Skip to Main Navigation
publication 2018.3.27

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БАТАЛГААГҮЙ БАЙДЛЫН ДҮР ЗУРАГ: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаа


Тайлангийн Гол үр дүн

  • Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн ихэнх улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад жендэрийн тэгш бус байдал харьцангуй бага байдаг.
  • Гэсэн хэдий ч олон монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцлүүдийг нь хязгаарласан жендэрийн тэгш бус байдалтай тулгарсаар байна.
  • Дэлхийн Банкнаас хийсэн шинэ судалгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдалд нөлөөлж буй шалтгааныг судлахын зэрэгцээ тэдгээрийг шийдэх бодлогын зөвлөмжүүдийг багтаажээ.
  • Нийгмийн янз бүрийн давхаргын гишүүдтэй намтарын судалгааны ярилцлагууд болон фокус бүлгийн хэлэлцүүлэг хийж, түүнчлэн орон нутгийн хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллагуудын мэргэжилтэн шинжээчидтэй ярилцлага хийх зэрэг аргуудыг голчлон ашигласан энэхүү судалгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаар хийгдсэн анхны нарийвчилсан чанарын судалгаа болжээ.  

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр жендэрийн тэгш бус байдал хаана нь оршиж байна вэ?

  • Монгол эмэгтэйчүүд боловсролын түвшингөөрөө эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр байдаг.  Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд өөрсдийн олж авсан боловсролыг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд идэвхитэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна.
  • Монгол Улсад ажиллах хүчний оролцооны түвшин эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад эрэгтэйчүүдийнх өндөр байсаар ирсэн. 1996-2015 оны хооронд ажиллах хүчний оролцооны жендэрийн ялгаа 4.8 хувь нэгжээс өссөөр 12.6 хувь нэгж хүртэл нэмэгджээ.
  • Үүнээс гадна, ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ ажил эрхэлж буй эрэгтэйчүүдийнхээс үргэлж доогуур байсаар ирсэн. 2015 онд цалин хөлсний жендэрийн харьцангуй ялгаа 12.5 хувьтай байв.
  • Нийтлэг эрхэлдэг ажил хөдөлмөр ч хүйсээр ялгаатай байна. Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй өрх гэрийн ажлуудыг хийж байна.
  • Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байгаагаас гадна эдийн засгийн өөр өөр салбаруудад ажиллаж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувь ч мөн ялгаатай байна.

Жендерийн тэгш бус байдал оршсоор байгаа шалтгаанууд нь юу вэ?

  • Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын үндсэн шалтгаанууд нь гэрлэлт, гэр орны ажил болон бусдыг асран халамжлах, мөн ажил мэргэжлийн сонголт, ажил эрхлэхтэй холбоотой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн талаарх нийгэмд тогтсон ойлголт, хэм хэмжээ зэрэгтэй холбоотой байна.
  • Эмэгтэйчүүд насанд хүрсэн амьдралынхаа ихэнхийг нь хань нөхрөө дэмжих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд зарцуулах ёстой гэсэн нийгмийн хүлээлт байдаг.
  • Хэдийгээр зарим эмэгтэйчүүд дээрх үүргээ биелүүлэхийн хажуугаар ажил мэргэжлээ амжилттай эрхэлж байгаа боловч хүүхэд асрах үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаа нь ажил эрхлэхэд саад болдог гэж ихэнх эмэгтэйчүүд үзэж байв.
  • Ажлын цаг хангалттай уян хатан биш байдгаас хөдөлмөрийн зах зээлд оролцоход хүндрэлтэй байдаг гэж үзэх эмэгтэйчүүд олон байна. Энэ нь мөн эмэгтэй ажилчдад  тулгардаг эл асуудлыг ажил олгогчдын зүгээс үл хайхарч буйн нэг илрэл гэж ярилцлагад оролцогчид үзэж байлаа.
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай үйлчлэх зарим хууль эрх зүйн зохицуулалт нь жендерийн уламжлалт үүргийг хүлээн зөвшөөрөх үндсийг бий болгож байна.
  • Хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамрагдаж буй хүмүүст зориулсан хүүхэд харах үйлчилгээ зэрэг жендэрт суурилсан хүндрэлтэй асуудлуудад чиглэсэн төрийн үйлчилгээ, бодлого дутагдаж байна.

Монгол Улс эдгээр бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ?  

  • Монгол Улсын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, ажилд авахад хүйсээр  ялгаварлан гадуурхах байдлыг хориглох хуулийн шаардлагыг тодотгох,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ялгаварлан гадуурхалтын эсрэг бусад бодлогын хэрэгжилтийг хангах. Хэрэгжилтийг хангахын тулд жендэрийн тусгайлсан шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан хяналт үнэлгээг сайжруулах.
  • Хөдөлмөрийн зах зээлийн зуучлалын үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээг үйлчлүүлэгч-төвтэй болгож бэхжүүлэх. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогуудыг ерөнхийд нь дэмжиж, эдгээр бодлогоор дамжуулан жендэрийн онцлогтой  бэрхшээлүүдийг шийдвэрлэх чадварыг сайжруулах.
  • Эмэгтэйчүүдэд бичил бизнес эрхлэх боломжийг бүрэн ашиглахад нь туслах зорилгоор тэдний эзэмшдэг, эрхлэн явуулдаг бичил бизнесүүдэд санхүүгийн болон сургалтын дэмжлэг үзүүлэх зэргээр бичил бизнесийн дэмжлэгийг өргөжүүлэх.
  • Илүү олон эмэгтэйчүүдэд хөдөлмөрийн зах зээлд тасралтгүй, үр бүтээлтэй оролцох оролцоог хангах зорилгоор ахмад настны, ялангуяа хүүхэд асрах үйлчилгээний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг ялангуяа тусламж үйлчилгээ хамгийн бага хүртдэг хөдөө орон нутагт өргөжүүлэх.
  • Ажил олгогчид, хүний нөөцийн менежерүүдэд хүний нөөцийн хөгжлийн стратегиуд, жендэрийн мэдрэмжтэй, насны ялгаатай ажил төлөвлөлтийн орчин үеийн стратегийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх кампанит ажил, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах замаар ажил олгогчид болон нийт хүн амын дундах жендэрийн хэм хэмжээ, хандлагад нөлөөлөх.