2020 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд (ӨНЭЗС) үндэслэн Үндэсний статистикийн хороо ба Дэлхийн Банк хамтран гаргаж буй тайланд эдийн засаг тогтворгүй байсан 2010-2020 онууд дахь Монгол Улсын ядуурал, тэгш бус байдлын дүн шинжилгээг хийсэн болно. Мөн цар тахлын эхний жилд КОВИД-19-ын өрхөд үзүүлсэн үр нөлөөг судалсан болно.
Монгол Улсад 2010-2014 оны хооронд ядуурлыг бууруулах чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан боловч 2016 оны эдийн засгийн хямралаас улбаалан ядуурал буурах хурд удааширсан байна. Эдийн засгийн эрчимтэй, хүртээмжтэй өсөлтийн үе болох 2010-2014 онуудад ядуурал 17 нэгж хувиар буурч, 38.8%-аас 21.6% болов. Гэсэн хэдий ч, 2016 оны эдийн засгийн уналт болон 2020 онд дэгдсэн КОВИД-19 цар тахлын улмаас тус арван жилийн сүүлийн хагаст хэрэглээний өсөлт буурч, хүртээмж тэгш бус болж, чинээлэг өрхүүдэд илүү таатай нөхцөл бүрдэж эхэлсэн байна. Үүний үр дүнд 2016-2020 оны хооронд ядуурал маш багаар буюу 29.6%-иас 27.8% болж буурчээ.
Хэрэглээний өсөлт буурсан хэдий ч 2016-2020 онуудад өрхийн бодит орлого хурдацтай өссөн байна. Голчлон цалин хөлс, нийгмийн халамж, мал аж ахуйн орлогын өсөлтөөс хамаарч нэг хүнд ногдох өрхийн бодит орлого 2016-2020 онд дунджаар 23%-иар өссөний дотор ядуу өрхүүдэд илүү их өсөлт ажиглагджээ. Судалгаанаас харахад хэрэглээ нь орлоготой ижил хурдацтай өссөн бол ядуурал 2016-2020 оны хооронд 9 нэгж хувиар нэмж буурах байв.
Орлого ба хэрэглээний хоорондох зөрүү болон үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсад ядуурал буурах хурд удааширсныг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болохоор байна. Нэгдүгээрт, эдийн засгийн тогтворгүй бөгөөд тодорхойгүй байдал, цар тахлын үеэр үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжгүй байсны улмаас ялангуяа КОВИД-19 цар тахлын үеэр өрхүүд урьдчилсан сэргийлэх зорилгоор хадгаламж хийх явдал нэмэгдсэн байж болно. Хоёрдугаарт, ӨНЭЗС-ны хэмжилтийн алдаанууд өрхийн хэрэглээг багаар тооцсон байх магадлалтай. 2020 оны хэрэглээг тооцоолохдоо статистикийн өөр аргачлалуудыг ашигласан нь мөн орлого, хэрэглээний зөрүүнд нөлөөлж, ялангуяа халамжийн хуваарилалтанд нөлөөлсөн байж болзошгүй. Гуравдугаарт, нийгмийн халамжид их хэмжээний мөнгө зарцуулсан ч зорилтот байдал үр ашиггүй байсан тул ядуурлыг бууруулахад маш бага нөлөө үзүүлжээ. 2020 онд хамгийн ядуу 40 хувьд багтсан өрхүүдийн 20 хувь нь хүүхдийн мөнгөний тэтгэмжийг аваагүй бол амьжиргаа сайтай 60 хувьд багтсан өрхүүдийн бараг тал хувь нь хүүхдийн мөнгө авсан байна.
Цар тахлын эхний жил Монгол өрхүүдийн амьжиргаанд хүчтэй нөлөөлөөгүй боловч 2021 онд нөлөө нь ихсэхээр байна. ӨНЭЗС нь 2020 онд хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогод үзүүлэх нөлөө харьцангуй бага байсныг илтгэж байна. Гэвч, улс орны эрүүл мэндийн хямрал хурцдаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны дөрөвдүгээр улиралд бий болсон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн орлого, хүнсний хангамжийн бууралтаас үүдэн 2021 онд сөрөг нөлөө улам их байхаар байна. 2021 он болон түүнээс хойшхи хугацаанд цар тахлын нөлөөний тухай судалгаа хийх нь цар тахлын ид үе ядуу, эмзэг бүлгийнхэнд хэрхэн нөлөөлсөн, мөн сүүлийн үеийн хүнсний болон эрчим хүчний үнийн өсөлт зэрэг эдийн засгийн хямралаас тэд гарч чадсан эсэхийг үнэлэхэд чухал ач холбогдолтой байх юм.