Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банк болон Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дэмжлэгтэйгээр 2013 оны 5-р сарын 2-ноос 3-ны өдрүүдэд “Ухаалаг засаг форум”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Форум нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж Төрийн үйлчилгээг хүргэхэд Мэдээлэл, холбооны технологийн давуу талуудыг ашиглах ухаалаг шийдлүүдийн талаар мэдлэг, мэдээлэл солилцон цаашдын үйл ажиллагаанд үр өгөөжтэй нэвтрүүлэх боломжийг нээх зорилготой юм.
Шинэчлэлийн Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл болон Нээлттэй Засгийн Газрын түншлэл санаачлагад суурилан зохион байгуулж буй тус форумаар иргэдийн оролцоотой, ил тод, хариуцлагатай засгийг дэмжин хөгжүүлэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай Ухаалаг засаг, Нээлттэй өгөгдөл, мэдээллийн инновацийн эко-системийг бүрдүүлэх хүчин зүйлүүдийг тодорхойлж, цаашид үр ашигтайгаар нэвтрүүлэн хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцэх юм.
Форумд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Монголын Үндэсний Статистикийн хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Нийслэлийн Мэдээлийн технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв, Нээлтэй нийгэм форумын төлөөллүүд, Дэлхийн банк болон олон улсын шинжээч экспертүүд, донор болон хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд, ТББ-ууд, хувийн компаниудын төлөөлөгчид оролцоно.
Форум үндсэн 4 хэсгээс бүрдэнэ.
- “Ухаалаг засаг”-ийн талаарх олон улсын тэргүүн туршлага, Монгол улсын өнөөгийн байдал ба ирээдүй
- Нээлттэй өгөгдөл мэдээлэл /дата/
- Нээлттэй, шинэ санаа, санаачлагууд
- Төрийн үйлчилгээг хүргэх инновациуд
сэдвээр тус тус илтгэл тавьж, орлцогчидтой туршлага хуваалцан санал солилцоно. Ингэснээр Монгол Улсын Засгийн Газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны, газраас хэрэгжүүлж буй “Цахим засаг үндэсний хөтөлбөр”-ийг” хэрэгжүүлэхэд дэмжлэг болох өндөр ач холбогдолтой юм.