Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хөдөөгийн боловсролыг дэмжихэд туслалцаа үзүүлэхээр боллоо

2006.3.15




Вашингтон хот, 2006 оны 03-р сарын 15-ны өдөр - Дэлхийн Банк болон Сангийн Яам хамтран “Хөдөөгийн Боловсролыг Дэмжих” төслийн гэрээг эцэслэн хэлэлцлээ. “Хөдөөгийн Боловсролыг Дэмжих” энэхүү төсөл нь хот, хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын хэт ялгаатай байдлыг багасгах   үндсэн зорилготой. Төслийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн сургуулиудыг сургалтын сайн материалаар хангах, мөн багш нарын заах ур чадварыг дээшлүүлэх замаар тухайн сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад голлон анхаарах юм.

Монгол оронд сургуулийн насны бүх хүүхдүүд сургуульд явах суурь боломж бүрдсэн хэдий ч хөдөөгийн сургуулиуд, сурагчидад зориулсан чанар сайтай, зурагтай хүүхдийн номууд хангалтгүй, хөдөө, сумдын сургуулиудын сургалтын чанар нилээд буурсаар байгаа билээ. Үүний мөрөөр манай хойч ирээдүйн нэгээхэн хэсэг болох бага ангийн насны хүүхдүүдийн боловсролд зориулан Дэлхийн Банк тус төслийг хэрэгжүүлэхэд дөрвөн сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. 

Төслийн бэлтгэл үе шат болон хэлэлцээрийн явцад Сангийн яам болон бусад талуудын идэвхтэй оролцоотойгоор төслийн хүрээнд хөдөөгийн номын санд хийгдэх бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсан байна. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны төрийн нарийн бичгийн дарга, тус төслийн гэрээг хэлэлцэх Засгийн Газрын ажлын хэсгийн гишүүн ноён Б. Мишигжав төслийн ач холбогдлын талаар “Хөдөөгийн Боловсролыг Дэмжих” төслийг хэрэгжүүлснээр манай хойч үе болох хүүхдүүдийн боловсролыг ахиулан, бага боловсролын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болно.” гэж тэмдэглэн хэллээ.  Мөн дотоодын хэвлэн нийтлэгчдийг дэмжих, хүүхдийн зохиолч, зураачдын зохиогчийн эрхийг хүндэтгэн, хамгаалахад энэхүү төсөл тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Саха Д. Меяанатан төслийн ач холбогдлын талаар нэмэн тэмдэглэв.

Энэхүү төсөл нь 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд  эхний хэсэг нь хөдөөгийн сургуулиудыг хүүхдийн уншлагын номоор хангах, бага ангийн багш нарт тухайн номуудыг сургалтанд хэрхэн хэрэглэх тухай зааж, тэдний ур чадварыг сайжруулахад чиглэнэ. Хоёр дахь хэсэг нь Засгийн газраас, сурагч нарын суралцах үйл явц, түүний чанар, үр ашгийг олон улсын болон дотоодын үнэлэлтийн аргаар хянан, чиглүүлэх үйл ажиллагааг сайжруулахад, сүүлийн хэсэг  нь төслийн удирдлага, хэрэгжилтийг дүгнэн, үнэлэхэд санхүү, техникийн дэмжлэгээр хангах юм.

Төслийн хүрээнд бага ангийн 1-5 дугаар анги тус бүрт хичээлээс гадуур уншихад зориулан гадаад, дотоодын зохиолчдын номуудыг сонгон, хэвлэн нийтлэж, хэвлэгдэн гарсан номуудыг сум, багийн сургуулиудад түгээж, улмаар ангийн номын сангуудыг бий болгох юм. Хөдөөгийн бага сургуулиудаас гадна орон нутаг дах албан бус боловсролын төвүүд, цэцэрлэгүүд, сурагчдын дотуур байрнуудыг дээрх номоор бас хангах бөгөөд эдгээр болон бусад хүүхдийн номуудыг олон улсын цахим номын сантай (www.icdlbooks.org) хамтран цахим хэлбэрт байрлуулна. Нийт сумдын болон багууд дахь бага ангийн багш нар, захирал, удирдах ажилтан, номын санч нарыг сургах арга зүйн сургалтанд хамруулна. Сургалт нь номыг сургалтанд хэрхэн ашиглах, унших болон бичихийн харилцан уялдаа зэрэг асуудалд голлон анхаарна. Төслийн хүрээнд эх эцгүүд хүүхдүүдийнхээ сурах үйл явцыг хэрхэн дэмжих, яалангуяа ном уншихад харилцан санал бодлоо солилцох тухай мөн суралцах болно. 

“Хөдөөгийн Боловсролыг Дэмжих” төсөл нь Дэлхийн Банкны буцалтгүй тусламжийн    хүрээнд 2006 онд Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх нь дөрвөн төслийн нэг юм. Тус төслийн хэрэгжүүлэлтэнд шаардлагатай дөрвөн сая ам долларын буцалтгүй тусламж нь төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага болох Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамаар дамжуулан олгогдох болно.  Энэхүү төсөл энэ ондоо багтан хэрэгжиж эхэлнэ.

Илүү нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн вэб хуудсанд зочилно уу.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/03/15

Api
Api

Welcome