Улаанбаатар, Монгол улс (2016 оны 2 сарын 9) – Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэй зохион байгуулагдсан олон талт төлөөлөл бүхий семинарын үеэр Нийслэлийн гурван дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарын хэмжээнд оршин суугчдад ихээхэн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлжээ. Семинарын хүрээнд халдварт өвчний дэгдэлт ихэссэн, боловсролын үйлчилгээний хүртээмж муу байгаа зэрэг нь эдгээр дүүргийн хувьд нийтлэг тулгамдсан асуудал байгаад оролцсон төлөөллүүд санал нэгдсэн байна.
Нэгдүгээр сарын 31-ний Мягмар гарагт зохион байгуулагдсан энэхүү семинарт нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэд, иргэний нийгэм нутгийн захиргаа болон төрийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцжээ.
Иргэд, төрийн хамтын ажиллагааг Дэлхийн Банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл-ийн хүрээнд дэмжиж буй билээ. Төсөл нь ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжихээс гадна нэн ядуу иргэд тулгарч буй асуудлынхаа талаар дуу хоолойгоо илүү тод сонсгох боломжийг олгож байна.
“Иргэний нийгмийн байгууллага болон төрийн харилцаа холбоо шинэ түвшинд гарч байгааг өнөөдрийн хурал харуулж байна,” хэмээн Ардчиллын боловсрол төвийн Захирал Г. Ундрал онцоллоо. “Өмнө нь бид төрийн тодорхой үйл ажиллагаанд хяналт тавьж, гаргасан үнэлэлт дүгнэлтээ тайлан, хэвлэлийн хурлаар танилцуулдаг байсан ч бидний гаргасан зөвлөмж, үнэлгээ тэр болгон бодлогын өөрчлөлт болон буудаггүй байсан. Харин иргэний нийгмийн байгууллагууд, иргэд одоо төр засаг, нийтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагауудтай хамтран тулгамждаж буй асуудлуудыг шийдэх арга замыг бүтээлч байдлаар эрэлхийлэн, харилцаж сурсан байна.”
Төсөл 2015 оны 11 дүгээр сард албан ёсоор эхэлснээс хойш иргэний нийгэм ба төрийн холбогдох байгууллагын 700 гаруй төлөөлөл нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг ашиглан өөрсдөд тулгарч буй бэрхшээлүүдийг хамтдаа шийдвэрлэхэд суралцаж байна. Төвийн болон нутгийн захиргааны байгууллагууд, ялангуяа салбарын яамдын дэмжлэгтэйгээр төслийн хүрээнд үр дүнтэй туршсан нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг цаашид албажуулан нэвтрүүлж, төсөл хэрэгжиж дууссан ч гарсан үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхэд анхааран ажиллаж байна.
‘УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль нь бодлогын баримт бичгийг боловсруулах болон хянах үйл явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг. Өнөөдрийн семинар бол уг хуулийг хэрхэн практик хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар оролцогч бүх талууд зөвлөлдөх, өөрсдийн хувь нэмрийг оруулах индэр болж байна,” хэмээн Дэлхийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлсэн байна.
Төслийг ядуурлын түвшин харьцангуй өндөр арван аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжүүлж тэдгээр аймаг, дүүрэгт гарах үр дүн, шилдэг туршлагыг улс орон даяар үлгэрчлэн түгээх зорилготой.
Нийгмийн эгэх хариуцлагын тухай www.irgen-tur.mn хэмээх шинэ цахим хуудсыг иргэний нийгмийн байгууллагууд, олон талт оролцогч талууд хамтран боловсруулан саяхнаас ажиллуулж эхэлсэн ба уг цахим хуудаст төслийн үйл ажиллагаа, арга хэмжээний тухай мэдээллээс гадна нийгмийн эгэх хариуцлагын талаарх мэдээлэл, туршлагын нээлттэй бааз үүсгэн багтаажээ.