Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖ НЭГ АЛХАМААР УРАГШИЛЛАА

2017.5.31


Image

Төслийн оролцогч Галуут, Баянцагаан, Жаргалант сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар хүлээж авсан  мотоциклийн дэргэд. Дуу багатай, түлшинд хэмнэлтэй эдгээр мотоциклийг хоёр ээлжийн хамгаалалтын малгай, нүдний шил, өвөл, зуны бээлий зэрэг хамгаалалтын хэрэгсэлтэй хамт өгөв. 

Зургийг: Б. Эрдэнэ-Очир/Дэлхийн Банк

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Алс холын малчин айлуудаар явж, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх нь амаргүй ажил байдаг
  • Төслийн дэмжлэгтэйгээр малын эмч нарын хийх үзлэгийг мотоциклоор хийдэг болсноор зардал буурч, чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна
  • Малчдын дунд малынхаа эрүүл мэндэд анхаарах ёстой гэсэн ойлголт, хандлага нэмэгдэж байна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээг малчдад хүргэх, малыг эрүүл байлгах, ямар нэг өвчин гарахад газар дээр нь очиж судлах, цааш мэдээлэх зэрэгт мотоцикл ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх малчин өрхүүд аймаг, сумын төвөөсөө алс хол амьдардаг тул малын эмч нар ажлаа гүйцэтгэхэд мотоцикл тус нэмэр болдог байна.

Дэлхийн Банкны итгэлцлийн сангуудын нэг болох Даян дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хөтөлбөрөөс /ДДХААХАБХ/  санхүүжилттэй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Галуут, Баянцагаан, Жаргалант сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд цоо шинэ 8 мотоциклийг саяхан хүлээлгэн өгсөн. Баянцагаан сумын хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн дарга, малын эмч Дашзэвэгийн Эрдэнэсувд шинэ унааныхаа түлхүүрийг гардаж авсан хүмүүсийн нэг юм.


Image

Баянцагаан сумын малын эмч Д. Эрдэнэсувдад шинэ мотоциклийн нэгийг хүлээлгэн өглөө. 

Зургийг: Б. Эрдэнэ-Очир/Дэлхийн Банк

" Хавар цагт хамгийн их ачаалалтай байдаг, энэ нь улирлын онцлог бас төл мал хорогдох эрсдэл өндөртэй холбоотой. Орон нутгийн чанартай малын өвчнийг эс тооцвол манай сум малын өвчнөөр харьцангуй тайван. "

Баянцагаан сумын малын эмч Д. Эрдэнэсувдад шинэ мотоциклийн нэгийг хүлээлгэн өглөө.

Баянцагаан сум нь Баянхонгор аймгийн төвөөс 230 км алслагдсан. Д. Эрдэнэсувд 2007 оноос хойш малын эмчээр ажиллаж байгаа бөгөөд Баянцагаан сумын 200 гаруй малчин өрхийн 200.000 малыг хариуцан ажиллаж байна. Хамгийн алслагдсан малчин өрх сумын төвөөс 120 гаруй км-ын зайд амьдардаг.

Хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмчийн хувьд тэрээр сумын мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлж, ямар нэг өвчин гарахад газар дээр нь очиж судлан, онош тогтоодог ба шаардлатагай бол аймгийн мал эмнэлэг рүү дээжийг нь хүргүүлэн, тайлан мэдээ бэлтгэдэг юм.

Түүний ажлын ачааллын талаар асуухад: “Хавар цагт хамгийн их ачаалалтай байдаг, энэ нь улирлын онцлог бас төл мал хорогдох эрсдэл өндөртэй холбоотой” гэж хэлээд “Орон нутгийн чанартай малын өвчнийг эс тооцвол манай сум малын өвчнөөр харьцангуй тайван,”  гэж нэмж хэллээ.

Мал эмнэлгийн үзлэг, лабораторийн шинжилгээ зэрэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн хүрээнд явуулдаг. Ингэхдээ сумын тамгын газар, мал эмнэлэг үржлийн тасаг, малчид болон сумын мал эмнэлгийн хооронд жил бүр гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлдэг байна.

Бидний зүгээс үзүүлэх бүхий л ажил, үйлчилгээг гэрээнд тусгасан байдаг. Жишээлбэл, нэг малчин  малдаа ямар нэг нийтлэг биш зүйл ажиглагдах эсвэл мал нь олон тоогоор хорогдож байгаа тухай мэдээлэл өгөхөд би очиж үйлчилгээ үзүүлнэ. Тухайн малчны хотонд очих миний унааны зардлыг малчин хариуцдаг. Энэ зардал гэдэг нь голдуу бензин л байдаг. Өмнө машинааор очдог байхад зардал их өндөр тусдаг байлаа. Харин энэ мотоциклоор очиход зардал буурч байгаа юм. Одоо мотоциклоо унаж сурна даа,” гэв.

Нэг малд 200 төгрөгөөр тооцож паразитийн эсрэг үйлчилгээ малчдад үзүүлдэг бөгөөд 130 төгрөгөөр авах эмийг малчин төлж, цаана үлдсэн 50-70 төгрөг нь үйлчилгээний хөлс болдог.

Төрөөс хэрэгжүүлж буй зарим бодлогын үр дүнд малчдын дунд малынхаа эрүүл мэндэд анхаарах ёстой гэсэн ойлголт, хандлага нэмэгдэж байна. Ингэснээр малчид өөрсдийн хөрөнгө болсон малын эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас хуваалцах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. Жишээлбэл, ноос эсвэл ширний урамшуулал авах бол малаа эрүүл байлгах ёстой гэж заасан байдаг. Мөн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төрөл бүрийн сургалт, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, малаа эрүүл байлгах талаарх мэдээллийг малчдад хүргэхэд дэмжлэг болов.

Түүнчлэн, малчдын зээлийн хүүг сарын 18-аас 10 хувь болгон бууруулсан. Ийм хүүтэй зээл авахын тулд малчин малаа эрүүл байлгаж, зохих хугацаанд нь вакцинжуулсан байх ёстой гэж заасан байдаг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулга: “Малчдыг зах зээлтэй холбож, мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хөдөөгийн хүн амын  амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын тэргүүн зорилтуудын нэг билээ. Хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр ялангуяа Хөдөө аж ахуйн салбарт баримтлах төрийн бодлогод тусгагдсан зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэгтэй юм,” гэв.

Малын эрүүл мэндийн талаарх малчдын мэдлэгийг дээшлүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, үйлчилгээг малчдад улам ойртуулах нь Монголын мал аж ахуйн салбарт эерэг өөрчлөлтүүдийг авчирч байна. Эдгээр өөрчлөлт нь нүүдлийн мал аж ахуйг хадгалах гэсэн хүсэл болоод олон улсын өрсөлдөөнт зах зээлд гарч эдийн засгаа төрөлжүүлэх гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм. 


Api
Api

Welcome