Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ

2013 оны төсвийн төлөв байдал болон онцлогууд

2013.1.18


Image

Монгол Улсын Парламент 2013 оны төсвийг 11 дүгээр сарын 15-нд баталсан бөгөөд энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ) бүрэн хэрэгжиж эхэлсэн анхны төсвийн төлөвлөлтийн жил болсон онцлогтой байлаа. Уг төсөвт ТТБТХуульд зааснаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдлыг 2 хувьд барина гэсэн заалтыг Засгийн газар хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ байдал нь төсвийн илүү сайн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр дэвшил авчирч байгаа боловч уг төсөв нь орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг тэлэх байдалтайгаар төлөвлөсөн нь ТТБТХ-ийн зорилгыг гажуудуулж, томоохон эрсдлийг агуулж байна.

  • Төсвийн нийт орлогыг 2012 оны төсвөөс 28.9 хувиар өсгөж, 7,258 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөсөн. Төсвийн нийт орлогыг өмнөх 2012 оны орлогын урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал бараг 40 хувиар нэмэгдэхээр байна. 2012 оны орлого дутуу төвлөрч байгаа нөхцөл байдал болон 2009 оны Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд дахин нэмэлт хэлэлцээр хийснээс олох нэмэлт орлогыг (445 тэрбум төгрөг) оруулахаар тооцсон нь төсвийн орлогын тооцоог хэт өөдрөг болгожээ. Ирэх оны төсвийн орлогын тасалдал ДНБ-ий 6 хувьд хүрэхээр байна.
  • Төсвийн нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ нь 2012 оны төсвөөс 17.9 хувиар нэмэгдэж 7,444.6 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн байна. Үүний дийлэнх өсөлт нь хөрөнгө оруулалтын зардал огцом 44.7 хувиар өссөнтэй холбоотой. Хэдийгээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ч хөрөнгийн засвар үйлчилгээний зардал буурсан нь шинээр болон одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын чанарыг баталгаажуулах тал дээр анхаарал хандуулахгүй байгааг харуулж байна. Энэ оны төсвийн зардлын төлөвлөлтөд зардлын өөр хоёр элементийг оруулаагүй байгаа нь төсвийн ерөнхий төлөв байдалд томоохон сөрөг нөлөөтэй байх талтай. Үүнд: (i) Үнийг Тогтворжуулах Хөтөлбөр (718 тэрбум төгрөг) болон (ii) Засгийн газрын гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондоос орох орлогыг ашиглах.
  • Тэнцвэржүүлсэн төсвийн тэнцэл ДНБ-ий 2 хувьд хүрэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь ТТБТХуульд заасан хамгийн дээд хэмжээ юм. Энэ нь дэвшилттэй зүйл болохыг тэмдэглэх хэрэгтэй боловч өнөөгийн төсвийн орлогын дутагдалтай байгаа нөхцөл байдал, төсөвт нэмэгдэх дээрх хоёр зарлагыг нэмж тооцвол төсвийн алдагдал зорьсон зорилгодоо хүрэхэд төвөгтэй байна. Төсвийн нэмэгдэж байгаа зарлагын бүрэлдэхүүн хэсгээс үүдэх төсвийн үр нөлөө нь яг хэд байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээрээ байна. Бидний үзэж байгаагаар төсвийн алдагдал 6 хувьд хүрэх талтай бөгөөд түүний хэлбэлзэл нь төсвийн нэмэлт зарлагын төлөвлөгөөг хэрхэн хийж байгаагаас хамаарна.

Хэрвээ төсвөөс гадуурхи санхүүжилтийн үйл ажиллагаануудыг уг төсөвт оруулбал төсвийн алдагдал нэлээд өндөр байх болно. 2012 онд Монгол Улсын Хөгжлийн Банкаар (МУХБ) дамжуулан гаргасан төсвөөс гадуурхи санхүүжилтаас үүдэх төсвийн дарамт нь 2013 онд ДНБ-ий 4 хувиас илүү байхаар тооцоо гарч байна. Иймэрхүү төрлийн томоохон хэмжээний төсвөөс гадуурхи санхүүжилтийн үйл ажиллагаа нь ТТБТХуульд заагдсан төсвийн дүрмүүдийн үр нөлөөг ихээхэн бууруулах бөгөөд одоогийн төсөт төлөвлөгдсөн үйл ажиллагаанаас үүдэн үүсч буй хэт халалтын дарамтыг улам нэмэгдүүлэх талтай.

Сүүлийн үед хэрэгжиж буй Үнийг Тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк оролцож байгаа нь болон Засгийн газрын гаргасан бондын хөрөнгийг хэрхэн ашиглах нь тодорхойгүй байгаа зэрэг нь ТТБТХуулийг хэрэгжүүлэх тал дээр улам бүр асуудал үүсгэж байна. Засгийн газрын үнийг тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк хөнгөлөлттэй санхүүжилт үзүүлэх замаар оролцож байгаа нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг эрх бүхий байгууллагын уламжлалт үүрэг ролиос гадуур огт өөр үзэгдэл үүсгэж байна. Энэ нь төсвөөс гадуурх өөр нэгэн санхүүжилтийн хэлбэрийг бий болгохоос өмнө амжиж Төв банк энэ байдлаасаа гарах тодорхой төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээлд Монголын эдийн засгийг сонирхох байдал нэмэгдэж байгаа ч шинээр гарасан Засгийн газрын бондын орлогыг хэрхэн ашиглах зөв төлөвлөлтгүйгээр энэ нь томоохон төсвийн эрсдлийг үүсгэх талтай. Саяхны гаргасан бонд нь төсвөөс гадуурхи санхүүгийн суваг болж болохгүй бөгөөд бондын хөрөнгийн орлого, ашиглалтыг төсөвт зохих ёсоор тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна. Түүнчлэн Засгийн газар бондын орлогоор санхүүжигдэх төслүүдийг сонгож, үнэлэхдээ гадаад зээлжилтийн санхүүгийн өртөг, өөрийн орны эдийн засгийн чадавхи, хязгаарыг зэргийг тооцоход хангалттай цаг хугацаа, хүчин чармайлт гаргах хэрэгтэй.


Api
Api

Welcome