн засгийн байдлын түвшингээс хамааран хол зөрүүтэй байгаа нь харагджээ. Түүнчлэн бага насны хүүхдийн боловсролд зарцуулж буй төсвийн зарцуулалтын ихэнх хувь нь чинээлэг өрхүүдэд ногдож байна.
Хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг арилгах боломжтой юм. Тайлангаас харахад гэр бүлийн гишүүд гэртээ ном унших, дуу дуулах, хамтдаа тоглох зэргээр хүүхэдтэй цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт ихээхэн үр нөлөө үзүүлдэг байна. Энэ нь алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн сургуульд орох бэлтгэлийг хангахад гэр бүлд суурилсан боловсролын хөтөлбөр чухал нөлөөтэй байж болохыг харуулж байгаа юм.
Энэхүү хөтөлбөр нь нүүдлийн гэр цэцэрлэг зэрэг хувилбарт сургалттай харьцуулахад хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сайжруулан, ялгаатай байдлыг арилгахад хамгийн үр нөлөөтэй байна. Нүүдлийн гэр цэцэрлэг богино хугацаанд ажиллаж байгаа нь түүнд хамрагдсан хүүхдүүд ердийн цэцэрлэгт хамрагдсан үе тэнгийнхнийгээ гүйцэж хөгжих боломжийг бууруулж байна.
Мөн СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа хот суурин газрын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хотын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах үүднээс хот суурин газруудад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тайланд онцолсон байна. Гэвч хүүхдүүдийн цэцэрлэгт явах хугацааг уртасгах, илүү бага наснаас цэцэрлэгт хамруулах нь сургуульд бэлтгэгдсэн байдлын ялгааг багасгахад хангалттай биш юм. Иймээс цэцэрлэгийн санхүүжилтийг сайжруулах, илүү сайн сургалтын материалуудаар хангах болон ангид явуулах үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэх зэрэг цэцэрлэгийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн зорилтот хөрөнгө оруулалтуудыг уг тайланд зөвлөмж болгосон байна.