Дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байсан өндөр чанартай тоног төхөөрөмжүүдийг олж нийлүүлэхэд Дэлхийн Банкны дэмжлэгтэй худалдан авалт чухал үүрэг гүйцэтгэсэн. “Дэлхий дахинаа эмнэлгийн багаж, хэрэгсэл хомсдолд орсон энэ үед бид хэрэгтэй тоног төхөөрөмжөө үйлдвэрийн үнээр, маш богино хугацаанд худалдан авч чадсандаа маш их бахархаж, баяртай байгаа” гэж төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Баяртогтох онцлов.
Аюулгүй, бүгдэд хүртээмжтэй үр дүнтэй вакцин
КОВИД-19-ийн эсрэг вакциныг нийт хүн амд хямд үнээр хүртээмжтэй хүргэх, түүнчлэн КОВИД-ын хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авах, цар тахлын дараах сэргэлтийг дэмжих зорилгоор төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт (эхний 26.9 сая доллар дээр)-ийг олгохоор 2021 оны 2-р сард баталсан. Энэхүү санхүүжилт нь 2021 оны эхээр үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын вакцинжуулалтын аянг дэмжсэн бөгөөд одоогийн байдлаар нийт хүн амын 70 шахуй хувь буюу 2.2 сая орчим иргэн КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Монгол Улс 2021 оны наймдугаар сараас эхлэн дархлаа сэргээх нэмэлт буюу бүүстер тун болон 12-17 насны хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) Дархлаажуулалтын албаны дарга Дашпагма хэлэхдээ “Манай улсад вакцины хүйтэн хэлхээний дэд бүтэц хуучирч байсан нь хүүхдийн товлолт вакциныг орон даяар хадгалах, тээвэрлэхэд хүндрэл учруулж байсан. Ийм нөхцөлд насанд хүрсэн хүн амын дийлэнхийг КОВИД-19-ийн вакцинд хамруулах шаардлага гарсан нь асуудлыг улам хурцатгасан тул бидэнд цогц шийдэл яаралтай хэрэгтэй байсан," хэмээв.
Насжилт өндөртэй дэд бүтэц, вакцин хадгалах агуулахын багтаамж хангалтгүй байсан тул төслийн санхүүжилтээр вакцин, био бэлдмэл хадгалах шинэ төв агуулахыг гурван сарын хугацаанд барьж дуусган, 2021 оны 8-р сард ашиглалтад оруулсан. Вакцин хадгалах агуулах нь хуучин байгууламжаас дөрөв дахин том бөгөөд олон улсын өндөр стандартын дагуу баригдсан. Энэхүү байгууламж нь эрчим хүчинд хэмнэлттэй, газар хөдлөлтөд тэсвэртэй бөгөөд төрөл бүрийн вакциныг стандартын дагуу, аюулгүй хадгалах системээр бүрэн тоноглогдсон. Төслийн хүрээнд нийт 2.9 сая ам.долларын өртөгтэй 800 хөргөгч, 34 нэр төрлийн хэт хүйтэн сүлжээний төхөөрөмж худалдан авч, 10 хөргүүрийн өрөөг тохижуулсан нь төвлөрсөн агуулах болон улс даяарх вакцинжуулалтын нэгжүүдэд суурилуулагджээ.