Skip to Main Navigation
publication 2020.2.14

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Эдийн засгийн тогтвортой байдал, банкны зээлийн өсөлт

Image

Эдийн засгийн сүүлийн үеийн гүйцэтгэл, дунд хугацааны төлөвийн талаар хийсэн товч шинжилгээг энэ удаагийн Монголын эдийн засгийн тоймоор товчлон хүргэж хүргэж байна.

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдийн өндөр түвшнөөс бага зэрэг саарахаар байгаа ч дунд хугацааны төлөв өөдрөг хэвээр байна. 2016 оноос төсвийн гүйцэтгэлд эерэг өөрчлөлтүүд гарч, макро эдийн засгийн бодлогын уялдаа сайжирч, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсаны зэрэгцээ хувийн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэнээс шалтгаалан эдийн засаг хурдтай сэргэлээ. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь байв. Гэвч түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд алгуур буурсны зэрэгцээ гол уул уурхайн бүтээгдэхүүний бүтээгдэхүүний чанар нь бага зэрэг буурсны улмаас эдийн засгийн өсөлт саарч, 2019 оны эхний 9 сарын байдлаар 6.3 хувьд хүрлээ. Сүүлийн улиралд эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах төлөвтэй байгаа тул жилийн дүнгээр 2019 онд Монгол Улсын эдийн засаг 5.8 хувиар өсөх хүлээлттэй байна.
  • Дунд хугацаанд өсөлтийн төлөв өөдрөг байгаа бөгөөд 2020-21 онуудад дунджаар 5.6 хувьд хүрэх боломжтой гэж үзэж байна. Хувийн хэрэглээ болон уул уурхай, боловсруулах салбаруудын хөрөнгө оруулалтын өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна. Мөн Засгийн газар (ЗГ)-ын зүгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлаа эрэмбэлж, үр ашгийг нь сайжруулах замаар дунд хугацаанд өрийг бууруулах зорилготой төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж хүлээж байна.
  • Гэвч эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй дотоод, гадаад томоохон эрсдэлүүдийг анхаарах хэрэгтэй.
    • Сонгуулийн жилтэй холбоотойгоор ЗГ-аас хэрэгжүүлж буй эдийн засгийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхгүй тохиолдолд зах зээлийн орчин, гадаад хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
    • БНХАУ болон АНУ хоорондын сүүлд тохирсон зөвшилцөл, тэр дундаа БНХАУ эрчим хүчний салбартай холбоотой авах АНУ-аас авдаг импортоо нэмэгдүүлэх нөхцөлтэй тулгараад байгаа нь Монгол Улсын эдийн засгийн төлөвт эрсдэл үүсгэж болзошгүй юм.
    • Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас өндөр хамааралтай байгаа өнөөгийн орчинд шинэ төрлийн коронавирусийн халдварыг богино хугацаанд хязгаарлаж чадаагүй тохиолдолд Монгол Улсын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
    • Өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан шиг БНХАУ нь хил дээр тарифын бус экспортын хязгаарлалт хийх эрсдэл.
    • Банкны системийн эмзэг байдал өндөр байгаагийн зэрэгцээ банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг амжилттай хэрэгжүүлэх асуудал чухал юм.
    • Мөн Монгол Улс Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын “саарал жагсаалт”-аас даруй гарах тал дээр анхаарч холбогдох ажлыг эрчимжүүлэх нь чухал байна.

Энэ удаагийн Монголын эдийн засгийн тоймын онцлох хэсэгт Монголын банкны салбарын зээлийн өсөлтийн талаар товч шинжилгээ хийлээ.

  • Өнгөрсөн жилүүдэд зээлийн хэт өндөр өсөлтийн хэд хэдэн мөчлөг тохиожээ. Эдгээрийн хамгийн сүүлийнх нь 2018 он юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улсад зээлийн эрчимтэй өсөлт хэд хэдэн удаа тохиосноос дурдвал 2005-08, 2010-11, 2013-12 онууд юм. Тухайлбал, 2018 онд банкаас олгосон нийт зээл нэрлэсэн дүнгээр 26.5 хувь, бодит дүнгээр 15.4 хувиар өсчээ. Эмпирик судалгаагаар дээрх хугацаанд банкны хадгаламж, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнэ зэрэг нь зээлийн өсөлтөд голлон нөлөөлсөн байх талтай байна.
  • Сүүлийн жилүүдэд иргэдийн зээл огцом өссөнөөс өрхүүдийн өрийн дарамт нэмэгджээ. Сүүлийн зээлийн огцом өсөлт нь иргэдийн зээл түүн дотроо орон сууц,  цалин, тэтгэврийн зээл болон хэрэглээний зээлийн өсөлтөөс голлон шалтгаалжээ. Үр дүнд нь өрхийн өр, орлогын харьцаа 2012 онд 39 хувьтай байсан бол 2018 оны эцэст 90 хувийг давж өсчээ.
  • Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт хоорондын харилцан хамаарал өндөр байгаа нь цаашдын зээлийн зохистой өсөлт нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байхыг харуулж байна. Түүхэн хугацаанд зээлийн өсөлтөд голлон нөлөөлөх хүчин зүйлсийг шинжлэхэд, 2005 оны сүүл, 2010 оны эхэн, 2017 онуудад эдийн засгийн өсөлт, сэргэлт нь зээлийн өсөлтийг голлон тэтгэж байсан бол их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2011 оны зээлийн өсөлтийг тодорхойлогч гол хүчин зүйл байжээ. 2013 оноос эхлэлтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт нь зээлийн өсөлтийг мөн тэтгэж байв. Харин сүүлийн жилүүдэд орон сууцнаас бус иргэдийн зээлийн өсөлт нь нийт зээлийн өсөлтийг голлон бүрдүүлсэн байна.

    Энэ удаагийн Монголын эдийн засгийн тойм тайлангийн онцлох сэдвийн хүрээнд дараах дүгнэлтэнд хүрч болохоор байна. Үүнд:
    • Зээл хэт хурдтай тэлж, өндөр хэлбэлзэж байна.
    • Зээлийн бодлого нь мөчлөг дагасан шинжтэй байна.
    • Өрхийн болон ААН-үүдийн өр нэлээд нэмэгдсэн.
    • Банкны эх үүсвэр болон зээлийн багцын аль аль нь төвлөрөл өндөртэй байна.
    • Зээлийн эрсдэлийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна.
    • Уламжлалт бус зээлийн бодлогыг нэлээдгүй хэрэгжүүлсэн байдал ажиглагдаж байна.
    • Төсвийн давамгай байдал мөн ажиглагдлаа.
    • Зээлийн салбаруудаарх бүтэц нь эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлтэй уялдаа сул байна.

Гол бодлогын чиглэлүүд:

  • Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг эрэмбэлж, үр ашгийг нь сайжруулах замаар төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлэн төсвийн орон зайгаа улам бэхжүүлэх.
  • Болзошгүй сөрөг шокын эсрэг гадаадын валютын нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэх.
  • Банкуудын дахин хөрөнгөжүүлэлтийг амжилттай хэрэгжүүлж, банкны хяналт, шалгалтыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх.
  • Зээлийн тогтвортой бөгөөд зохистой өсөлтийг бий болгоход макро зохистой бодлогоо үргэлжлүүлэх.