Салхи шуугисан тал, цагаан цасаар хучигдсэн уулс, мөс нь гялалзсан голууд-Монголын өвөл үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ бас хахир байж чаддаг. Агаарын хэм Цельсийн хасах 40-өөс илүү гарна. Өвлийн цаг агаар хэт хүйтэрч мал хорогдож, малчин өрхүүд амьжиргаагаа алдах нь бий. Үүнийг монголчууд зуд гэдэг.
1999-2002 өвлийн зуд болон зуны ган гачгийн улмаас Монголын нийт малын 30 хувь нь хорогдсон. 2010 оны зудаар 8,8 сая мал хорогдсоныг мөнгөн дүнгээр илэрхийлвэл улсын эдийн засгийн 4,4 хувьтай тэнцэж байгаа юм.
1999-2002 оны зудын дараагаас Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран малчдыг байгаль, цаг уураас шалтгаалсан хохирлоос хамгаалах арга замыг хайж эхэлсэн. 2006 оноос дөрвөн аймагт Малын индексжүүлсэн даатгалын төсөл хэрэгжиж эхлэв. 2010 онд дахин тохиолдсон зудны дараагаас энэ төслийн хамрах хүрээг өргөтгөж нийт 21 аймагт хэрэгжүүлэх болсон. Энэ нь даатгалын ийм төрлийн хэлбэр хэрэгжсэн дэлхийн анхны тохиолдол юм.
Энэ төсөл нь тухайн малчин өрхийн хохирлыг биш харин орон нутаг болон хорогдсон малын төрлөөс хамаарсан даатгалын тогтолцоо юм. Энэ даатгалын индексийг Үндэсний Статистикийн хороо дэмжсэн.
Малын индексжүүлсэн даатгал нь сайн дурын даатгал, зах зээлд суурилсан даатгал, мөн нийгмийн халамжийн сүлжээний хослол юм. Малчид сайн дураараа өөрсдийн амьжиргаанд нөлөөлөхгүй байх хэмжээний цөөн тооны малын хорогдлоо даатгуулна, харин олон тооны малын хорогдол нь хувийн даатгалын компанид очно. Харин үлэмж их хэмжээний малын хорогдлын даатгалыг төр хариуцна.
Малчдын давуу тал
Энэ төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа малчдын анхаарлыг татсан. Жил ирэх тусам даатгалд хамрагдах малчдын тоо нэмэгдэж байлаа.
2013-2014 оны хооронд 19500 малчин даатгалын энэ бүтээгдэхүүнийг худалдан авсан нь өмнөх оноос 21 хувиар өссөн үзүүлэлт юм. Даатгалд хамрагдсан малчид бүгд нөхөн төлбөр авчээ.
Даатгалын шинэ тогтолцоо нь байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөлтэй тулгарах үед хохирлыг аль болох бага байлгаж чадахаар мал аж ахуйгаа хөтлөх хөшүүргийг олгож байгаа юм. Жишээ нь, зуд эсвэл ган тохиолдсон үед тухайн малчин хохиролгүй давсан байлаа ч хөрш малчин өрхийн олон тооны мал хорогдлоо гэхэд малаа хорогдолгүй аваад гарсан малчин аж ахуйгаа зөв хөтөлсөний төлбөр болгон урамшуулал авна. Гэхдээ энэ урамшуулал нь Малын индексжүүлсэн даатгалын тухайн орон нутгийн даатгалын тогтолцооноос үүдэн бий болж байгаа юм.
Улаан-Уул сумын малчин М.Пүрэвжав 2014 оны өвөл даатгалд хамрагдсан. “2013 оны өвөл хэд хэдэн малчин өрх энэ шинэ даатгалд хамрагдсан. Сумын захиргааны тооцоогоор манай сумын нийт малын тоо 1200 байсан. Хэрвээ сумын нийт малын хорогдол зургаан хувиас давж байвал даатгалыг худалдаж авсан бүх малчин өрх нөхөн төлбөр авах юм. Мөнгөө ч авсан” хэмээн М.Пүрэвжав ярилаа.
Даатгалын шинэ тогтолцоо хэрхэн ажилладгийг Пүрэвжав шиг хүмүүс ойлгоход амар биш. Радио хичээл, малчдын сууринд очиж танилцуулах, танилцуулга болон мэдээллийн хуудас тараах нь даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ. Гэвч малчин бүртэй тулж ярилцах нь илүү өгөөжтэй.
“Тэнгэр” даатгалын компанийн төлөөлөгч Ч.Хүнбиш өөрийн мотоциклээрээ нэг голоос нөгөө гол руу давхиж, даатгалын давуу талыг малчдад тайлбарласан. “Энэ системийг хоёрдмол утгаар ойлгох нь бий. Энэ систем даатгалын компаниуд цагтаа төлбөр хийхгүй байхаас хамгаалж, мөн малчид худал мэдээлэл авахаас сэргийлдэг” хэмээн Хүнбиш хэллээ.
Ийм зүтгэлийн ачаар улсын хэмжээгээр нийт малчдын 65 хувь нь энэ даатгалд хамрагдаад байна.
2014 оны өвөл харьцангуй өнтэй байлаа. Пүрэвжавын мал онд мэнд орж, тэрбээр даатгалаас төлбөр аваагүй. Гэсэн ч тэр даатгалын шинэ загвар яаж ажилладгийг мэднэ.
“Даатгалын энэ тогтолцоо биднийг гарз хохирлоос хамгаалдаг. Хэрвээ мал ихээр хорогдвол бид даатгалаас төлбөр авна гэж хүлээж болно” хэмээн Пүрэвжав хэллээ. “Энэ нь биднийг амьжиргаагүй болох үед тусалдаг” гэлээ.