2013 оны 02-р сарын 21 өдөр, Улаанбаатар хот - Монгол Улс нь уул уурхайн салбарын огцом өсөлтийн үр дүнд нүүдлийн иргэншлээс орчин үеийн эдийн засгийн тогтолцоонд хурдацтай түрэн орж ирж буй улс бөгөөд Монгол Улсын иргэд төрийн албанд ч мөн ийм өсөлт гарна гэдэгт итгэдэг.
Монголчуудын нийтлэг гомдоллодог зүйлсээс дурдвал:
“Бид улсын төсвийн 20% -ыг боловсролд зарцуулдаг боловч сургуулиуд гурван ээлжээр хичээллэж нэг анги дүүргэлт 40 сурагчтай байна.”
“Хэдийгээр би 9 өрхийн эмчийн зардлыг төлж байгаа ч тэдний зөвхөн 5 нь л ажлаа хийдэг.”
“Зөвхөн нэг цаас авахын тулд би 40 минут хүлээдэг.”
“Ганц албан бичиг авахын тулд арван хаалга тогшдог.”
“Төрөөс үзүүлж буй төрийн албаны үйлчилгээнд Монголчууд сэтгэл дундуур байдаг болохыг бидний судалгаа харуулж байна,” гэж Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэлийн Үндэсний Сүлжээний Зохицуулагч Г. Ундрал хэлсэн байдаг.
Монгол Улсад нийгмийн хариуцлагыг танилцуулах нь
Дээр дурдсанчлан олон нийтийн зүгээс гаргасан гомдол хүсэлтийг харгалзах үзэхийн тулд Нийгмийн Хариуцлагын төлөөх Түншлэл олон улсын түнш байгууллагуудтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр Монгол Улсад нийгмийн хариуцлагыг хөхүүлэн дэмжихийн тулд Үйл ажиллагаанд суурилан нийгмийн хариуцлагад суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.
Нийгмийн хариуцлага гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал хэрэгжүүлж буй хөтөлбөртөө төр засгийн газар хариуцлага хүлээнэ гэсэн үг бөгөөд хариуцлагын талаарх асуудлыг үндэсний хэмжээнд танилцуулах, “төр засгийн газрыг хариуцлагатай байлгахын тулд ” дотоодын ТББ-уудад Иргэдийн Онооны Карт, Иргэдийн Тайлангийн Карт, Төрийн Зардлыг Хянах Судалгаа гэх мэт арга хэрэгслийг хэрхэн яаж хэрэглэх талаар сургалт явуулахыг хэлнэ.
Иргэд Төсвөө Хянана – иргэний нийгмийн Сүлжээний Зохицуулагч, Д. Цэрэнжав хэлэхдээ “2000-аад оны дунд үед бид жагсаал цуглаан хийж байсантай адилгүй энэ бол Монгол Улсын хувьд шинэ ухагдахуун юм. Энэ бол бодитой, хэмжигдэхүйц, үр дүнд чиглэсэн ухагдахуун” гэжээ.
“Тус хөтөлбөрийн хүрээнд үйлчилгээний хүрэлцээ муу, хангалтгүй байдлын талаар мэдээлэл цуглуулж бодит баримт нотолгоогоор баталгаажуулсан юм,” хэмээн Г. Ундрал хэллээ.
Дашин Дэм Сангийн Зохицуулагч Б. Нямсүрэн “Эдгээр баримт нотолгоог бид төрийн эрх бүхий байгууллагуудад танилцуулж дуу хоолойгоо сонсгох, нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаандаа бодитой хувь нэмэр оруулж байна” гэлээ. Иргэдэд хамгийн их хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээг авах явцад идэвхтэй оролцдог иргэдийн хувьд нийгмийн хариуцлагын талаарх ойлголт ухагдахуун болон практик үйл ажиллагааг таниулах явдал хамгийн үр дүнтэй арга зам болохыг ойлгож байна гэж тэрээр үргэлжлүүлэн хэлсэн юм.