Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Өвлийн улиралд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот болох Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах оновчтой хувилбаруудыг судалгаагаар гаргасан байна

2011.12.22




2011 оны 12 сарын 22, Улаанбаатар хот:  Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд  агаарын бохирдлын асуудал тэдний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлөх ноцтой асуудал байсаар ирсэн билээ. Дэлхийн Банкнаас Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамран явуулсан судалгаагаар  агаарын найрлага дахь тоосонцорт ( PM2.5  -нарийн тоосонцор болон PM10  -бүдүүн тоосонцор)  өдөр тутам өртөх нь зуурдын нас баралтын тохиолдлыг жилд дундажаар 1600-аар[1], уушиг зүрхний өвчлөлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог  дунджаар 8500[2] -аар  тус тус нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарсан байна.  Эдгээр эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн эдийн засгийн өртөг нь  Улаанбаатар хотын 2008 оны ДНБ-ий тавны нэгтэй тэнцэх хэмжээний байна.

Агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын  концентрацыг  жилийн дундажаар хэмжиж үзэхэд Монгол улсын агаарын чанарын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 35 дахин илүү давсан үзүүлэлттэй гарчээ. Агаарын найрдлага дахь тоосонцорын агууламж ялангуяа өвлийн улиралд  Улаанбаатар хотын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг, оршин суугчдын дийлэнх нь  нүүрсээр халаадаг зуух хэрэглэдэг гэр хорооллын бүсүүдэд илүү өндөр үзүүлэлттэй гарсан байна. 

Судалгааны багийнхны туршлагаас үзэхэд Улаанбаатар хотын хэд хэдэн цэгүүд дэх тооцонцорын хэмжээ дэлхийн өөр аль ч улс оронд байхгүй тийм өндөр хэмжээнд хүрсэн  байна. Хэмжилтээр гарсан энэхүү агаарын бохирдолд  хүний эрүүл мэндэд  хамгийн их хор уршигтай PM2.5  буюу нарийн тооцонцорын үзүүлэлт бас орсон байна.  Агаарын найрлага дахь тоосонцорын агууламжийн хэмжээг Монгол улсын агаарын чанарын стандартын хэмжээнд хүргэж, бууруулахын тулд тоосонцорын ялгарлын хувийг 90-ээс илүү хувиар бууруулах шаардлагатай байна. 

Тоосонцорын ийнхүү өндөр агууламжид  хүргэсэн гол хүчин зүйлсийг хамгийн их нөлөөллийн дэс дарааллаар тоочвол гэр хорооллын зуух, салхинаас үүдэн боссон тоос шороо, үнс, замын тоос шороо мөн машин, тээврийн хэрэгслээс ялгарах утаа, уурын зуухны утаа зэрэг болохыг судалгааны үр дүн харуулсан байна.  Хэдийгээр цахилгаан станцаас ялгарах тоосонцорын хэмжээ их боловч  энэ нь газраас өндөр төвшинд ялгардаг учраас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хавьгүй бага байдаг байна. Гэвч цахилгаан станцаас ялгардаг хүхэр, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл бүс нутгийн болон дэлхийн цаг уурт сөргөөр нөлөөлөлдөг учир үүнийг мөн бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх нь чухал юм.

Тус садалгаагаар, эдийн засгийн хувьд өртөг багатай богино хугацааны сайтар бэлтгэгдсэн шийдлүүдийг  ойрын хугацаанд (1-3 жилийн хугацаанд) илүү өртөг, цаг хугацааг шаардах дунд хугацааны хөтөлбөрүүдтэй хослуулан  хэрэгжүүлснээр Улаанбаатар хот ойрын хэдэн жилийн хугацаанд агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Үүнд одоогоор хэрэгжүүлж эхлээд байгаа гэр хорооллын зуухыг шинэ, баталгаат, утаагүй зуухаар солих хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,  цахилгаан халаалтын системийг нэвтрүүлэх,  ногоон байгууламжыг нэмэгдүүлэх ажлыг тоосжилтыг багасгах бусад шийдэлүүдтэй хослуулан хэрэгжүүлэх зэрэг хувилбарууд орно.

Түүнчлэн тус судалгаанд  гэр хорооллыг орон сууцаар солих хөтөлбөрийг урт хугацааны зорилт болгон хэрэгжүүлэхийг санал болгохын зэрэгцээ эрүүл мэндэд зарцуулж буй энэхүү өндөр өртгийг ойрын хугацаанд багасгахын тулд ойрын болон дунд хугацааны шийдэлүүдийг нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцлон тусгасан байна. 

Тус судалгаа нь Дэлхийн Банк, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Монгол улсын Их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори зэрэг байгууллагуудын 4 жилийн хамтын ажиллагааны үр бүтээл юм.  

[1] Жилд нас барагчдын тоо 400- 2700 хооронд хэлбэлздэг байна.
[2] Эмнэлэгт хэвтэн эмчдүүлэгдийн тоо жилд 4000 -аас 14000-ын хооронд хэлбэлздэг байна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: 976 11 312647 ext 207
sjamba@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2011/12/22

Api
Api

Welcome