ӨГҮҮЛЭЛ

МУ-Н ЭДИЙН ЗАСГИЙН УЛИРЛЫН ТОЙМ: 2012 ОНЫ 6-Р САР

2012.6.25


Image

Энэ нөхцөл байдалд, "мориныхоо амыг татаж", макро эдийн засгийн хувьд илүү болгоомжтой, мөнгөний болон төсвийн чанга бодлого баримталж эдийн засгийн цаашдын хэт халалтаас сэрэмжлэхийг Монголын бодлого боловсруулагчдад зөвлөж байна.


МУ-ын эдийн засгийн өсөлт асар хурдацтай үргэлжилсээр, оны эхний улирлын байдлаар 16.7 хувиар өслөө. Гэтэл инфляци 4-р сард 16 хувьд хүрч МБ-аас гаргасан инфляцийг 10 хувьд барих зорилтоос даваад байна. Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлж, нийт иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тарааж, хөрөнгийн зардлуудыг нэмэгдүүлж байгаа нь эрэлтийн дарамтад нөлөөлж байна. Үүний зэрэгцээ, дэлхийн эдийн засгийн байдал муудаж, ялангуяа Монголын худалдааны томоохон түнш Хятад улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүү хурдацтайгаар буурах хандлагатай байгаа нь экспортын өсөлтөд сөргөөр нөлөөлж, гадаад худалдааны тэнцэлийг муутгаж байна. Энэ нөхцөл байдалд, “мориныхоо амыг татаж”, макро эдийн засгийн хувьд илүү болгоомжтой, мөнгөний болон төсвийн чанга бодлого баримталж эдийн засгийн цаашдын хэт халалтаас сэрэмжлэхийг Монголын бодлого боловсруулагчдад зөвлөж байна.

Эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний салбар, тухайлбал бөөний болон жижиглэнгийн худалдаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ба 1-р улирлын байдлаар жилийн 51 хувь, тээвэрлэлтийн салбар 11.7 хувь өссөн байна. Оюу Толгойн бүтээн байгуулалт худалдан авагч болон худалдаа наймаа эрхлэгчдийг дэмжиж эдийн засгийн бусад салбаруудад хүчтэй нөлөөлөл үзүүлж байна. 1-р улирлын мэдээгээр, 2009 оны сүүлч, 2010 оны эхэн үеийн зудын учруулсан гамшигийн хохиролыг хөдөө аж ахуйн салбар даван сэргэлтийн үедээ орж 1-р улиралд 13.6 хувийн өсөлттэй гарав.

Засгийн газрын зардлын өсөлт нь орлогын өсөлтөөс давж, төсвийн алдагдал нэмэгдлээ. Нийт зардал нэрлэсэн үнээр тооцвол 4-р сард жилийн (оны эхнээс, өнгөрсөн жилтэй харьцуулхад) 32 хувь, тэр дундаа хөрөнгийн зардал 100 гаруй хувийн өсөлттэй гарсан байна. Гэтэл төсвийн орлого энэ хурдыг гүйцэж чадахгүй, дөнгөж 21 хувийн өсөлттэй байгаа нь гадаад худалдааны татвар төдийлөн өсөөгүй, уул уурхайн компаниудаас орох онцгой албан татвар, нөөц ашигласны татвар, ноогдол ашиг буурсантай холбоотой юм. Энэ бүхний үр дүнд, төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, 3-р сард ДНБ-ний 4.7 хувьтай тэнцэх хэмжээнд буюу сүүлийн хоѐр жилд хамгийн өндөр түвшинд хүрсэн (4-р сард бага зэрэг сайжирсан).

Төсвийн тогтвортой байдлын (ТТБ) тухай хуулиар төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий 2 хувь байхаар заасан хэдий ч уг хууль 2013 оны 1-р сараас эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд 4-р сарын байдлаар тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ний 6.1 хувь байгаа ба хэрэв дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэж тооцвол МУ 2013 онд төсвийн хатуу бодлого баримтлах шаардлагатай байна. Ялангуяа, хөрөнгийн зардлын огцом өсөлт нь эдийн засгийн шингээх чадварыг сулруулж байгаа нь үнэ огцом өсч байгаагаар нотлогдож байна. Мөн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр нь концессын “барих-шилжүүлэх” нөхцөл болон МУ-ын Хөгжлийн Банкны (МУХБ) санхүүжилттэй төсөл зэрэг хувилбаруудаар баяжсаар байгаа нь төсвийн өр төлбөрийг үлэмж нэмэгдүүлж байна. МУХБ-д гаргаж өгсөн төрийн баталгаа, дээр нь ирэх жилүүдэд төлөгдөж дуусах өсөн нэмэгдэж буй өрийн үйлчилгээний төлбөр зэрэг нь ойрын хугацаанд төсвийн байдалд дарамт үзүүлэх магадлалтай. Эрдэнэс ТТ-н хувьцааг бэлэн мөнгө болгож тараах санал хэрэгжсэнээр төсвийн эх үүсвэрт учрах дарамт нэмэгдэнэ.

Инфляци өсч байгаа нь засгийн газрын зардал өсч, хүнсний бүтээгдэхүүний, ялангуяа махны үнийн өсөлтөөс улбаалан эрэлтийн дарамт нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Саяхан МБ бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь банкны зээлийн хэмжээг бууруулах зорилго агуулж байгаа бөгөөд жилийн эхнээс банкны зээл 60 гаруй хувиар өсч ирсэн. Цаашид бодлогын хүүг өсгөх боломж байгаа ч гэсэн, төсвийн зардлыг тогтоон барихгүйгээр мөнгөний хатуу бодлого дангаараа үр дүнд хүрэхгүй.

Гадаад талбарын хувьд, экспорт 4-р сард 2.8 хувиар хумигдсан. Энэ нь сүүлийн хоѐр жилийн хугацаанд анх удаа бууралттай гарч байгаа ба энэ нь дэлхийн эдийн засгийн байдал доройтож, өргөн хэрэглээний барааны үнийн гулсалт, МУ-ын худалдааны томоохон түнш Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотой. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний хэмжээ өнгөрсөн жилийн өсөлтөөс бараг өсөхгүй байгаа ба зэсийн экспортийн өсөлт сүүлийн үед төдийлөн ахицтай гарахгүй байна. Дөрвөн улирлын гулсах нийлбэр дүнгээр тооцоход, 2011 оны 1-р улиралд ДНБ-ний 18 хувь байсан урсгал дансны алдагдал 2012 оны 1-р улирлын байдлаар 35 хувьд хүрч тэллээ. Алдагдлыг ДНБ-ний хагастай тэнцэх хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилт болох 4.4 тэрбум доллараар санхүүжүүлсэн байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өндөр хэвээр байна. Сүүлийн саруудад төгрөгийн нэрлэсэн болон бодит ханш чангарсаар байгаа нь ашигт малтмалын бус худалдааны салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.

Дэлхийн Банк болон Үндэсний Статистикийн Хорооноос ядуурлын байдалд хамтран хийсэн дүн шинжилгээнээс харахад 2010 онд үндэсний хэмжээнд ядуурлын түвшин 39.2 хувь байсан бол 2011 онд 29.8 хувь болж буурсан байна. Энэ нь эдийн засгийн өсөлт сайн байсан, нийгмийн халамж нэлээд өссөн, 2010 оны зудын хохиролыг даван туулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн зэрэгтэй холбоотой. Гэхдээ сүүлийн үеийн инфляцийн өсөлт нийгмийн ядуу хэсэгт хүндээр тусах болгоомжлол байгаа бөгөөд ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд инфляци өсч байгаа нь улам сэтгэл түгшээж байгаа бөгөөд өрхийн орлогын 49 хувь нь хүнсний бүтээгдэхүүнд зарцуулагдаж байгаа юм.

Сүүлийн саруудад дэлхийн эдийн засгийн байдал нэлээд тогтворгүй болж байна. Европын өндөр орлоготой орнуудын санхүүгийн байдал, нефтийн өндөр үнэ, хамгийн гол нь Хятадын эдийн засгийн өсөлт саармагжиж байгаа зэрэг нь МУ-н хувьд эрсдлийг бий болгож байна. Эл байдал нь санхүүгийн болон худалдааны сувгаар дамжин өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, Хятадын ашигт малтмалын экспортын эрэлт хэрэгцээнд нөлөөлнө. 4-р сард экспортын хэмжээ буурсан нь энэ байдлыг бататгаж байна. Санхүүгийн нөлөөнд өртөж болох анхаарахгүй байж болохгүй өөр нэг суваг бол өнгөрсөн жилээс эхлэн хэт халалтын шинж тэмдэгтэй байгаа банкны салбар юм. Эдийн засгийн өсөлт огцом буурах эсвэл макро эдийн засгийн тогтворгүй байдал гүнзгийрэх нөхцөлд банкуудын хөрвөх чадвар болон хөрөнгийн чанарын хувьд эмзэг байдалд оруулах магадлал өндөр.

Энэ бүх болзошгүй эрсдлийг тооцоолон, бодлого боловсруулагчид макро эдийн засгийн хувьд болгоомжтой байр суурь баримтлах хэрэгтэй байна. Энэ нь банкны систем дэх эмзэг байдлыг хязгаарлах, засгийн газрын зардлыг жолоодлоготой болгох, төсвийн гадуурхи санхүүжилтийг багасгах болон МУХБ-ны зээлийг ТТБ-ын тухай хуулийн хүрээнд олгох явдал юм. Бодлогын ийм зохицуулалт хийснээр, дотоодын тэнцлүүдийг тогтворжуулах, түүнчлэн бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн эрсдлийг даван туулах нөхцөл бүрэлдэнэ. Ингэснээр хөрөнгийг аль болох үр ашигтай зарцуулан, дэд бүтэц болон ажиллах хүчний чадавхийг бэхжүүлхэд чиглүүлэн ашигт малтмалын баялагаас ард түмний хүртэх хэмжээг аль болох нэмэгдүүлэх юм.


Api
Api

Welcome