Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2020.3.08

Breaking Barriers in Mongolia: Ulziitogtokh Davaasuren

Image

For International Women’s Day 2020, we’re getting to know the pioneering women across East Asia Pacific and the who are breaking barriers and creating change for the decade ahead. Ulziitogtokh Davaasuren is a pediatrician for the last 15 years who also volunteers to help alcoholics and their families recover from the impacts of alcoholism. Meet Ulziitogtokh.

Та өөрийгөө товч танилцуулна уу.

Намайг Даваасүрэнгийн Өлзийтогтох гэдэг. Говьсүмбэр аймагт амьдардаг.  Би хүүхдийн их эмчийн мэргэжилтэй.

2002 оноос эхлэн нийт 15 жил сайн дурын ажилтнаар ажиллаж байхдаа архичин болон тэдний эхнэр, ар гэрийнхэн хүүхдүүдтэй нь  ажиллаж тэднийг эргээд хэвийн амьдралд ороход нь тусалдаг байсан.

2017 оноос орон нутгийн түвшинд төрийн бус байгууллагууд, иргэдээ манлайлан  эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр аймагтаа ажиллаж байна. Ингэхдээ аймагтаа “Эрүүл зүрх -Эрүүл хөдөлгөөн -Эрүүл ёс зүй” гэсэн чиглэлээр аймгийн эмнэлэгт зүрх судасны анхны кабинет байгуулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд нийтийн биеийн тамирын дасгал, гүйлтийг зохион байгуулах, аймгийн эмнэлгийн ёс зүйн хорооны үйл ажиллагааг дахин сэргээх  зэрэг ажлыг санаачилан хийсэн. Баримт нотолгоонд суурилан орон нутгийн хэмжээнд тулгамдаад буй асуудлыг  үндэслэлтэй дэвшүүлэн, нөхцөл байдлыг бодитой үнэлэн дүгнэхийн тулд иргэдийн онооны карт, нийгмийн аудит судалгааны аргаас суралцан аймагтаа анх удаа ашиглан, иргэдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмж, хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа, нийгмийн эрүүл мэндийн чанар хүртээмж зэрэг асуудлаар үнэлэлт гарган зөвлөгөө боловсруулж өөрчлөлтийг шаардсан нөлөөллийг ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлсэн.

Санаачилсан ажлуудын маань үр дүн эхнээсээ гарч байгаа. Говьсүмбэр аймагт нийтийн биеийн тамирын дасгал, гүйлтийг 86 хоногийн турш зохион байгуулсны үр дүнд зарим оролцогчид биеийн жингээ хасаж, зүрхний эм уухаа зогсоосон. Мөн манай аймагт зүрх судасны өвчлөл  нас баралт тоон үзүүлэлтээрээ өндөр гардаг боловч зориулалтын кабинет байхгүй, мэргэшсэн эмч сувилагч ажилладаггүй  байсан. Зүрхний өвчтэй иргэд дандаа УБ хот руу явж шинжилгээ хийлгэж ЭХО-д харуулж оншилгоо хийлгэж байсан байдаг.  Ингэснээс болж өвчин нь хүндэрнэ, нас барна, эрт оншлуулж чадахгүй, санхүү мөнгөөрөө дандаа хохирно.

Энэ бол өөрөө нийгмийн эгэх хариуцлагын маш том асуудал байсан. Бидний амьдралд тулгамдаж буй энэ ажлын хүрээнд бид гаднаас өөрчлөлтийг хүлээлгүй өөрсдийн нөөц бололцоонд түшиглэн  хөрөнгө босгох хандивын худалдаа,  урлагийн тоглолт, хандивын аян өрнүүлж, хандивын мөнгөөрөө  зүрх судасны кабинетад шаардлагатай багаж  хэрэгслэлийг авч өгсөн. Орон нутгийн сувилагчийг нь Улсын нэгдсэн 3-р эмнэлэгт ажлын байрны сургалтанд хамруулж  дадлагжуулсан.  Бие даасан зүрх судасны кабинеттай болсноор аймгийн иргэд зүрхний шинжилгээ хийлгэхээр, оношоо тогтоолгохоор Улаанбаатар хот явах нь багассан.

Мөн эмнэлгийн ёс зүйн хорооны үйл ажиллагааг  аймагтаа сэргээн идэвхжүүлж, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй холбогдох иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх бус алдаа дутагдлын гол суурь шалтгааныг илрүүлэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт, мэдээллийг түгээн, төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж хоёр жилийн хугацаанд хорооны үйл ажиллагааг олон нийтэд таниулж тогтмол ажилласан.  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагаас эмчилгээний үр дүн шалтгаалах, цаашлаад хүний эрүүл мэнд амь насанд ч хохирол учруулж болох тийм ёс зүйн буруу хандлагыг өдөр бүр эмнэлгийн мэргэжилтнүүдийн харьцаанаас олж харсаар байсан учраас энэ чиглэлээр ажилласан.  Манай хороо Эрүүл мэндийн яамны хэмжээнд үйл ажиллагаагаараа тэргүүллээ.

 

Танд юунаас урам зориг авдаг вэ?

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь  зөвхөн гаднаа биш, дотоод зүрх сэтгэлд нь байдаг гэж би итгэдэг.  Ядуусыг энэрэх, ахмадаа хүндэтгэж, үр ач нараа зөв хүмүүжүүлэх, сайхан ирээдүйг өвлүүлэх гэсэн дотоод хүсэл сэтгэл маань намайг  аливаа ажлыг зоригтой шантрахгүй хийх урам зориг маань болдог.

 

Зүүн Азийн эмэгтэйчүүд өөрчлөлтийг авчирч байна гэдгийг та юу гэж харж байна вэ?

Аль ч улс орны эмэгтэйчүүд бидний оролцоо нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй, үнэ цэнэтэйн дээр эмэгтэйчүүд бид нэг зоригловол бууж өгдөггүй, тууштай тэмцдэг гэдгийг ёс зүйн хорооны багийнхаа гишүүдээс олж харсан.

Манай эмнэлгийн ёс зүйн хороо нийт 9 гишүүнтэйгээс 7 нь эмэгтэй. Бид хоёр жил ажиллахдаа сайн дураараа нэгдэн бусаддаа үлгэрлэн үзүүлэн орон нутагтаа бид өөрчлөлт авчирч, хариуцлагыг нэмэгдүүлэхээр хичээсэн. Зарим үед шантрахуйц байсан ч асуудлыг шийдвэрлүүлэхэд шинэлэг арга барил, олон удаагийн уулзалт шаардагдсан. Бидний зүгээс төрийн байгууллагын төлөөллийн өмнө иргэдээ төлөөлөн асуудлыг дэвшүүлэхэд туршлага дэмжлэг дутах, жижиг сууринд хариуцлагыг нэхэх амаргүй гэх мэт асуудал тохиолдсон ч бидний эхлүүлсэн санаачилга бусад ижил түвшний хувь хүн, байгууллага, орон нутагт сэдэл өгч бид туршлагаа хуваалцсандаа баяртай байдаг.

 

Таны хэлэх дуртай үг.

Бусдыг яг өөрийн адил хайрлах гэдэг үгийг би байнга бодож бас үүнийхээ дагуу үйлдэхийг эрмэлзэж хичээдэг. Бусдад тохиолдож байгаа хүнд хэцүү зүйл миний амьдралд надад тохиолдвол би ямар байр суурин дээр энэ асуудлыг шийдэх бол гэдэг энэ асуултыг өөртөө тавьдаг. Гарах гаргалгааг ч эрэн хайдаг. Энэ нь намайг улам хүчтэй болгодог.

 

Та 25 жилийн дараах Монгол Улс, монгол эмэгтэйчүүдийг хэрхэн харж байна вэ?

Манай улс хөгжихийн хэрээр нийгэмд төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, орон зай нэмэгдэж байна. Үүнийг дагаад төрийн бус байгууллагууд, тэр дундаа орон нутгийн төрийн бус байгууллагууд илүү их чадавхжиж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг илүү чанартай, оновчтой, хүртээмжтэй болгох тал дээр хяналт тавин, холбон, хамтран ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр олон ТББ-ыг эмэгтэйчүүд удирдаж байгаа хэдий ч, тэд маш их эсэргүүцэл, сорил бэрхшээлтэй тулгарсаар байна. Ялангуяа орон нутгийн ТББ-ын санхүү, нөөцийн дутагдалтай байдал нь тасралтгүй үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэл учруулдаг. Ирээдүйд эмэгтэйчүүд орон нутгийнхаа ТББ-уудаар дамжуулан нийгэмд өөрийн дуу хоолойг хүргэх, оролцох боломж нь нэмэгдээсэй гэж хүсч байна.

 

Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд эрх тэгш байдлыг бий болгоход та юу хэрэгтэй гэж боддог вэ? (#ХүнБүрТэгшБайдлынТөлөө #EachForEqual)

Би олон жил ТББ-ууд болон бусад байгууллагуудад ажиллаж байх хугацаанд миний гэр бүл, тэр дундаа миний нөхөр үргэлж намайг дэмжиж, түшиж ирсэн. Зорьсон ажил үйлсээ үргэлжлүүлж, шантрахгүй хийхэд миний нөхрийн надад өгдөг урам зориг, хайр халамж маш чухал байсан. Бүх эрчүүд эмэгтэйчүүд биднийг ингэж дэмждэг бол илүү олон эмэгтэйчүүд өөрсдийн хийж бүтээхийг хүссэн, дуртай ажлаа хийх байсан болов уу гэж боддог.

 

Монгол эмэгтэйчүүдийг нэг үгээр тайлбарлана уу гэвэл та яамар үг сонгох вэ?

Би хоёр үгээр тайлбарламаар байна: хайр - халамж.

 

Монгол эмэгтэйчүүд ирээдүйд ямар болоосой гэж та хүсдэг юу вэ?

Эмэгтэйчүүд бид өрх гэр, орон нутагтаа эерэг өөрчлөлт авчрах маш их боломж бий. Гэхдээ эмэгтэйчүүд бидэнд өөрсдийн боломж, нөөцөө бүрэн ашиглахад тодорхой дэмжлэг, эмэгтэй эрэгтэй жендэрийн талаарх нийгэмд тогтсон ойлголт, хүлээлтийг халах, тэгш боломж олгох шаардлагатай юм. Ялангуяа орон нутгийн эмэгтэйчүүдэд илүү бодит дэмжлэг, өөрсдийн санаачилгаа хэрэгжүүлэх боломж олгох нь маш чухал юм. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүд бидний хувь хүний хөгжил төдий бус нийгэмдээ эерэг үнэт зүйлс, баялгийг бий болгоход үнэтэй хувь нэмэртэй.



Api
Api