Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн банкны зүгээс Монгол улс эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар дархлааг нь сайжруулахад эдийн засгийн бодлогоо чиглүүлэхийг зөвлөж байна

2014.12.19


2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, Улаанбаатар хот – Энэ удаагийн Монгол Улсын Эдийн Засгийн тойм шинжилгээг боловсруулснаар Дэлхийн Банкны зүгээс бодлого боловсруулагчид цаашид эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, дархлааг нь сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Өндөр инфляци иргэдийн худалдан авах чадвар, улмаар эдийн засаг дахь нийт эрэлтэд сөргөөр нөлөөлөх замаар 2014 онд эдийн засгийн идэвхжил огцом саарахад нөлөөлөв. Эдийн засгийн идэвхжил ийнхүү саарч байгаатай уялдан урсгал тэнцлийн алдагдал буурч байна. Нөгөө талаас эдийн засгийн идэвхжил саарснаар нь сүүлийн саруудад эрэлтийн гаралтай инфляцийн дарамт багасах хандлага ажиглагдаж байгаа ч бараа, бүтээгдэхүүний үнэ 2 оронтой тоогоор өссөн хэвээр байна.

Өнгөрсөн 3 жилд ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байсан урсгал тэнцлийн алдагдал энэ онд 11 хувь болж буурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэхгүй хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн он дамжсан хүндрэл ойрын хугацаанд үргэлжлэх нөхцлийг бий болгож байна.

Ийнхүү хөрөнгийн дотогшлох урсгал төдийлөн сэргэхгүй байгаа орчинд төлбөрийн тэнцлийн өндөр алдагдал ирэх 2015 онд дотоод эдийн засгийн идэвхжил түүн дотроо уул, уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байгаа нь анхаарал татаж байна.

Тайланд банкны салбараас өндөр хамааралтай Монголын эдийн засгийн хувьд 2014 он гарсаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан банкуудын зээлийн чанар муудах, улмаар банкны системд эрсдэл хуримтлагдах шинжтэй болсон банкны системийн хяналт, шалгалтыг сайжруулах, учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад чухлыг онцолжээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Бодлого боловсруулагчдын зүгээс Монголын эдийн засгийг тогтворжуулах оновчтой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь амаргүй, цаг хугацаа шаардах хэдий ч цаашдаа тодорхой бус байдлыг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээхэд чухал нөлөөтэй байх болно” гэжээ. Мөн тэрээр “Дэлхийн банкны зүгээс Засгийн газрын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үнэн, бодит үнэлгээ болон тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэмтгий, бүтээлч байдлаар шийдэх гэсэн аливаа оролдлогыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Дэлхийн банкны зүгээс бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Сүүлийн үеийн гадаад эдийн засгийн орчин Монголын эдийн засагт тулгараад буй бэрхшээлүүдийг улам даамжруулах эрсдэлтэй байгааг мөн анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, Монголын гол экспортын бараа, бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ цаашид бага түвшинд хадгалагдахаар байгаа, Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа зэрэг нь Монголын эдийн засгийн гадаад эрэлт сул байх урьдач нөхцлийг бүрдүүлж байна.  

Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли “Бодлого боловсруулагчид юуны өмнө төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх замаар он дамжсан төлбөрийн тэнцлийн хүндрэлийг аль болох хурдан шийдвэрлэх тал дээр анхаарах шаардлагатай байна” гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр “Дээрх төсөв, мөнгөний хатуу бодлогууд нь ирээдүйн эдийн засагт учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх үндсэн арга хэрэгсэл байх болно” гэдгийг чухалчилсан.

2011 оноос хойшхи их хэмжээний хөрөнгийн орох урсгалтай, эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд бодлого боловсруулагчид эдийн засгийн хэт тэлсэн бодлого хэрэгжүүлсэн гэдгийг мөн ноён Ли мөн онцолсон юм.

Мөн тэрээр “Мөчлөг дагасан эдийн засгийн бодлогууд нь төлбөрийн тэнцлийн он дамжсан хүндрэлийн гол шалтгаан болсон төдийгүй, дотоодын үнийн өсөлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ банкны системд эрсдэл хуримтлагдахад багагүй нөлөө үзүүлсэн” гэдгийг дурьдав.

Дэлхийн банкны зүгээс сүүлийн үед Төвбанкны хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал  бодлогын хүүгээ өсгөсөн, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт банкаар дамжуулан нийлүүлэгдэж буй мөнгөний нийлүүлэлтэээ алгуур сааруулж байгаа зэрэг бодлогын алхамуудыг бүрэн дэмжиж байгаа юм. Мөн түүнчлэн банкны активын чанарт эрсдэл учирч байгаатай уялдан Төвбанкнаас банкуудад тавих хяналт, шалгалтыг сайжруулсан, зохистой харьцааны зарим үзүүлэлтүүдийг үргэлжлүүлэн чангатгасан зэрэг арга хэмжээг дэмжиж байгаа болно.      

Мөн Дэлхийн банкны зүгээс Төвбанк мөнгөний хумих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эдийн засагт мөнгө шууд байдлаар нэмж нийлүүлэхээс аль болох зайлсхийх, түүнчлэн банкны салбарт учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг үргэлжлүүлэн чангатгах шаардлагатайг зөвлөж байна.   

Төсвийн орлогын тасалдал нь төсвийн зардалын тэлэлтийг хязгаарлаж байгаа өнөөгийн орчинд төсвөөс гадуурх төсөвтэй адилтгах зардал буюу Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалтыг нэгдсэн төсөвт нэгтгэх нь зүйтэй гэж Дэлхийн банк үзэж байна. 

 

Мөн түүнчлэн Засгийн газар төсвийн орлогыг өмнөх жилүүдээс илүү бодитой төлөвлөж, дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах замаар төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуулийн хязгаарт авчрахыг зөвлөж байна. Ялангуяа, Монгол улсын Засгийн газар 1.08 тэрбум ам.долларын гадаад өр, зээлийн төлбөрийг 2017-18 онуудад хийхээр хүлээгдэж байгаа бөгөөд уг төлбөрийг хэрхэн эргэн төлөх, санхүүжүүлэх талаар одооноос онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

Хэрэв эдийн засгийн тэлэх бодлого үргэлжлэн хэрэгжих, хөрөнгийн орох урсгал дорвитой сэргэхгүй тохиолдолд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдал нь Монголын эдийн засагт зайлшгүй шаардлагатай тохиргоо хийгдэх нөхцлийг бүрдүүлэх эрсдэл өндөр байгааг энэ удаагийн эдийн засгийн тойм голлон онцолсон юм.



Холбоо барих
Хаана Улаанбаатар
Тина Пунцаг
Утас: (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/12/19

Api
Api

Welcome