Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Группын Монгол Улстай Түншлэх Стратеги батлагдав

2012.5.18




Монгол Улсын эдийн засагт байгалийн нөөцийн салбар эрчимтэй өсч байгаа энэ үед Түншлэлийн стратеги батлагдсан нь Дэлхийн Банкнаас үзүүлэх дэмжлэгийг дахин баталгаажуулав

Вашингтон хот, Колумбын тойрог 2012 оны тавдугаар сарын 18 — Дэлхийн Банкны Группын Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлэх Гишүүн улстай түншлэх стратегийг өнөөдөр хэлэлцэв. Монгол Улсын түүхэнд байгаагүй эдийн засгийн өсөлт гарах ёстой ирэх таван жилд Дэлхийн Банкны Группээс үзүүлэх дэмжлэг дээрх стратегиар тодорхойлогдож байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад олон намын ардчилал бүрэлдэн тогтож, эдийн засаг нь эрчимтэй өссөн. Монгол Улс эрдэс баялгийн арвин их нөөцөө эдийн засгийн эргэлтэнд оруулж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийх зааг дээр ирээд байна.

“Гишүүн улсын энэхүү Түншлэлийн стратегийг Монгол Улсын Улсын хөгжлийн түүхэн мөчид баталлаа. Эдийн засаг нь дэлхийд дээгүүр бичигдэх хурдаар өсч, зэс, алт, нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар түүхэнд байгаагүй хугацаанд  дунд орлоготой улсын ангилалд аваачих болно,” хэмээн  Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Клаус Роланд хэллээ. “Гэхдээ ирж байгаа хөгжлийн замд томоохон эрсдэлүүд тулгарах болно. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, байгалийн нөөцийг зөв стратегиар ашиглах нь чухал ач холбогдолтой байна. Өнөөдөр явагдаж байгаа олборлолт, хөгжил цэцэглэлт цаашдын үеийнхэнд хүрч үлдэх ёстой.”

Эдийн засаг хурдацтай өсч, Монголын ард түмэнд тодорхой үр өгөөж авчирч чадсан. Өнгөрсөн арван жилд ядуурал буурч ирсэн бөгөөд хамгийн сүүлд явуулсан судалгаагаар 2010 онд онд 39.2 хувьтай байсан бол 2011 онд 29.8 хувь болж буурчээ. Мөн түүнчлэн, хүүхдийн эндэгдэл зэрэг Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах хүрээнд бүс нутгийн түвшинд ялгаатай байгаа хэдий ч улсын хэмжээнд томоохон ахиц дэвшил гарсан.

Монгол Улс тогтвортой, оролцоотой өсөлтийг хангахад дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж Түншлэх стратегид дурьджээ. Үүнд: төсвийн орлогыг үр ашигтай зарцуулж, Голланд өвчний үр нөлөөг хязгаарлах үүднээс институцийн чадавхийг бэхжүүлэх; төсвийн хөрөнгийг урсгал зардал, хөрөнгө оруулалт, хуримтлалд хуваарилахдаа үр ашигтай, ил тод байх зарчмыг баримтлах; эдийн засгийг төрөлжүүлж, хот, хөдөөгийн нийт иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх. Эдгээр арга хэмжээг авахдаа байгаль орчныг хамгаалж, хөгжлийн үе хоорондын тэгш байдлыг хангах нь зүйтэй.

“Монгол Улсад хөгжлийн зайлшгүй шийдлэх ёстой сорилтууд, эдийн засгаа өсгөх хосгүй боломж байна. Энэхүү чухал зааг дээр Олон Улсын Санхүүгийн Корпораци хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх болно. ОУСК нь Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж, Түншлэх энэхүү стратегид зорилт болгосон тогтвортой, оролцоотой өсөлтийг бий болгохын төлөө тууштай байр суурьтай байна," гэж Дэлхийн Банкны Группын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч Карэн Финкельсон хэллээ.

Дэлхийн Банкны Группын Түншлэх стратеги нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой бүрэн уялдсан билээ. Ирэх таван жилд (2013-2017 оны санхүүгийн жил) Дэлхийн Банкны Группээс үзүүлэх дэмжлэгийн гурван чиглэлийг тодорхойлсон. Үүнд: (1) Уул уурхайн эдийн засгийг тогтвортой, ил тод удирдан залах Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх, (2) хот хөдөөд эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийн бие даасан, төрөлжсөн суурийг бий болгох, (3) үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлж, гамшгийн эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох замаар эмзэг байдлыг шийдвэрлэх.

Түншлэх стратеги хэрэгжих хугацаанд Монгол Улс Дэлхийн Банкны дунд орлоготой улсуудад зээл олгодог байгууллага болох Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас санхүүжилт авч эхлэх болно. Энэ эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой төслүүдийг боловсруулж байгаа бөгөөд засгийн газрын тэргүүлэх чиглэлийг тусгасан байна. Дэлхийн Банкны Групп нь өөрийн хөтөлбөрт стратегийн ач холбогдолтой гэж үзсэн чиглэлээр хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах нөхцлийг үргэлжлүүлэн бүрдүүлж, хандивлагчдын уялдаа холбоог хангахад хувь нэмэр оруулах болно.

“Энэхүү стратеги нь Дэлхийн Банк, Монгол Улс хоорондын түншлэлийг улам бататгаж байна. Эрдэс баялгийн хишгийг ашиглан ядуурлыг бууруулж, Монголын ард түмний аж байдалд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин ажиллах болно,” гэж Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Корали Гиверс хэллээ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ш. Алтанцэцэг
Утас: +976 (11) 312 647
ashiilegmaa@worldbank.org
Хаана Вашингтон
Мухамед Ал-Арийф
Утас: (202) 458-5964
malarief@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/461/EAP

Api
Api

Welcome