Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хөдөөгийн амжиргааг дэмжих төслийн гуравдугаар үе шат Монгол улсад хэрэгжинэ

2015.1.30


Улаанбаатар хот, 2015 оны 1-р сарын 30 – Монгол улстай байгуулсан 22.7 сая долларын гэрээ нь хөдөөгийн иргэдийг олон талаар дэмжин чадавхжуулж, орчин үеийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол улсын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх төслийн гуравдугаар үе шатыг санхүүжүүлнэ гэж Дэлхийн Банк өнөөдөр мэдэгдлээ.  

Тогтвортой амжиргаа төслийн гуравдугаар үе шат (ТАТ-III) нь хөдөөгийн иргэдийн төсвийн үйл явцад оролцох үүрэг ролийг нэмэгдүүлсэн 2011 оны Төсвийн тухай хуулийг Монгол улс үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх юм.

Мөн түүнчлэн ТАТ-III нь улс даяар 300 гаруй сумдад хувийн хэвшлийн өсөлтийг бий болгох хөрөнгө оруулалтыг дэмжих “Сумын хөтөлбөр”-өөр дамжуулан орон нутгийн эдийн засгийн хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх юм.

Монгол улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн Банкны Хятад, Солонгос болон Монгол улсыг хариуцсан захирал Бэрт Хофманы хамт зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

“Төсвийн тухай хуулийг баталсан нь хөдөөгийн иргэдэд илүү эрх мэдэл олгосон томоохон амжилт байсан ба орон нутгийн хөгжилд зарцуулах төсвийн хөрөнгийг ил тод байлгах механизмаар хангаж буй юм” гэж Хофман тэмдэглэв. “ТАТ-III нь энэхүү хуулийг ашиглан орон нутгийн засгийн газар болон иргэдийн орон нутгийн түвшин дэхь хөгжлийн санаачлагуудыг удирдан хэрэгжүүлэх чадавхыг хөгжүүлэх юм” гэж тэрээр мөн хэлэв.

Гурван үе шат бүхий Тогтвортой амжиргаа хөтөлбөр нь 2002 онд анх хэрэгжиж эхлэснээсээ хойш Монголын засгийн газар болон олон улсын байгууллагуудын хөдөөгийн хөгжил багатай эдийн засгийг шинэчлэх чармайлтыг дэмжиж ирсэн юм.

2002-2007 онд төслийн эхний үе шатанд бэлчээрийн эрсдлийн менежмент гэх мэт хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг олж тогтооход иргэдийн оролцоог хангах консепцийг нэвтрүүлсэн орон нутгийн хөгжлийн сангуудыг байгуулж, хөдөө орон нутагт амжиргааны эх үүсвэр бий болгох шинэ арга барилуудыг хэрэгжүүлсэн.

2007-2013 онд төслийн хоёрдугаар үе шатанд хөтөлбөрийн цар хүрээ өргөжиж, орон нутгийн хөгжлийн сангаас 6,000 гаруй дэд төслүүдийг ихэвчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт санхүүжүүлсэн.

Одоо хэрэгжих ТАТ-III нь Төсвийн тухай хууль, засаглалыг сааруулах бодлого болон  бусад шинэчлэлийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх юм.

Төслийн хүрээнд орон нутгийн түвшинд дэд бүтэц, төрийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалт хийхэд зориулагдсан орон нутгийн хөгжлийн сангуудыг удирдан явуулах засгийн газрын чадавхыг сайжруулах юм. Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн хөгжлийн сангаас гаргах санхүүжилтийн хуваарилалтыг орон нутгийн иргэдийн идэвхитэй оролцоотойгоор шийдвэрлэх юм.

Уг төсөл нь орон нутгийн хэрэгцээ, тэргүүлэх асуудлуудыг төсөв төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт ба үнэлгээнд тусгах үүднээс оролцоот арга барил авч хэрэгжүүлсэн орон нутгийн засгийн газрыг урамшуулах Сумын хөтөлбөрийг мөн дэмжих юм.   

ТАТ-III-ын санхүүжилт нь Дэлхийн Банк Группийн Олон Улсын Хөгжлийн Ассосиаци (ОУХА)-ас олгох 22.7 сая долларын зээл, Швецарийн Хөгжлийн Агентлагаас олгох 11.4 сая долларын буцалтгүй тусламжаас тус тус бүрдэж буй юм.

Нэмэлт мэдээллийг www.worldbank.org/mongolia -с авна уу.



Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Tina Puntsag
Утас: 976-7007 8207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/01/30

Api
Api

Welcome