Гэрэлчимэг бүсгүй бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын жирийн оршин суугчдын нэг. "Гэр” нь нүүдэлчин монголчуудын уламжлалт сууц юм. Хахир хатуу өвөл мал сүргээ алдаж, хотоо харлуулсан эсвэл амьжиргаагаа дээшлүүлж илүү таатай ажлын байрны боломжийг эрэлхийлсэн хөдөөгийн малчид хотод нүүн ирж, хотын захад суурьшсаар байгаа ба тэнд цэвэр, бохир усны систем гэх мэт наад захын суурь бүтэц байдаггүй.
Үүнээс ч хэцүү нь Гэрэлчимэг шиг гэр хорооллын оршин суугчид хотын агаар мандалд хахсан өтгөн хар, хортой утаагаар амьсгалсаар байна - эрдэмтдийн “тоосонцор” (PM) хэмээн нэрлэдэг хорон тоос хүмүүсийн уушгиар шүүгдэж, тэндээ хуримтлагдан үлдэнэ. Харин 2.5 микроноос жижиг ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замын маш хүнд өвчлөлийн эх үүсвэр болдог.
Дэлхийн Банкнаас саяхан нийтлэгдсэн тайлан-д Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаарх судалгааны дүнг танилцуулсан аж. Судалгааны хүрээнд Улаанбаатарын гэр хорооллын агаарын бохирдлыг анх удаа жилийн туршид тогтмол хэмжилт хийсэн байна. Хотын оршин суугчдын хувьд PM2.5 тоосонцорт өртөж буй тооцоолсон хэмжээ жилийн дунджаар үзэхэд Монгол Улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их байв.
Улаанбаатарын агаарын бохирдол олон эх үүсвэртэй – хөрсний эвдрэл, хучилтгүй шороон зам, ухаж сэндийлгэсэн газраас босох тоос, ногоон байгууламж хангалтгүй байдал, нүүрс шатаадаг зуух, цахилгаан станц, уурын зуухнаас үнс, хөө тотгор, утаа ах, тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт хий хаях гэх мэт... Ялангуяа Улаанбаатарын агаар өвлийн хүйтэн улиралд гэр хорооллын 175 мянган айл өрх хоол ундаа хийх, орон гэрээ дулаацуулахын тулд түлээ, нүүрс их хэмжээгээр түлдгээс голлон бохирдож байгаа юм – зуны цагт хотын агаар өвлийнхөөс харьцангуй цэвэр байдаг аж.
"Өнөөдөр хотын хүүхэд багачууд агаарын бохирдлоос үүдэлтэй, урьд өмнө үзэгдэж байгаагүй олон янзын өвчнөөр өвчилдөг боллоо.Эх хүний хувьд би үр хүүхдийнхээ, мөн хөршүүдийн дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар маш их санаа зовнидог," хэмээн гэр хорооллын оршин суугч Гэрэлчимэг өгүүлнэ, "Би хүүхдүүдээ зөвхөн гэр хороололд амьдарсныхаа төлөө өвчин тусахыг хүсэхгүй байна."
Хүмүүс улс орны эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэх гэж хот руу шилжин суурьшиж байгааг нь буруутгахын аргагүй ч энэ нь хотын орчны асуудлыг улам хүндрүүлсээр байна.
Мянганы сорилтын сан (МСС), Азийн хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, мөн түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)/Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Нидерланд, Франц, Солонгосын Засгийн газруудаас санхүүждэг хандивлагч сангууд болон Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран боломжит шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна.
Авах арга хэмжээ
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны тусламжтайгаар хандивлагч байгууллагуудаас нийт 45 сая ам. долларын дэмжлэг туслалцаа авахаар болоод байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлэх Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл-д зориулан Дэлхийн банкнаас 15 сая ам.долларын зээл нэмж олгохоор болсон.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг судалгаа харуулсан. Монгол Улсын Цэвэр агаарын үндэсний стандартын шаардлагыг хангахын тулд гэр хорооллын яндан, хөрсний тоосжилт, уурын зуухнаас агаарт цацагдах бохирдлыг 94 хүртэл хувиар бууруулах шаардлагатай юм. Ингэхдээ зарим нэгэн тодорхой ажлыг хийснээр бодитой үр дүнд хүрэх боломжтой, тухайлбал гэр хорооллоос ялгарах тоосонцорын хэмжээг 80 хувиар бууруулж чадвал PM2.5 болон PM10 (энэ нь хүний хоолой, амьсгалын замын дээд хэсэгт торж үлддэг арай том ширхэгтэй тоосонцор) тоосонцорын жилийн дундаж агууламжийг дөрөвний нэг хүртэл хувиар багасгаж болно.
Иймээс, Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл-ийн хүрээнд ойрын хугацаанд хийх ажил нь гэр хорооллын айл өрхийн ашиглаж буй зуух болон нам даралтат уурын зуухыг эрчим хүчний хэмнэлттэй, хаягдал багатай зуухаар солих арга хэмжээ юм. Төслийн хүрээнд хотын хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст шинэ зуух авах зардлын тодорхой хувийг татаасаар санхүүжүүлэх бөгөөд энэ нь АНУ-ын Мянганы сорилтын сангаас өргөн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үргэлжлэл болж байгаа аж.
"Агаарын бохирдлыг бууруулах шидэт шийдэл гэж байхгүй," хэмээн Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд Дэлхийн банкнаас үзүүлж буй дэмжлэг туслалцааг зохион байгуулж буй багийн ахлагч эрчим хүчний ахлах мэргэжилтэн Гайлиус Драугелис ярьж байна. “Маш өргөн хүрээний арга хэмжээг дэмжих зорилгоор их хэмжээний хөрөнгийг дотоод, гадаадаас босгоод байна. Энэ ажилд ард иргэд, үндэсний хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг мөн ихээхэн чухал байгаа юм."
"Зарим шийдлийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын иргэд шинэ технологи ашиглаж сурах шаардлага гарах бөгөөд тэдгээрийг нийлүүлэх, засвар үйлчилгээг нь хийхэд дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо хэрэгтэй болно” хэмээн тэрээр нэмж тэмдэглэсэн юм.
"Түүнчлэн, сүүлийн хэдэн жилийн хугацаанд бий болгосон ажлын эрч хүч, сонирхолыг одоогийн энэ үе шатанд хадгалах нь туйлын чухал юм," хэмээв.